sonin.mn
Энэ удаагийн “Өөр зочин” буландаа “Алтан өд”, “Морин хуур” наадмын тэргүүн шагналт яруу найрагч, продюссер Х.Соёмбыг урьж ярилцлаа.
 
-Манай улсад ковер дуу их дэлгэрсэн байна. Алдартай хамтлаг, дуучдын дууг хүссэн нэг нь хаана ч хамаагүй дуулдаг болчихжээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
 
-Гадны өндөр соёлтой орнууд ковер дууг дуулдаг. Харин манай улсад  хамтлаг, дуучид нь өөрсдөө байсаар байтал тэдний дууг хуулбарладаг. Бие биеийнхээ зах зээлийг дээрэмддэг. Яаж сайн дуулаад, ямар ч гоё клип хийгээд анхдагч уран бүтээлчдийг гүйцэхгүй. Анхдагч уран бүтээлч залуу нас, цаг хугацаа, санхүү бүх зүйлээ зориулж байж тухайн дууг гаргаж байгаа.“Хулгайч” нар нь бүтээж байгаа хүнээсээ олон болчихсон. Уран бүтээл гэдэг тухайн уран бүтээлчийн өөрийгөө дархалсан, өөрийн гэсэн цаг үетэй бүтээл. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл удахгүй Монголын дууны урлаг  мөхөх байх даа гэж харамсаж сууна.
 
-Олон нийтийн сүлжээнд байршуулсан хэн нэгний коверыг бид бахдаад, олон хүнд түгээдэг. Энэ нь Монголын дууны урлагийг доройтуулж байна гэж ойлгож болох уу?
 
-Алдартай дуучдын дууг хуулж дуулчихаад өөрийн урын сангаа хөгжүүлэхгүй байгаа  хүмүүс эцэст нь  өөрсдөө хохирно. Харангын дууг дууллаа гээд “Харанга” хохирохгүй. Харин ковер дуучид өөрсдийн цаг зав, авьяас, боломжоо алдаад дуусна. Чадварлаг, мундаг балетчин тодрохоор АНУ руу, нэг сайн дуучинтай боллоо гэхээр Итали руу явчихна. Танин мэдүүлэх боловсрол олгох, сэтгэл санааг дэмжих хувь уран бүтээлчийнхээ онцлогийг гаргасан дахин давтагдашгүй хэнээр ч орлуулж болохгүй. Тийм бүтээлүүдийг хийх ёстой.
 
-Дан ганц зохиол, нийтийн дуучид биш дуурийн дуучид ч нэгнийхээ дууг дуулж байгаа нь ажиглагддаг?
 
-Өчигдөр би Ө.Уянга гавьяаттай дууриа  хэрхэн аврах талаар хэсэг ярьж суулаа. Дуурийн театрын барилгыг буулгана, шинээр барина гээд бүгд шуугиж байна. Гэхдээ байшин нь бус дотор нь байгаа уран бүтээлчид яах вэ гэдэг нь маш чухал. Уран бүтээлчдийн урын сангийн бодлого, уран бүтээлчийн зорилго, төлөвлөгөөг анхаарч ажиллахгүй бол дуучдын хувьд болохгүй, бүтэхгүй зүйл их байна. Дуучид цаг үетэйгээ нийлсэн контент хийгээд мэдээллийн хэрэгслээр түгээмээр байна.
 
 
Монголын сонгодог урлаг, Монголын дуу гэсэн нэгдсэн  системтэй болох хэрэгтэй. Зөвхөн дуугаа зохиосноор нь эсвэл авьяасаар нь бие биеээ бишрээд хайрлаад явах нь өрөөсгөл ойлголт.
 
 
-Та дуурын дуу гаргаж байв уу?
 
-Ямар дууг мэргэжлийн дуу гэдэг юм, дуурийн дуучин дуулахаар мэргэжлийн дуу болчихдог юм болов уу. Энд ямар нэг учир бий байх гэж бодсон. Уран бүтээлч хүн олон зүйлд өөрийгөө сорьж өсч, дэвжих ёстой болохоор дуурийн дуу хийхээр судалж байна. Бас хамгийн хэцүү гэгддэг хүүхдийн дуу зохионо. Ер нь хүүхдийн дуу, мэргэжлийн дуу хоёрт ач холбогдол өгч, цаг заваа зарцуулна гэж бодож байна. “Маамуу нааш ир” шиг дуу хийж чадахгүй ч орчин үеийн хувилбарыг гаргаж ирж болно. Бидний амьдарч буй нийгэм илүү бүтээлч, шинэлэг байхыг шаардаж байна.
 
-Нэгэнт таны уран бүтээлийн талаар ярьсных кино болон жүжгийн дуу ямар онцлогтой байдаг вэ. Дуун романс гэж юуг хэлдэг юм бэ?
 
