sonin.mn

Хүний эрхэм дээд зорилго гэж юу юм бэ, гэгээрэлд хүрнэ гэж юу юм бэ гэсэн асуултад хүмүүс янз бүрийн хариу хэлдэг. Зарим хүмүүс маш их мөнгөтэй болж хамгийн баян хүн болно гэдэг, зарим нь албан тушаал ахиж дарга, сайд болно гэдэг, зарим нь алдартай жүжигчин, дуучин, тамирчин болно гэдэг. Зарим хүмүүс эрдмийн зэрэг хамгаалж доктор цол авснаа гэгээрэлд хүрлээ хэмээн эндүүрдэг. Энэ бол яах вэ, ахуй ертөнцийн л зорилго юм. Эдгээр зорилгодоо хүн хүрлээ гэхэд эцэстээ энэ бүхнээсээ салж ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг. Тэгэхээр зөв зорилго гэж юу вэ гэсэн асуултад зөв хариу өгөх хэрэгтэй. Зөв зорилго бол хүн нисваанисийг дарж гэгээрэлд хүрэх юм.

 

Нэг. Нисваанис

 

Зарим хүмүүс нисваанис гэж юу юм бэ, юун дэмий юм яриад байна вэ хэмээн дургүйцдэг. Хүмүүсийн дайсан бол гадаад дайсан биш, хэн нэгэн хүн биш юм. Чамайг гомдоосон, доромжилсон, хараасан, зүхсэн хүн дайсан биш юм. Бидний дайсан бол бидний дотоод сэтгэлд бугшсан нисваанис юм. Нисваанисийг нүгэлтэй хольж хутгаж ойлгох нь буруу. Нүгэл гэж цээрлэх ёстой тодорхой муу үйлийг шууд заасан байдаг.


Арван хар нүгэл: Биеэр үйлдэх гурван нүгэл:


Амьтны амь таслах,

Хулгай хийх (эс өгснийг авах),

Ариун бус явдал /садар самуун явдал/.


Хэлээр үйлдэх дөрвөн нүгэл:


  1. Худал ярих,
  2. Хов өгүүлэх,
  3. Ширүүн үг өгүүлэх,
  4. Дэмий чалчих.


Сэтгэлээр үйлдэх гурван нүгэл:


  1. Шуналт сэтгэл,
  2. Хорон сэтгэл,
  3. Буруу үзэл хэмээн тодорхой заасан байдаг.


Харин нисваанис бол зовлонгийн шалтгааны тухай өргөн ойлголт юм.

 

“Нисваанис” гэдэг нь “Зовлонгийн уг шалтгаан, орчлонгийн үйлийн үрийн хүлээс” хэмээх утгатай санскрит үг юм. Буддын сургаалд “Нисваанис гэж хүнийг зовлонд унагаж, сэтгэлийн тайван байдал болон өөрийгөө хянах хяналтыг алдагдуулдаг сөрөг сэтгэл хөдлөл буюу буруу бодлыг хэлнэ. Нисваанис хүний сэтгэлд оршиж байгаа цагт хүн дахин дахин муу үйл үйлдэн хурааж, дахин дахин төрөл авч, дахин дахин үхэж, орчлонгийн зовлонгийн хүрдэнд эргэлддэг” хэмээн үздэг. Будда “Шунал, уур, мунхаглал гэсэн гурван үндсэн нисваанис дээр суурилсан сэтгэлийн 84 000 нисваанисийг танин барьж дарах хэрэгтэй” хэмээн айлдсан байдаг. Үүн дотор нисваанисийн 20 гишүүн нөхөр сэтгэлүүд гэж байдаг.


Үүнд: уурлах, хонзогнох, нуун далдлах, ундууцах, атаархах, харамлах, залиллах, баширлах, бардамнах, хөнөөх, ичгүүргүй байх, үл хайхрах, будангуйрах, догшрох, үл сүсэглэх, залхуурах, сонжуургүй байх, умартах, мэдсээр бус байх, алгасрах ордог юм.

 

Хүн сэтгэлд нь шунал, уур, хорсол, атаархал төрөнгүүт нь танин илрүүлж дарах хэрэгтэй. Эс тэгвээс нисваанис улам ихсэж, сүүлдээ дийлдэхээ больдог. Нисваанисийн ил тод хэлбэрийг илрүүлэхэд хялбар ч гэсэн далд хэлбэрүүдийг илрүүлэх нь хэцүү байдаг. Нисваанисийг дарж эрхэндээ оруулах арга олон байдаг ч нэг арга их чухал юм. Энэ хамгийн шилдэг чухал арга бол нисваанисийг зүгээр л ажиглах арга юм. Нисваанисийг шууд дарж чадахгүй бол ажиглаад байх хэрэгтэй. Нисваанис төрөнгүүт үйлдэл хийж болохгүй. Ажиглаад л бай. Дүрэлзсэн уур хилэн, шунал, атаархал, омог хэрхэн үүсэж, хаашаа хэрхэн яваад байгааг ажигла. Хэсэг хормын дараа чиний сэтгэлд үүссэн тэрхүү нисваанис үүл замхрах адил сарниж алга болдог. Хэрэв нисваанис олон өдөр, олон сар, жилээр үргэлжлээд алга болохгүй байвал хэцүү юм болно шүү. Тэгэхээр нисваанис сэтгэлд үүсэж, арилан алга болох нь далайн давалгаа хураагдаж дээш оргилж байгаад доошилж, буцаад далайдаа шингэн орж байгаатай адил юм. Нисваанист баригдсан хүн өөрийгөө хянах чадвараа алдсан байдаг. Ууртай хүн бусдыг зодож гэмтээгээд эсхүл гэр орныхоо эд хогшлыг эвдээд дараа нь би юу хийчих вэ хэмээн гайхдаг. Уураа барьж дийлээгүй хүн, шуналаа барьж дийлээгүй хүн заавал буруу зүйл хийж, бусдыг хохироосон байдаг.


Ард түмэн “Уул морийг зовооно, уур хүнийг зовооно” гэж ярьдаг нь бас учиртай. Уурыг дарах бас нэг арга байна. Хүмүүс бурууг бусдад тохох дуртай байдаг. Энэ хүнээс боллоо, тэр хүнээс боллоо, төр засгаас боллоо, тэр намаас боллоо, энэ намаас боллоо, орос, хятадаас боллоо хэмээн дургүйцэж уурладаг.

 

Тэгэхээр лам багш нарын “Хамаг бурууг цорын ганц шалтгаан болох өөрийгөө эрхэмлэх сэтгэлд тохоод хамаг амьтны сайхан сэтгэлийг санан дурд” гэсэн сургаалыг мэдэх хэрэгтэй. Бүх муу зүйл өөрийгөө эрхэмлэх “би” гэсэн буруу үзлээс болж гардгийг мэдэх хэрэгтэй. Нисваанисийг дарах бас нэг арга байна. Чамайг доромжилсон, чамайг хулхидсан, чамайг хууль бусаар ажлаас халсан, чамайг хохироосон хүнтэй таарахад уур хорсол дүрсхийгээд явчихдаг. Тэгэхээр яах вэ? Тэр хүнийг багшид хувирган бод гэсэн арга байдаг. Тэр хүнийг хараад энэ хүн миний уур тэвчээрийг шалгаж байгаа багш байна хэмээн бод гэсэн байдаг. Нисваанисийг дарсны дараа та амар амгалан, гэгээрлийн замд саадгүй орно. Өнөөдөр Монголд нисваанисийг дарах бясалгал, сургалт, хичээл хаана үр дүнтэй явагдаж байна вэ? Д.Ширэндэв багшийн удирдан явуулдаг Үлэмж үзэхүйн бясалгал буюу Випашяна бясалгал үр дүнтэй байдаг юм. Учир нь орчин үеийн зав чөлөөгүй хүн амралтаараа арав хоног энэхүү бясалгалд суухад нисваанис дарагдаж, сэтгэл ариусдаг юм. Арав хоног бясалгал хийж сурсан хүн бүх насаараа бясалгаж чаддаг юм.

