18 насандаа олон улсын балетын тэмцээнүүдэд гялалзсан амжилт гаргасан  Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчин Б.Маралыг “Өөр зочин” булангийнхаа зочноор урилаа.
 
-Хүссэн бүхэн нь балетчин болъё гэж боддоггүй. Тийм боломж ч ховор байх. Чиний хувьд яагаад балетчин болохоор шийдэв? 
 
-Гэр бүлд маань урлагийн тэр дундаа балет бүжиглэдэг хүн байхгүй. Миний хувьд анх найман настайдаа Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд явж балет, монгол бүжиг, чөлөөт гээд төрөл бүрийн л бүжиг заалгасан.  Хүүхдийн ордонд Хулан багшийн удирдлага дор хоёр жил сурсан. Гэтэл тэр үед Хөгжим бүжгийн коллежид бүжгийн ангид шалгуулж үзэхийг зөвлөсөн. Тэгээд ээж, эгч хоёртойгоо хамт очиж шалгуулаад тэнцсэн. Арван настайдаа Хөгжим  бүжгийн коллежид элсч зургаан жил сурсан. Одоо Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчнээр ажиллаж байна.
 
-Олон төрлийн бүжгээр хичээллэхэд балет чиний сонирхлыг хамгийн их татсан уу. Ер нь балет бүжиглэхийн юу нь чамд таалагддаг юм бэ?
 
-Анх Хөгжим бүжгийн коллежид орохдоо балет бүжиглэнэ гэж бодоогүй. Зүгээр л бүжиглэхийг хүссэн. Эхний жил ямар бүжиг хийхээ ойлгоогүй /инээв/ явж байгаад хоёр дахь жилээсээ балет бүжиглэсэн. Хөгжим бүжгийн коллежид зургаан жил сурахдаа Энхтуяа багшийнхаа  хэлснээр бүжгээ сайн давтаж, хичээсэн. Балетаар бүжиглээд хамгийн эхэнд  мэдрэгдсэн зүйл бол  өндөр болсон. Наймдугаар ангид орсон зунаа би эрс өссөн. Багш нар хүртэл гайхсан. Мөн биеийн өв тэгш хөгжил, биеэ авч явах чадварыг зайлшгүй эзэмшдэг. Хамгийн сайхан нь тоглолтын үеэр хүмүүсийн алга ташилтыг сонсох л надад их урам зориг өгсөн. Үгээр хэлшгүй тэр мэдрэмж намайг балетад улам дуртай болгосон.
Анх балетаар хичээллэж эхлээд шантрах үе олон байсан. Дугуйланд явж байгаад мэргэжлийн ангид орохоор хөдөлгөөн, ачаалал нэмэгддэг. Каскин дээр тогтох, хөдөлгөөний гүйцэтгэл цэвэр байх ёстой гээд бэлтгэлээр шахаад ирэхээр өөрийн эрхгүй “Ямар хэцүү юм бэ” гэж бодогддог ч мундаг багш нарынхаа ачаар шантраагүйдээ баярладаг. Бүжгэн жүжгээр бүжиглэхийн тулд анхаарлаа сайн төвлөрүүлж, зөв бүжиглэх хэрэгтэй. Миний бодлоор балет өрсөлдөөнтэй гэхээс илүү өөртэйгөө тэмцэх урлаг. Хамгийн наад захын жишээ гэхэд таргалж болохгүй. Хоол хорихоос илүү амттай зүйлд дуртай болохоор хааяа хэцүү санагддаг. Биеэ хөнгөн байлгаж, бэлтгэл хийхэд илүү амар байхын тулд амттанаас татгалзахаас өөр аргагүй. Дээр нь бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой гээд шилдэг бүжигчин байхын тулд өөртэйгөө тэмцэх хамгийн чухал. Мөн бэлтгэлийн үеэр хөл цэврүүтдэг. Тэр үед тоглолттой байж таарах юм бол гүрийхээс өөр аргагүй. Учир нь хөлийн өсгий холголоо гэхэд каскин дотуур хөл боох, жийргэвч хийх боломжгүй байдаг.  Хөл холгож цэврүүтлээ гээд тоглолтод орохгүй байж болохгүй шүү дээ.
 
–Театрын босго өндөр шүү дээ. Анх хэрхэн ажилд орж байв?
 
–Сургууль төгсөх үеэр улсын шалгалтыг Дуурийн театрын мэргэжлийн хүмүүс ирж үзэж шалгаруулж авдаг. Энэ дагуу 2016 онд сургуулиа төгсөөд театртаа балетын жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Театрын ажлаа дуусгаад хувийн бэлтгэлээ хийдэг. Өглөө 10:00 цагаас дасгал, бүжгийн бэлтгэл гээд өдөрт 10 гаруй цагийг театртаа өнгөрүүлдэг. Удаан хугацаанд бэлтгэл хийхээс илүү тухайн цаг мөчдөө гүйцэтгэлээ бүрэн гаргаж, үр дүнтэй хийхийг зорьдог.  Одоо гавьяат жүжигчин Гэрэлчимэг, Ганчимэг, Ганбаатар, Нармандах багшийн удирдлага дор бэлгэлээ хийж байна. Манай театрын нээлт “Хунт нуур” балетаар эхэлнэ. Дараа нь “Жизель” тоглогдоно. Миний хувьд “Хунт нуур”-ын олуул хун, гурван том хунгийн нэг дүрийг бэлтгэж  байна. Тайзан дээр байхдаа алдах вий гэхээс илүү дүрдээ орж илүү чөлөөтэй, аз жаргалтайгаар  бүтээхийг хичээдэг. Ер нь сайн бүжиглэхийн тулд дүрдээ орох л хамгийн чухал санагддаг.
 
-Анхны тэмцээн хэзээ, ямар амжилт гаргаж байв. Олон улсын тэмцээнүүдэд ч цөөнгүй оролцсон гэж сонссон?
 
-Арваннэгдүгээр ангид байхдаа гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит улсын анхдугаар уралдаанд оролцож мөнгөн медаль авсан. Дараа нь энэ тэмцээнийхээ хоёрдугаар уралдаанаас алтан медаль хүртсэн. Мөн Д.Алтанхуягийн Монголд анх удаа зохион байгуулсан олон улсын тэмцээнд түрүүлсэн. Токиод болсон Ази номхон далайн орнуудын тэмцээнээс хүрэл медаль авсан гээд гадаад, дотоодын 5-6 тэмцээнд оролцож дандаа шагналт байр эзэлсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн хавар Улаан-Үүдэд болсон Орос, Япон Евро-Азийн тэмцээнээс алтан медаль хүртсэн.
 
–Олон улсын тэмцээнд оролцоход хамгийн гол шалгуур нь юу байдаг вэ. Мөн ур чадвар техникээс эхлээд бусад орныхонтой харьцуулахад хэр байдаг вэ?
 
–Олон улсын тэмцээний үеэр хамгийн чухалчилж хардаг нь хөдөлгөөний цэвэр гүйцэтгэл гэж боддог. Зогсох газраа зогсч, эргэж, илүү дутуу алхаж болохгүй. Тэмцээний үеэр дан ганц балет гэхээс илүү модерн бүжиг шалгадаг. Надад  оролцогч орнуудаас Солонгосын модерн бүжиг их таалагддаг. Сүүлд оролцсон Улаан-Үүдийн тэмцээнд эхний шатанд балет, хоёрдугаар шатанд үндэсний гаралтай модерн бүжиг байх шалгуур тавьсан.
 
-Чиний хувьд найман жил балет бүжиглэсэн юм байна. Дахин өөр мэргэжлээр сурах уу?
 
-Одоохондоо сурахаас илүү туршлагатай болохыг хүсч байна. Тэмцээн уралдаанд оролцож ур чадвар, туршлагатай болчихоод давхар өөр мэргэжлээр сурах байх. Гэхдээ балет бүжиглэхээс өөрийг, өөр ямар нэг мэргэжил эзэмших талаар бодож амжаагүй байна.
Балетаар хичээллээд миний амьдрал, үзэл бодол, зорилго тэмүүлэл өөрчлөгдсөн.Мэдээж надад урдаа тавьсан олон зорилго бий. Балетчин хүн хамгийн гол нь хариуцлагатай, төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй байх хэрэгтэй. Хэрэв буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээж чаддаг байх хэрэгтэй. Хамгийн чухал нь бэлтгэлээ сайн хийж, хүчин чармайлттай байх хэрэгтэй гэж боддог. Намайг гэр бүлийнхэн маань маш сайн дэмждэг. Тоглолт болохоор бүгд ирж үздэг.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин