sonin.mn

Иргэн н.Сайнбаяр нь УИХ-ын зарим гишүүд, ирцээ бүрдүүлэхгүй чуулганы хуралдаанд суухгүй байгаа нь Монгол улсаас урваж, өргөсөн тангаргаасаа няцсан үйлдэл гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргалаа.


Тэрээр энэ тухайгаа: "УИХ-ын гишүүд 23,1-ээр тангараг өргөж, хувь хүн биш ард түмний элч болчихоод хуралдаа суухгүй байгаа юм. УИХ-ын гишүүн хуралдаа суухгүй байж болох 4 тохиолдол байна. Өвчтэй хүн асрах, өвчтэй, томилолтой, чөлөөтэй үед хуралд суухгүй. Гэтэл УИХ-ын гишүүд ээж аавдаа гомдож байгаа хүүхэд шиг тэрнээс уучлалт гуйвал суух гээд байна, би суухгүй гэх мэт дур зоргийн шинжтэй үйлдэл гаргаад байгаа юм. Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзвэл гишүүнийг эргүүлэн татах үндэслэл болдог. Уг асуудлыг би хуулийн гаргалгаатай нь Үндсэн хуулийн цэцэд өгөөд, Үндсэн хуулиар дүгнэлт гаргуулах гэж байгаа юм. Ямар дүгнэлт гэхээр энэ гишүүд үнэхээр шалтгаантай суухгүй байна уу, эсвэл шалтгаан байна уу? Шалтгаанаа тайлбарлачих.


Шалтгаантай гишүүдийг Үндсэн хууль цэц дуудаад тайлбар авах эрхтэй байгаа юм. УИХ-ын дэгийн тухай хууль дээр Үндсэн хуулийн эсрэг болон Эх орны олон нийтийн эрх ашгийн асуудал хэлэлцэхээс бусад тохиолдолд чуулганыг орхиж гарах, чуулганд суухгүй байхыг хориглосон байгаа юм. Ард түмнээс мандат авсан гишүүд хуралдаа заавал суух ёстой. Суух үүрэгтэй.


Гэтэл бүрэн эрх байна гээд байдаг, эрхээ ярьж байгаа бол үүргээ биелүүлэх хэрэгтэй. Жишээ авья л даа. Хилийн цэрэг дээр буу үүрээд явж байгаа цэрэг байна гэж бодоё. Тэр хүн эх орноо хамгаалах үүрэгтэй байж би өнөөдөр ядраад байна гээд буугаа хаяаад унтаад, тэрүүгээр нь хил зөрчигч ороод ирвэл тэр хүн хариуцлага хүлээнэ биз дээ. Үүнтэй утга нэг. Эмч дээр нэг өвчтэй хүн хагалгаа хийлгэх гээд ирэхэд нь би хагалгаа хийхгүй ээ, явлаа гээд яваад өгвөл хүний амь нас эрсдэнэ биздээ. Эмч хэрэгт орно. Хууль тэгш үйлчилье, ард түмэндээ тэгш үйлчилье гэдэг зарчим яриад байгаа юм. Үндсэн хууль энэ маргааныг шийдэж өгөөсэй л гэж хүсэж байгаа юм.


УИХ-ын гишүүд 4 тохиолдолд суухгүй байх боломжтой гэж ярьж байна шүү дээ. Бусад тохиолдолд суухгүй бол ямар арга хэмжээ авах ёстой юм бол?


Тэр талаар надад мэдээлэл байхгүй. Бүх хуулиараа үүрэгтэй л гэсэн байгаа юм. УИХ-ын дэгийн тухай хуулиараа тангараг өргөдөг биздээ? Нийтийн эрх ашгийн чөлөө, улс эх орны төлөө ажиллана гэж. Тэгээд УИХ-ын чуулгандаа суухгүй бол тангарагаасаа няцаж байгаа хэлбэр. Тангаргаасаа няцаад эх орноосоо урваж байна гэсэн үг.


Энэ зүгээр л сандал суудлын асуудал биш. Улсын төсвөө баталж чадахгүй бол төрийн албан хаагчид ажилгүй, цалингүй болно. Улс орны ажил зогсоно шүү дээ.


Улсынхаа төлөө ажиллачих л даа. Аль нам нь хамаагүй шүү дээ. Өнөөдөр нам улс төр гэж талцаж байхын оронд чуулгандаа суугаад асуудлаа хэлэлцээд явья л даа. Түүнээс аль нэг гишүүн гэж нэр цохмооргүй байна. Ерөнхийдөө УИХ-ын чуулгандаа шалтгаангүй суухгүй байгаа бүх гишүүдийг хамруулаад Үндсэн хуулийн цэцэд өгөж байгаа юм. 

 

Гомдол дээрээ хэдий хугацааны дараа хариу ирүүлнэ үү гэсэн шаардлага байгаа юу?


Шаардлага биш өргөдөл өгч байгаа. Үндсэн хуулийн маргаан шийдвэрлэх хуулиараа 14 хоногийн дотор маргаан үүсэх, эс үүсэх нь шийдэгдэнэ. Түүний дараа би сэтгүүлчдэд энэ процессын талаар тайлбар өгөөд явна." гэлээ.


У.Анударь