sonin.mn
Барилга, хот байгуулалтын яам Нийтийн аж ахуйн, инженерийн дэд бүтцийг сайжруулах зорилгын хүрээнд бүх аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх барих ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна. 
 
Азийн хөгжлийн банк /АХБ/-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймгийн төвд хоногт 3000 м3 ахуйн бохир усыг цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. 
 
Одоогийн байдлаар Өвөрхангай аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг “Комфорт Импекс” ХХК гүйцэтгэж, 2018 онд ашиглалтад оруулаад байгаа юм. Архангай, Өмнөговь аймгийн төвд цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай явагдаж байгаа бол Дорноговь аймгийн төвд цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг энэ оны гуравдугаар сараас, Булган аймгийн төвд ахуйн бохир усыг цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил,  Хөвсгөл аймгийн төвд цэвэрлэх байгууламжийг шинээр барих барилга угсралтын ажлыг зургадугаар сараас гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг эхлүүллээ. 
Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төсөл”-ийг хүрээнд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг хийж байна_
 
Төслийн хүрээнд цэвэрлэх байгууламжийг шинэчлээд зогсохгүй бохир усны дамжуулах шугам хоолой, тоног төхөөрөмж, насос станц, дулааны шугам шинээр татах зэрэг иж бүрэн шинэчлэл хийгдэх юм. Цэвэрлэх байгууламж нь шинэ, бүтээмж өндөртэй бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй цэвэрлэх процесс болох биофильмт технологийг (идэвхижүүлсэн лаг) ашиглаж эхэлнэ. 
 
Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 2021 он хүртэлх хугацаанд Баян-Өлгий, Говь-Сүмбэр, Дорнод, Завхан, Увс аймгийн төвүүдийн “Бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төсөл хэрэгжинэ. 
 
 
 
Төслийн хүрээнд Бохир ус цэвэрлэх байгууламж шинээр баригдан технологийн шинэчлэлт хийгдэж, бохир ус шинжилгээний иж бүрэн лаборатори ашиглалтад оруулах юм.