 

Хоёр. Гэгээрэл

 

Хүний эрхэм дээд зорилго гэж юу вэ? Лам багш нар “Хамаг амьтны төлөөх бүрэн хариуцлагыг өөртөө авах сэтгэлийг эрхэм дээд зорилго гэдэг” хэмээн айлджээ. Энэхүү дээд зорилгод хүрч чадсан хүн бол Будда юм. Төвдөөр Бурхан багшийг Санжэй хэмээн нэрлэдэг. “Сан” гэдэг нь “Бүрэн сэрсэн” гэсэн үг. “Жэй” гэдэг нь “Бүрэн гэгээрсэн” гэсэн үг. Юунаас бүрэн сэрсэн бэ? гэвэл хамаг тотгороос сэрсэн гэсэн үг. Юунд бүрэн гэгээрсэн бэ? гэвэл билиг, асрал, энэрэл хайр, хүч чадал зэрэг хамаг сайн эрдэмд гэгээрсэн гэсэн үг.

 

Хүмүүс боловсрол, гэгээрэл хоёрыг хольж хутгаад буруу ойлгоод байдаг. Хүн их, дээд сургууль төгсөж бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалснаа гэгээрчихлээ хэмээн эндүүрдэг. Гэгээрэл бол ертөнцөөс хэтийдсэн том ойлголт.

 

Будда бол хамгийг гийгүүлэгч нар юм. Наран бөмбөрцөг дэлхий болон сансар огторгуйг адилхан гэрэлтүүлж дулаацуулдаг. Харин хөмөрсөн тогоон дотор нарын гэрэл тусдаггүй. Үүнтэй адил Бурхан багшийн гэгээрлийн сургаалыг сонсоогүй хүн хөмөрсөн тогоо лугаа адил болой. Бурхан багш эрдмээ хүн бүрт адислан юүлж өгч чадахгүй. Учир нь Бурханы эрдмийг хүн сайн лам багш олж, өөрөө хичээж бясалгаж, оюундаа дадуулж байж сурдаг. Иймд хүмүүс хамаг амьтны тусын тулд төгс гэгээрэлд хүрэх чин сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Бусдыг эрхэмлэх сэтгэлийг төрүүлэх, үлэмж их асрал хайр, энэрэл нигүүлсэлийг төрүүлэх нь гэгээрэхүйн сэтгэлийг төрүүлэх аргууд ажээ.

 

Хүмүүс нигүүлсэх сэтгэлийг өрөвдөх сэтгэлтэй хольж хутгаад андуурдаг. Тэгвэл энэ талаар Далай лам:

 

“Энэрэн нигүүлсэх сэтгэлийг зарим хүмүүс өрөвдөх сэтгэлтэй хольж хутгаж ойлгодог. Өрөвдөнө гэдэг арай өөр ойлголт. Нэг ёсондоо хүмүүс өөрөөсөө арай доод зиндааны хүмүүсийг өрөвддөг. Энэ бол жинхэнэ нигүүлсэл биш. Энэрэн нигүүлсэх сэтгэл гэдэг бол бусдыг өөрөөсөө дээгүүр тавьж, тэднийг хүндэлж, бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй байхыг хэлнэ. Бусад хүмүүс чамд ямар ч сайн, муу хандлага гаргаж буйгаас үл хамааран тэднийг чин сэтгэлээсээ хайрлан энэрч байвал тэр жинхэнэ нигүүлсэл юм шүү” хэмээн айлдсан байдаг.

 

Хүмүүс “Өмнөх насандаа би ямар хүн байсан бол? Дараах төрөлдөө би ямар хүн болж төрөх бол?” хэмээн заримдаа боддог. Энэ талаар Бадамжунай гэгээнтэн айлдахдаа: “Урьд ямар байснаа одоох байдлаасаа хар. Хожим ямар явахаа одоох үйлдлээсээ ухаар.