-Жүжгийн зохиол олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Тухайн жүжгийг 3-4 минутад дуугаар таниулах ёстой. Хоёрдугаарт жүжгийн оргил хэсэг, гол дүр, үйл явдлыг тодотгож өгдөг нэг том чимэглэл нь жүжгийн дуу юм. Жүжиг, киноны 10 гаруй дуу хийсэн. Хамгийн анх 2004 онд О.Бат-Өлзий найруулагчийн “Хайрыг хайрла” киноны дууг гаргаж байсан. Хамгийн сүүлд “Фантастик” продакшны “Маш нууц 2 Байтаг Богд”, “Зүрхний хилэн” киноны дууг хийсэн. “Зүрхний хилэн” киноны дууг Г.Ариунбаатар гавьяат дуулаад Түвшинбаатар ах хөгжмийг нь зохиосон. Үүнийг “дуун романс” гэж нэрлээд байгаа юм. Жүжгийн дуун дээр ажиллахад зохиолыг л сайн судлах хэрэгтэй байдаг. Энэ жилийн хувьд “Бүсгүйн зурвас” жүжгийн дуун дээр ажилласан.
 
-Таны хувьд уран бүтээлийн онгод гэж байдаг уу. Ихэвчлэн ямар үед бүтээл туурвидаг вэ?
 
-Миний уран бүтээлийн ихэнх нь 26 нас хүрэхээс өмнө бүтсэн. Амьдрал сайнгүй, хэцүү байх үед хамгийн сайн дуунуудаа зохиосон. Уран бүтээлийн орчин нөхцөл онгод хиймор гэдэг залуу насанд их байдаг юм шиг байна. Залуу насандаа хүн өөрийгөө олж, олон зүйл туршиж, алдаанаасаа суралцаж, сайхан бүтээлүүдээ хийдэг. Одоо тэр үеийнх шигээ ажиллаж уран бүтээлүүдээ улам чанартай, сайн болгох гэж хичээж явна. С.Жавхлан дуучны  дуулсан “Миний найз”, “Миний амьдрал” гэх мэт  хөдөлмөрөө шингээж бүтээсэн сайхан дуунууд байна. Мөнгө төгрөг, нэр алдрын араас хөөцөлдөж хялбархан аргаар богино хугацаанд дуу зохиогоод явах сонирхолгүй болсон. Ойрын таван жилдээ  мэргэжлийн урлагийн юмуу, дуурийн дуучидтай дуу хийхээр төлөвлөж байна.
 
-Продюссерын ажлыг юу гэж хардаг вэ? Хамгийн сүүлд  үндэсний урлагийн “Legend” төсөл дээр ажилласан байх аа?
 
-Анх дуугаа зохиогоод радиогоор цацдаг байлаа. Сүүлийн үед өрсөлдөөн ихсээд дуугаа хэрхэн хүмүүст хүргэх вэ, төслийн хэлбэрээр яаж хөгжүүлэх вэ гэдэгт анхаарч байна. “Legend” том төсөл хэрэгжүүлж, ерөнхий продюссерээр нь ажилласан. Энэ төсөл бол үндэсний урлагийн энтертайнмент тоглолт. Үүндээ урамшаад цаашдаа жил бүр  хийхээр болсон.“Legend” төслийн дүрд зориулсан 70 гаруй хувцас шинээр хийлгэсэн. Д.Түвшинсайхан хамгийн сүүлийн үеийн хөгжмийн программыг үндэсний хөгжим дууны элементүүдтэй нийлүүлээд кино үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх урлагийг санаачилж, хөгжүүлээд явж байна.
 
-Яруу найрагч, продюссер хоёр ялгаатай биз?
 
-Продюссер гэдэг өөрөө үйлдвэрлэгч гэсэн үг. Юм бүхний бүтээгч манлайлагч нь байж, шинийг бүтээх, санаачлах ёстой хүн. Шинэ санаа олбол  тэрийгээ төсөл болгочихдог санаачилгатай байх ёстой.
 
 
Соёл, урлагийн ажил төлөвлөгөө, системтэй явж байж хүнд хүрдэг болж. Уран бүтээлч хүнд нэр хүнд, ур чадвар гэхээсээ илүү багийн ажиллагаа чухал болоод байна. Соёл гэдэг ямар ойлголт юм, урлаг гэдэг  юу юм, энэ хоёр нийлэхээр юу болдгийг хамтран судалж үзэх зорилготой.
 
 
Сэтгэлгээгээрээ анхдагч, манлайлагч нь байя. Санаа сэтгэл нийлдэг хамт олонтой нэгдээд энэ салбарт жаахан ч гэсэн гэрэл гэгээ авчрах хэрэгтэй гэж боддог. Хэн нэгний санал бодол, заавараар явна гэж байхгүй. Өөрөө өөртөө үнэнч байх ёстой. Уран бүтээлч хүн  зөв байвал сайн бүтээл гарах байх гэж боддог. Тиймээс дандаа сайхан энергитэй байж сайн дуу гаргана гэж хичээж л явдаг даа.
 
-Төрөлх нутгийнхаа нэртэй анхны тоглолтоо хийх гэж байна. Яагаад энэ цаг үеийг сонгов?
 
-Би Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрж өссөн. Намар хүмүүс тариа будаагаа хураадаг шиг уран бүтээлийн ургацаа маргааш хураах гэж байна. 10 гаруй жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэх гэж буйдаа догдолж сууна.
 
 
Б.Гүнжид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин