sonin.mn

Нидерландад болох ДАШТ-д оролцох Оросын гимнастикийн шигшээ багийн тамирчид төрийнхөө далбаан дор бус харин Олон улсын гимнастикийн холбооны /World Gymnastics/ далбаан дор оролцоно. Энэ тухай Оросын Гимнастикийн холбооны хэвлэлийн алба мэдээллээ.Спортын гимнастикийн ДАШТ 10 дугаар сарын 17-25-нд Нидерландын Роттердам хотод болно. Наймдугаар сард Хорватын Загреб хотод болсон Европын АШТ-д Оросын тамирчид World Gymnastics-ийн далбаан дор оролцсон юм.


“Роттердамд болох ДАШТ-д оролцох Оросын тамирчид шилжилтийн үеийн түр хугацаанд World Gymnastics-ийн далбаан дор оролцоно. Европын аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн манай багийн амжилт нь Орос улс дэлхийн гимнастикийг илэрхийлэн төлөөлж байна гэдгийг харуулсан.


Роттердамд ч мөн адил тамирчид маань үүнийгээ дахин батлан харуулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж Оросын Гимнастикийн холбооны мэдэгдэлд дурджээ. World Gymnastics-ийн Гүйцэтгэх хорооноос тавдугаар сарын 17-нд гаргасан шийдвэрийн дагуу Оросын гимнастикчид төрийнхөө далбаан дор, төрийн дууллаа эгшиглүүлэн олон улсын тэмцээнүүдэд оролцохыг зөвшөөрсөн юм. Гэхдээ тавдугаар сарын 17-ноос өмнө хуваарь нь батлагдсан тэмцээнүүдэд World Gymnastics-ийн далбаан дор оролцож магадгүй гэдгийг ч мөн дурджээ.  


Б.Адъяахүү