sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын чуулга, уулзалт” энэ сарын 20-нд зохион байгуулагдах гэж байна. Тус уулзалтыг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендерийн үндэсний хороо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагууд хариуцан зохион байгуулах бөгөөд БХЯ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ, ТЕГ, ШШҮХ зэрэг байгуулагууд хамтран ажиллах юм.
 
Тус чуулга уулзалтын зорилго нь Монгол Улсын Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад алба хаасан эмэгтэйчүүд, албаа нэр төртэй хааж, ажиллаж хөдөлмөрлөж байгаа нийт мөрдэстэй бүсгүйчүүд, энхийг сахиулагчид, ажилчин, албан хаагчиддаа хүндэтгэл үзүүлж, тус салбаруудад ажиллаж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тэдний төлөөллийн санал, санаачлагыг сонсож, төрийн бодлогод тусган хэрэгжүүлэхэд оршино.
 
1300 хүн оролцож, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг 16 эмэгтэй хүртэх юм. Мөн энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүх, Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа Д.Дамдинцэрэн, Тагнуулын ерөнхий газрын дарга хурандаа Д.Гэрэл, Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ц.Тогоо нар оролцоно.