“Авьяаслаг монголчууд-2018” шоуны шилдэг оролцогч, “Ray” нэрээрээ олонд танигдсан Хөөмий битбоксыг үндэслэгч Б.Нарандэлгэртэй ярилцлаа.
Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Нийслэлийн Ерөнхий боловсролын зургаадугаар сургуулийг дүүргэсэн. Олон улсын харилцааны магистр зэрэгтэй. Одоогоор нийслэлийн “Улаанбаатар” чуулгад гоцлол хөгжимчнөөр ажиллаж байна. Товчхондоо ийм.
Соёл, урлагийн тогоо руу “өнгийгөөд” хэр удаж байна даа ...
-Соёл, урлаг бол миний хобби. Хоббигоо мэргэжил болгосон. 2004 онд буюу 10 дугаар ангийн сурагч байхад нэг найз маань битбокс хэмээх урлагийн төрөлтэй анх танилцуулсан юм. Маш гайхалтай хип хоп хэмнэл байсан. Бас их гайхсан шүү, хүн зөвхөн өгүүлэх эрхтнээрээ ийм содон дуу авиаг гаргана гэхэд итгэхэд бэрх л юм билээ. Их сониучирхсан учраас тэр цагаас эхлэн битбоксыг судлах болсон.
Ингээд жил гаруй хичээллэсний эцэст Монголын биет бус өв соёл болох хөөмий мөн хийл хуур, морин хуур зэрэг хөгжмийг судалж битбокстой хослуулах эхлэлээ тавьсан гэх үү дээ. Урлагийн сургуульд суралцаагүй надад тайзан дээр гарахад амаргүй цаг үе байсан. Хэрхэн биеэ авч явах, үзэгчидтэй яаж харьцахаас гадна цаашид ямар уран бүтээл туурвибал зохих талаар бодож эхэлсэн. Тэгээд л 21 аймгаа тойроод аялан тоглолт хийж олон нийтэд битбокс гэж юу болох талаарх ойлголтыг өгөхийг хичээсэн л дээ. Урлагийн гараа маань ингэж эхэлсэн түүхтэй.
Манайхан шинэ зүйлийг их соргогоор хүлээж авдаг шүү дээ ...
-Тийм. “Гайхалтай, онцгой” гээд л уулга алдаад тасралтгүй алга ташаад л байж билээ. Үзэгчдээс маш сайхан сэтгэгдлүүд ирж байсан учраас уран бүтээлээ илүү шинэлэг, содон байлгах үүднээс олон зүйлийг туршсан. Нэг хөгжилтэй зүйл болсон нь санаанаас огт гардаггүй юм. Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд тоглолтоор очоод байв. Клубынх нь гадна “Beatbox Б.Нарка” гэсэн “ананос”-аа өлгөлөө. Би гадагшаа гаралгүй тайзан дээр тоглолтдоо бэлдээд завгүй байтал нутгийн ах нар байсхийгээд л хаалга онголзуулаад эхлэх нь тэр. Хожим учрыг лавлатал, ах нар үүдний билет таслагчаас “Боксчин нь хаана байна вэ” гэж асуугаад байсан юм билээ. Тэгэхэд нь “Тайзан дээр байна” гээд над руу заахад зарим нь “Боксчин гэмээргүй царайтай юм” гэсэн гэнэ лээ.
Битбокс одоогоос 10 гаруй жилийн өмнө таныг Монголын сод авьяастан болгосон гэж сонссон ...
-2006 онд одоогийн “Авьяаслаг монголчууд” шоуны анхны хувилбар болох “Сод авьяастан” тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлж байлаа. “Авьяаслаг монголчууд” шоунд түрүүлсэн хүнд 100 сая төгрөг өгдөг бол тус тэмцээний тэргүүн байрын шагнал 100000 төгрөг байлаа шүү дээ. “Монголын сод авьяастан” болсон нь надад маш их урам өгсөн.
Ардын хөгжмийг битбокстой хослуулах санаа хаанаас төрсөн бэ?