 

Үйлийн үр бол орчлонгийн дотоод хууль. Дотоод хууль учир сэрсэн билгийн мэлмийд л танигдах нарийн зүй тогтол. Сэтгэлийн эерэг үелзлээс эерэг үйлийн үр хөврөл үүсэж, сөрөг үелзлээс сөрөг үйлийн үр хөврөл үүсэж, тэр бүхэн нөхцөл тохиол бүрдсэн үед задран боловсордог гэсэн үг. Тийм учир одоо буй орчин нөхцөл, жаргал зовлон бол таны өмнөх төрөлдөө хийж явсан үйлийн үр дагавар юм. Та хожмын хувь заяагаа яг одоо бие, хэл, сэтгэлээрээ урлан бүтээж байна. Үйлийн үрийг ухаарсан хүн хувь заяаны хариуцлагаа ухаарна. Хариуцлагаа ухаарсан хүн эрх чөлөөгөө ч ухаарна. Амьдрал бол таны уран бүтээл. Тамын орон хийгээд Энхжингийн орон алийг нь ч та урлаж болно” хэмээжээ. Богд лам “Мөрийн гурван эрхэм буюу магад гарахуй сэтгэл, боди сэтгэлийг олж, хоосон чанарыг оно” хэмээн заасан. Тэгэхээр “Бодхичита” гэдэг үг нь “Боди” гэдэг нь Бурханы хутгийн төгс гэгээрэхүй, “Чита” гэдэг нь сэтгэл гэсэн утгатай үг ажээ. Асрал хайр болон энэрэл нигүүлслийн сэтгэл бол гэгээрэхүйн сэтгэлийг улам батжуулдаг ажээ.

 

Богд ламын Мөрийн гурван эрхэмийг бясалгах талаар товч өгүүлье. Энэ бол гэгээрлийн зам мөр юм. Эхлээд Мөрийн гурван эрхэмийн нэгд байдаг Орчлонгоос уйдах сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Ахуй ертөнцөд шунасан хүн шаварт шигдсэн заан мэт хэзээ ч намагнаасаа гарч чаддаггүй.


Хорвоогийн эргэн тойронд үхлийн шалтгаан оршиж байна. Хоол идэж байгаад хахаад үхэж байна, гэмт хэргээс болж үхэж байна, замын ослоос болж үхэж байна, өвчин тусаад үхэж байна, аянганд ниргүүлээд үхэж байна, ууланд авираад унаж үхэж байна, өргөсөнд эсхүл могойд хатгуулаад үхэж байна, идэх нь ихдээд, залхуу нь ихдээд, хөдөлгөөн дутагдаад, хэт таргалаад, архи тамхи хэрэглэх нь ихдээд, стресс нь ихдээд үхэж байна. Бүсгүй хүн төрөхөөс болж үхэж байна. Энд тэндгүй л үхлийн шалтгаан хорвоогоор дүүрэн байна. Иймд үхэл, мөнх бусыг сайтар бясалга. Ертөнцийг огоорох хэрэгтэй. Тэгж байж л номын аньс нээгдэнэ. Паадамба Богд айлдахдаа: “Хүн бүхэн үхдэгийг мэдсээр байж үхэхгүй мэт авирлана. Үхсэн хойно үйлийн үр нэхэхийг мэдсээр байж гэтэлсэн мэт загнана. Муу заяаны зовлон нүдэн дээр нь илт байгаа атал зүрх шимшрэхгүй. Гаднаас жаргал хайгаад нэмэргүйг үзсээр байж горьдлого тасрахгүй. Дотогшоо нэвтэрвэл ашдын амгаланг олохыг сонссоор байж нүүр буруулна. Ганцаар ертөнцөд ирээд, ганцаараа ертөнцөөс буцахыг мэдсээр байж амраг садан хэмээн амь тэмцэн уялдана. Хураасан хөрөнгө мөнгөнөөсөө хумсын чинээг өвөртлөөд явахгүй байж хармын хар санаагаа үхэн үхтэл тавихгүй.


