sonin.mn

Берлин хотын захиргаа 2036 оны Олимпын ба Паралимпын тоглолтуудыг зохион байгуулах хүсэлтээсээ татгалзахаар төлөвлөж байна. Энэ тухай DW мэдээлснийг эш татан Kazinform агентлаг дамжууллаа.Германы Олимпын спортын холбооноос /DOSB/ Олимпыг зохион байгуулахаар өрсөлдөх тус улсын хотуудыг тодруулах шийдвэр гаргах бөгөөд үүнээс хэдхэн хоногийн өмнө Берлин хотын удирдлага хүсэлтээ эргүүлэн татах бололтой.

Мэдээллийн rbb компани ба Tagesspiegel сонины мэдээлснээр, хүсэлтээ татах шийдвэрийг Берлин хотын Олимпын асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Каве Нируманд, хотын дарга Кай Вегнер, Спортын асуудал эрхэлсэн сенатч Ирис Шпрангер нар гаргажээ.

Ингэснээр Олимпын хотын төлөөх өрсөлдөөнд Герман улсаас Мюнхен хот ба Кельн/Рейн-Рур бүс нутаг хоёр тунаж үлдэх юм. Эдгээр хоёр нэр дэвшигчийн танилцуулсан Олимпын концепц нь Berlin+төсөлтэй харьцуулахад DOSB-ийн комиссоос илүү өндөр оноо авчээ. Түүнээс гадна, Берлин хотод Олимпыг зохион байгуулах асуудлаар бүх нийтийн санал асуулгыг явуулаагүй байна. Үүний зэрэгцээ тус хотод Олимп явуулахыг эсэргүүцсэн Nolympia хөдөлгөөн эрчээ авчээ. Мөн есдүгээр сарын 20-нд болсон сонгуульд Зүүний нам ялсны дараа Олимпыг хүлээн авах асуудал эргэлзээтэй болж эхлэв. Өмнө нь Хамбург хот нэр дэвшигчдийн сунгаанаас гарсны учир нь, хотын оршин суугчдын 55 хувь нь Олимп зохион байгуулахыг дэмжээгүйтэй холбоотой.

Германаас нэр дэвшигч хотыг тодруулах шийдвэрийг ирэх бямба гарагт Баден-Баден хотод гаргана. Санал асуулгад Олимпын спортын 42 холбоо, DOSB-ийн тэргүүлэгчид ба гишүүд оролцоно.

Ийнхүү тодруулсны дараа Германы тухайн хот Истанбул, Варшав болон Мексик, Индонезийн хотуудтай Олимпыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө. Ингээд гурван жилийн дараа 2036 оны зуны Олимпын наадам ба Паралимпын наадмыг зохион байгуулах хотыг тодруулах юм. 


Б.Адъяахүү