sonin.mn
Сайжруулсан түлш, урт намар зэргээс шалтгаалаад энэ жил агаарын бохирдол урьд жилүүдийг бодвол харьцангуй бага байна.  Гэхдээ утаа багассан гээд эрүүл мэндээ тоолгүй өнгөрүүлж болохгүй.  Амьсгалах орчинд угаарын хий их байгаа, толгой өвдөх, бие эвгүйцэх шинж тэмдгүүд ч байна гэж яригдах болсон.  Тэгвэл ид хүйтэрч буй энэ үед ханиад, томуу, утаа угаараас хэрхэн хамгаалах  вэ.  Энэ талаар өчигдөр “Амьсгалах эрх” төслөөс 35 дугаар сургууль дээр нэгэн аяныг эхлүүлсэн юм.   Таван дүүргийн 20 сургуулийн хоёр мянга орчим хүүхдэд амны хаалт зүүх ач холбогдлыг танилцуулах юм байна.  Түүнчлэн агаарын бохирдлын хор нөлөөний тухай хүүхдүүдэд ойлгуулж, санал солилцсон юм.  Мөн сурагчид утааны тухай   захидал бичжээ.  Тэдний захианаас сонирхуулбал,  тус сургуулийн зургадугаар ангийн сурагч  У.Кристина “Хүн бүхнийг хордуулдаг хорт утаа, Хүүхэд бидэнд хортой утаа, Хүн амьтны дайсан утаа, Хөрст дэлхийд хортой утаа” гэсэн бол 6а анийн сурагч Б.Номунзул аав ээждээ бичсэн захидалдаа “Агаарын бохирдлын тухай хичээл орж байна. Та нартайгаа хамт байхын тулд эрүүл байх ёстой. Тиймээс  амны маск авч өгөөч гэж хүсмээр байна” гэсэн байв.  Мөн өдөрлөгийн үеэр хүүхдүүдэд маск тарааж, хэрхэн зүүх болон утаанаас хамгаалах аргыг зааж, зөвлөсөн юм. Энэ талаар 35 дугаар сургуулийн биологийн багш Б.Нарантуяа “Амьсгалах эрх төслийн хүрээнд амны хаалтыг хэрхэн ашиглах тухай сургалтад суусан байгаа. Харин өнөөдөр Европын холбооноос санхүүжүүлж байгаа төслийн хүрээнд хичээл заалаа. Сурагчдын хувьд агаарын бохирдлын үед өөрсдийгөө яаж хамгаалах вэ гэдэг дадал зуршлыг олж авлаа.  Манай сургууль 6- буудалд байдаг учир эрсдэл өндөртэй. Тиймээс амны хаалт чухал. Амны хаалт нь маш олон янз байдаг.
 
 
Үнэтэй, үнэгүй, шаардлага хангасан хангаагүй гэх мэт. Тэгвэл эдгээрээс PM 0.5, PM 2.5 гэсэн хэмжээтэй тоосонцорыг шүүх амны хаалтыг сонгох ёстой. Үүний дотроос 3-12 насны хүүхдийн амны хаалт буюу PM 2.5 амны хаалт нь маш жижиг тоосонцор шүүх зориулалттай байдаг. Иймээс хүүхдэд энэ төрлийн амны хаалтыг авч өгөх нь зүйтэй” гэлээ. 
 
 
Мөн тэрээр амны хаалт нь өөрийн тань нүүрний хэлбэрт тохирсон байх, бүх талаар агаар нэвтрэхгүй байх ёстой” гэсэн юм. Тэгвэл эмийн сангуудаар дээрх стандартыг хангасан амны хаалт 4-10 мянган төгрөгийн үнэтэй байна. Европын стандарт хангасан амны хаалтны гадаргуу нь амьсгалж буй агаарыг 90 хувь хүртэл шүүж, цэвэршүүлж, хавхлага нь хүний амьсгалаас ялгарч буй дулаан болон чийгийг гадагшлуулж, амьсгалын хэвийн нөхцлийг бүрдүүлэн өгдөг байна. Түүнчлэн 14 хоногийн турш хэрэглэх боломжтой байдаг бөгөөд хүүхдийнх амны хаалт нь тохирсон хэмжээ, резинен тохируулагчтай байдаг ажээ.
 
Амны хаалт хэрэглэснээр 40 гаруй өвчин эмгэгээс өөрийгөө хамгаалах боломжтой
 
Амны хаалтыг хэрэглэхдээ анхаарах зүйлс:
 
Дахин ашигладаг амны хаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийж хадгалах хэрэгтэй.   Мөн нүүрэнд таарсан, хамрын хэлбэрт тааруулах боломжтой, вакум орчин бүрдүүлж шүүгдээгүй агаар оруулахгүй, агаарыг гадагшлуулах агаарын хавхлагатай байх. Зааварт заасан цагийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх ёстой юм байна.  Мөн нарийн ширхэгтэй тоосонцорыг шүүх зориулалттай амны хаалтыг агаар ямар хэмжээний бохирдолтой үед хэдэн цаг зүүх ёстой талаар албан ёсны стандарт, заавар байхгүй. Тиймээс амны хаалтны гаднаас тоос чигчиж, дотор тал нь харлах хүртэл зүүж болно гэх зөвлөгөөг өдөрлөгийн үеэр  хэлж байлаа.
 
 
Б.Баяржавхлан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин