sonin.mn

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд үг хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Иссык-Куль нуурт учирч буй экологийн асуудалд оролцогчдын анхаарлыг хандууллаа. Түүний хэлснээр, сүүлийн 170 жилийн хугацаанд нуурын усны түвшин бараг 14 см-ээр доошилсон бол сүүлийн таван жилийн хугацаанд жил бүр 7 см-ээр доошилж байна. Нуурт цутгаж байсан 101 голоос өнөөдөр ердөө 30 нь жилийн туршид урсаж байгаа ажээ. Иссык-Куль нуурын усны гол эх үүсвэр бол Тян-Шаны мөсөн голууд юм. Сүүлийн 70 жилийн хугацаанд уулын мөсөн голуудын 30 гаруй хувь хайлсан бөгөөд энэхүү өөрчлөлтийн 20 орчим хувь сүүлийн 7-10 жилд явагдсан байна.


Киргизийн Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлтийн хамрах хүрээ, хурд нь уулархаг бүсэд оршдог нэг улсын сөрөн зогсох чадамжаас давж байгаа тул олон улсын нэгдмэл үйл ажиллагаа явуулахыг шаардлагатай болсныг онцлон тэмдэглэлээ.


“Энэхүү экологийн асуудлын цар хүрээг төсөөлөхийн тулд Арал тэнгис, Чад нуурын хувь заяаг эргэн санахад л хангалттай” гэж Киргизийн төрийн тэргүүн хэлэв. Тэрбээр НҮБ, олон улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагч орнуудад хандан, НҮБ-ын ивээл дор Иссык-Куль нуурыг хамгаалах зорилго бүхий тусгай хамтын итгэлцлийн санг байгуулахыг уриаллаа. Мөн Киргиз улсын төсвөөс уг санд 10 сая доллар оруулахад бэлэн байгааг мэдэгдэв.  

Ташрамд дурдахад, Киргиз улс 2026 оны зургаадугаар сарын 3-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2027-2028 оны хугацаанд сонгогджээ. 


Б.Адъяахүү