-2005 онд. Жилийн хугацаанд хангалттай суралцсан гэж үзсэн учраас бусад орны уран бүтээлчдээс юугаараа онцлог байх ёстой вэ гэсэн асуулт урган гарч ирсэн дээ. Тэгээд л хөөмий битбокс хэмээх урсгалыг анх гаргаж ирсэн юм.
Шинэ зүйлийг турших гээд амаргүй цаг үеийг туулсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Монголын нэртэй хөөмийчид “Чиний хийж байгаа зүйл чинь хөөмийн урлагийг эвдэж байна. Наадах чинь хэнд хэрэгтэй юм бэ” гэхчлэн намайг ихэд зэмлэдэг байсан. Гэхдээ тиймэрхүү сөрөг дайралтуудад сэтгэлээр унаж эмзэглээгүй. Учир нь би тэр бүхэнд бэлэн байсан. Өөрийнхөө бусдаас ялгарах онцлог, давуу талыг харсан болоод ч тэр үү улам хорхойсож шунан дурладаг юм билээ. 2008 онд анх “Ray 358” цомгоо ч гаргаад амжсан шүү.
Монголдоо битбоксоор дагнан гаргасан анхны цомог байх ...
-Тийм. Бас “UBS music awards”-т тус цомогт багтсан “Ray’s collection” клипээрээ шилдгээр тодорч байв.
Битбокс анх хэзээ, хаана үүссэн бэ?
-1978 онд АНУ-д үүссэн. Янз янзаар л яригддаг юм билээ. Гэхдээ тус улсын “Acapella” хэмээх жааз хамтлаг битбоксын эхлэлийг тавьсан гэдэг тал дээр ихэнх уран бүтээлчид нэгдмэл байр суурьтай байдаг. Учир нь тус хамтлаг нэгэн тоглолтын үеэр зарим хөгжмийн зэмсгээ авчирч чадаагүйн улмаас амаараа орлуулж ая дуугаргасан гэдэг. Эндээс битбокс үүссэн. Аливаа зүйл их сонин шүү. Жишээлбэл Ди-жэй хөгжим үүссэн түүх тун сонирхолтой. Пянз тоглуулж байсан хөгжимчин нь хөл алдаж гишгэхдээ гараараа дискээ огцом дарснаар “Жип” гэсэн өвөрмөц тэмп бий болсон байдаг.
“Авьяаслаг монголчууд-2018” шоуны аквариум доторх тоглолтыг тань гайхалтай гэхээс өөр юу гэх вэ. Монголдоо гэлтгүй дэлхийд ч ийм үзүүлбэр байхгүй. Гэхдээ маш их эрсдэлтэй санагдсан шүү ...
-Япон улсад олон улсын харилцааны магистраар суралцаж байхад минь “NHК” телевизийн хаалттай шоунд оролцох боломж нээгдсэн юм. Төрөл бүрийн урлагийн авьяастай хүмүүс оролцдог их онцлогтой шоу. Дан ганц хөөмийтэй битбокс үзэгчдэд хүрэхгүй болов уу гэж эмээсэн учраас арай өөр зүйлийг бодсон нь усан доторх үзүүлбэр байсан юм. Аквариум дотор хөөмийтэй битбокс хийж, далайн амьтдын дуу чимээг дуурайсан нь япончуудад маш их таалагдсан. Арлын орны иргэд учраас тэгж хүлээж авсан байх. Гэхдээ хаалттай шоу учраас миний бичлэг олон нийтэд цацагдаагүй. Дараа жил нь Токио хотын Ардын урлагийн их наадмаас Гран при хүртэж өндөр амжилт үзүүлсэн учраас усан доторх хөөмийтэй битбоксоо Геннист бүртгүүлэх төсөл хэрэгжүүлж төрөөс дэмжлэг аваад байв. Гэвч засаг солигдсон учраас энэ төсөл зогссон. Одоо харин өөрийн тань асуултад хариулъя.
Тийм ээ, би танаас эрсдэлийн талаар асуусан шүү дээ ...
-“Авьяаслаг Монголчууд-2018” шоуны бэлтгэлийн үеэр аквариумнаас ус шүүрэх, гэрэл цахилгааны гэмтэл үүсэхээс гадна зүүн чих маань дүлийрсэн гээд багагүй эрсдэлтэй нүүр тулсан. Одоо чих маань эдгэсэн.
Таныг тус шоунд хөөмий битбоксыг сурталчлан таниулах даруухан зорилго өвөртөлж орсон болов уу гэж боддог. Цөөнгүй хүн ч үүнтэй санал нийлдэг. Энэхүү ярилцлагаар дамжуулж та өөрийн санал бодол, байр сууриа илэрхийлж болно ...
-Яг онолоо. Намайг уг шоуг сонирхолтой болгосон гэж олон хүн ярьдаг юм билээ. Миний хувьд энэ урсгалыг сурталчлан таниулах, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой оролцсон. Өмнөх жилүүдэд хүмүүс энэхүү урсгалыг хөгжмөөс хамааралтай мэтээр ойлгоод өгүүлэх эрхтнээс гарч байгаа дуу авиаг төдийлөн анзаараагүй. 2010 онд бие даасан тоглолтоо хийсэн ч байдал дээрдээгүй юм шиг санагдсан. Харин “Авьяаслаг монголчууд-2018” шоуны үеэр алтан баззер авсан “Тайга” хэмээх бүтээл үзэгчдийн толгойд юм бодогдуулж чадсан байх. Ерөнхийдөө бид 5-8 жилээр хоцорч л явна даа. Финалын усан доторх үзүүлбэрийг маань бас сайн ойлгоогүй гэж боддог. Магадгүй 8 жилийн дараа ойлгодог болохыг ч үгүйсгэхгүй.
Гэхдээ шоуны дараагаас таныг илүү олон хүн таньдаг болсон биз дээ. Уран бүтээл, ажлын саналууд ч багагүй ирсэн байх ...
-Тоглолтын саналууд цөөнгүй ирсэн. Гадаадын орнуудаас ирсэн нь ч бий. Зарим улсад нь тоглолтоо толилуулаад явж байна.
“Тайга” ч гэлтгүй бусад бүтээлээс тань их амар амгалан, тайвшрал мэдрэгддэг. Танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Миний хувьд өөр нэг ертөнцтэй холбогдох шиг болдог. Хөгжмөө тоглоод, эсвэл хөөмийлөөд битбокс хийхдээ нэг мэдэхэд нүдээ аниад орчлонгоос тасарчихдаг гэх үү дээ. Ан амьтдын болон салхи, голын чимээг бүтээлдээ түлхүү оруулдаг нь монголчуудын маань байгальтайгаа харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэнтэй шууд холбоотой. Байгальтайгаа хамгийн ойрхон ард түмэн бол бид шүү дээ. Би байгалийн сайхнаас бүтээлийнхээ санааг олж, эрч хүчээ нөхдөг. Тийм учраас аяны дөрөө жийж, аялж зугаалах тун дуртай.
Аялах гэснээс “Уран бүтээлчид улсын хилээр” төслийн багт таныг багтсан гэж сонслоо. Дархан хил маань амгалан уу?
-Эх орны хүү, эгэл бор цэргүүд маань дархан хилээ нүд цавчилгүй 24 цагийн турш манадаг юм байна лээ. Би их бахархсан. Бид тэдэнд баярлах учиртай. Хилийн заставуудад үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдадаа уран бүтээлээрээ үйлчилж, сэтгэлийн дэм, урам өгөх зорилготой энэхүү төсөл маань Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж байна.
Таны цаашдын зорилго ...
-Гаднынхан их соргогоор сониучирхаж хүлээж авдаг. Дараа нь дурладаг. Одоо үүнийгээ дэлхий нийтэд сурталчлан таниулж, Монгол гэдэг нэрийг өргөн цар хүрээнд цуурайтуулмаар байна. Мөн олон жилийн өмнө бодсоноороо хөөмий битбоксоо Геннист бүртгүүлнэ.
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0