Нэр цол, жаргал зугаа бүгд зүүд болон замхрахыг мэдсээр байж үүний төлөө сүнсээ золин хөөцөлдөнө. Нүдтэй мөртлөө сохор гэж үүнийг л хэлдэг юм. Тэгж мэдэрсэн бол билгийн нүдээ нээж ажигла. Ажиглаад ухаар. Ухаарснаа хэрэгжүүл. Энэ л Бурханы номын мөр юм” гэжээ.

 

Дараагийн эрхэм мөр бол Боди сэтгэлийг олох зам мөр юм. Боди сэтгэлийг олох бясалгал хийхэд урт хугацаа орно. Богд Адишаа боди сэтгэлийн эрдмийг сурах гэж уудам далай тэнгисийг гатлан алс холын оронд суугаа Сэрлинба багшид шавь орж, 12 жил багшаараа боди сэтгэлийг олох эрдмийг заалгаж бясалгаж байж сурсан гэдэг. Энэтхэгийн гэгээнтэн Бодидарма Хятадад 62 настайдаа очиж, нэгэн уулын агуйд 9 жил бясалгаж гэгээрэлд хүрч, алдарт Ушугийн дасгалуудаа нээсэн байдаг. Боди сэтгэл төрөөгүй хүн гэгээрэх болоогүй байна гэсэн үг. Боди сэтгэлээс Бурхан гарна. Боди сэтгэлд тэсдэг нүгэл гэж байхгүй. Боди сэтгэлийн тухай Буддын олон боть ном буй. Хамгийн алдартай судар бол Шантидева гэгээнтний “Бодисадвагийн явдалд орохуй” болон Богд Зонхабагийн “Ламрим” судар юм. Лам багш нар: Боди сэтгэлийг төрүүлэх хоёр эрдэм байна.


Нэгд: Богд Адишаагаас дамжин ирсэн “Уг үрийн долоон увдис”,

хоёрт, Шантидева гэгээнээс дамжин ирсэн “Өөр бусдыг тэгш арилжих увдис” болой хэмээн айлдсан байдаг. Боди сэтгэлийг төрүүлэх уг үрийн долоон увдис буюу Боди сэтгэл нь үлэмж санаанаас, үлэмж санаа нь нигүүлсэхүйгээс, нигүүлсэхүй нь асралаас, асрал нь ачийг нь хариулахаас, ачийг хариулах нь ачийг дурдахаас, ачийг дурдах нь эх дор мэдэхээс тус бүр шалтгаалан төрдөг болой.


Өөр бусдыг тэгш арилжих тухайтад Шантидева гэгээний “Бодисадвагийн явдалд орохуй” сударт: “Алимад нэгэн өөр хийгээд бусдыг түргэн аврахыг хүсвээс өөр хийгээд бусдыг арилж. Ертөнцийн амгалан бүгд бусдын төлөө гэсэн хүслээс гардаг, ертөнцийн зовлон бүгд өөрийн амгалангийн төлөө хүслээс гардаг. Нялхас өөрийн тусыг үйлдэнэ, Бурхан бусдын тусыг үйлдэнэ. Энэ хоёрын ялгааг сайтар мэдэж, өөрийн амгаланг бусдын зовлонгоор арилжиж эс үйлдвээс гэгээрнэ гэж үгүй, орчлонд амгалан гэж үгүй. Өөрийгөө энхрийлэх нь зовлон бүгдийн үүд, бусдыг энхрийлэх нь жаргал бүгдийн үүд” хэмээн зарлигласан ажээ. Бодисадын мөрд суралцаж, бодисадвагийн мөрд орох нь зургаан билиг барамидыг эзэмшихээс шалтгаалдаг ажээ. Энэ нь өглөг, шагшаабад, тэвчээр, хичээл, дияан, билгүүн бөлгөө.


Эдгээр билиг барамидын ач тус нь: “Нэгд, Өглөгөөр ядуу хоосныг арилгана, элдэв эд хөрөнгөнд үл шунана, харамын сэтгэлийг арилгана. Хоёрт, Шагшаабадиар бусдын хорлолыг тэвчиж хөнөөл аюулгүй болно, сэрэмжгүй үйлээс хамгаална, элдэв шунал, алгасралыг боомтлоно. Гуравт, Тэвчээрээр бусад хорлосон ч хариу хор үл хүргэнэ, зовлонг хүлээн авах зориг тэвчээртэй болно. Дөрөвт, Хичээлээр бусдын тусыг үйлдэхэд тохиолдох элдэв бэрхшээл саадыг даван гарна, бэрхшээлд үл шантарна, буяныг улам арвидуулна. Тавд, Дияанаар бүтээлийг олж, бусдын сэтгэлийг татна, бие сэтгэлийг тогтоон барьж чадсанаар зовлон бүгдийн үндэс нисваанисыг арилгана. Зургаад, Билгүүнээр элдэв эргэлзээ төөрөгдлийг үгүй болгоно, юмс үзэгдлийг нарийн нягт шинжилж чадна, мэдэгдэхүүний түйтгэр арилна” хэмээжээ. Дараагийн гурав дахь эрхэм мөр бол Хоосон чанарыг онох юм. Амирлан оршихуй хийгээд Үлэмж үзэхүй хоёрыг хослон бясалгах нь чухал аж. Огторгуй мэт хоосон чанарт сэтгэлээ тэгш агуулан бясалгаснаар “Юмс үнэхээр бүтсэн” гэдэг буруу үзлийг хорих хийгээд юмс үзэгдэл сэтгэлд ургасан ч үнэхээр бүтээгүй, илбэ мэт хоосон үзэгдэл хэмээн бясалгах аж. “Би” гэгч нэр төдий зүйл нь хоосон чанартай. “Бүх юмыг хоосон чанартай” гэсэн хоосон чанарын агаараас бясалгал хийж Нууц тарнийн мөрд орох ёстой аж.

 

Лам хувраг болон сүсэгтэн хүний сүүлчийн буюу таалал төгсөх цагтаа хийх бясалгал бол Боди сэтгэл, Хоосон чанарын тухай байх ёстой ажээ. Лам хувраг болон сүсэгтэн хүн сахилаа алдаж уналд орохоос сэргийлэх хэрэгтэй. Уналд орох дөрвөн үүд байдаг аж.


Энэ нь: Үл мэдэх, Сэрэмж алдах, Үл бишрэх, Нисваанис арвидах эдгээр дөрөв ажээ. Лам хувраг болон сүсэгтэн хүн Багшийг шүтэх ёсноос эхлээд Үлэмж үзэхүй хүртэл мөрийн зэргийг ёсчлон судалж, Нууц тарнийн номонд мэргэшсэн Очирт хөлгөний багшийг шүтэж, тарнийн дөрвөн аймгийн нууц тарнийн номлолыг судалдаг. Бурханы сургаалыг сайн лам багшаар заалгавал судрын ёсыг 12 жил, нууц тарнийн номыг 6 жил судалж эзэмшдэг ажээ.

 

Өнөөдөр Монголд буддын ямар ном судар уншвал гэгээрлийн замд ахиц олох вэ? Жадо римбүүчий, Гавж багш Гантөмөрийн хөрвүүлсэн “Ламрим” судрыг унших нь их чухал шүү. Дуун хөрвүүлэгч П.Бадралын хөрвүүлсэн “Агнистын гэгээ” буюу буддизмын талаар айлдсан Ошо гэгээнтний цуврал номыг унших нь их чухал даа.

 

Ийнхүү лам хувраг болон сүсэгтэн хүмүүс Бурханы номыг бясалгаж оюундаа дадуулсны хүчээр сэтгэл дотроо илбийн биеийг олдог, илбийн биеэр гэрлийн биеийг олдог, энэ хоёр эрдмийг хослон барьж, нууц тарнийн авшгийг Лам багшаас авсны хүчээр Гэгээрлийн хутгийг түргэн олдог ажээ. Хамаг амьтан нисваанисийг дарж, гэгээрлийн хутгийг олох болтугай.

 

Доржийн СҮХБААТАР

2026.09.24