sonin.mn

Олон улсын харилцаанд үүссэн маргааныг шүүх, арбитрын журмаар шийдвэрлэхээс гадна талуудыг харилцан зөвшилцөлд хүргэх өөр нэг арга бий. Энэ бол эвлэрүүлэн зуучлал. Чухам энэ механизмыг олон улсын хэмжээнд институцчилэх зорилгоор Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллага буюу International Organisation for Mediation (IOMed) байгуулагджээ.


2025 оны тавдугаар сарын 30-нд байгуулагдсан, Хонконгт төвтэй IOMed нь эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр дагнан ажиллах засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Тус байгууллагыг байгуулах конвенцид Ази, Африк, Латин Америкийн зэрэг дэлхийн өөр өөр бүс нутгийн 37 улс гарын үсэг зурсан байна.


IOMed-ын гол онцлог нь маргааныг “ялагч, ялагдагч”-тайгаар эцэслэхээс илүүтэй талууд өөрсдөө харилцан хүлээн зөвшөөрөх шийдэлд хүрэх боломжийг бүрдүүлэхэд оршино. Тус байгууллага бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, тэгш эрх, төвийг сахих, шударга байх зарчимд тулгуурлан, талуудын сайн дурын оролцоо, харилцан зөвшөөрөлд үндэслэн ажиллана.


Энэ утгаараа IOMed нь олон улсын шүүх, арбитрыг орлох бус, харин маргаан шийдвэрлэх өөр нэг боломжийг улс орнуудад санал болгож буй механизм юм.


НҮБ-ын Дүрэмд байсан зарчмыг тусгай байгууллага болгожээ


IOMed байгуулагдсан үндэслэлийг ойлгохын тулд НҮБ-ын Дүрмийн 33 дугаар зүйлийг дурдах шаардлагатай. Тус зүйлд олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж болзошгүй маргааныг хэлэлцээ, зуучлал, эвлэрүүлэн зуучлал, арбитр, шүүх зэрэг энхийн аргаар шийдвэрлэхийг талуудад уриалсан байдаг.


Гэвч олон улсын түвшинд эвлэрүүлэн зуучлалыг үндсэн чиг үүргээ болгосон засгийн газар хоорондын тусгай байгууллага байгаагүй нь IOMed-ыг байгуулах нэг үндэслэл болжээ.


Шүүх болон арбитрын ажиллагааны үед хөндлөнгийн байгууллага эрх зүйн үндэслэлд тулгуурлан шийдвэр гаргадаг бол эвлэрүүлэн зуучлалын үед эцсийн шийдлийг талууд өөрсдөө зөвшилцөн олдог. Зуучлагчийн үүрэг нь хэний зөв, хэний бурууг тогтоох бус, харин талуудын байр суурийг ойртуулж, аль алинд нь хүлээн зөвшөөрөгдөх гарц олоход туслах явдал юм.


Иймээс эвлэрүүлэн зуучлал нь маргааныг шийдвэрлэхээс гадна талуудын цаашдын харилцааг хадгалж үлдэх давуу талтай гэж үздэг.


Ямар маргааныг авч хэлэлцэх вэ?


IOMed-ын үйл ажиллагаа зөвхөн улс хоорондын дипломат маргаанаар хязгаарлагдахгүй.


Тус байгууллагын хүрээнд улс хоорондын маргаан, олон улсын арилжааны маргаан, түүнчлэн улс болон өөр улсын иргэн, хөрөнгө оруулагчийн хооронд үүссэн арилжаа, хөрөнгө оруулалтын шинжтэй маргааныг эвлэрүүлэн зуучлах боломжтой.

Гэхдээ IOMed-ын ажиллагааны үндсэн нөхцөл нь сайн дурын зарчим. Өөрөөр хэлбэл, талуудын зөвшөөрөлгүйгээр маргааныг хүчээр авч хэлэлцэхгүй. Талууд зуучлалын механизмыг ашиглахаар харилцан тохиролцсон тохиолдолд төвийг сахисан зуучлагчийн оролцоотойгоор зөвшилцлийн шийдэл эрэлхийлнэ.

Энэ нь уламжлалт шүүх ажиллагаанаас ялгарах хамгийн чухал онцлогуудын нэг юм.


Зөвхөн маргаан зуучлахгүй


IOMed-ын зорилго зөвхөн үүссэн маргааныг шийдвэрлэхээр хязгаарлагдахгүй. Эвлэрүүлэн зуучлалын соёлыг олон улсын түвшинд төлөвшүүлэх, мэргэжлийн зуучлагчдыг бэлтгэх, гишүүн орнуудын энэ чиглэлийн чадавхыг нэмэгдүүлэх нь тус байгууллагын өөр нэг чухал чиглэл юм.


Ялангуяа хөгжиж буй орнуудын мэргэжилтнүүдийг сургах, эвлэрүүлэн зуучлалын олон улсын шилдэг туршлагыг түгээх, улс орнуудын хооронд туршлага солилцох боломж бүрдүүлэхийг зорьж байна.


Үүний зэрэгцээ олон улсын болон бүс нутгийн форум, бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж, маргааныг хүч хэрэглэх, удаан хугацааны шүүхийн процессоор бус, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн ач холбогдлыг таниулах нь IOMed-ын үйл ажиллагааны нэг хэсэг байх юм.


Яагаад эвлэрүүлэн зуучлал гэж?


Олон улсын маргаан бүр зөвхөн эрх зүйн асуудал байдаггүй. Улс төр, эдийн засаг, худалдаа, аюулгүй байдал, дипломат харилцаа зэрэг олон хүчин зүйл нэгэн зэрэг холбогдсон байдаг.

Шүүхийн шийдвэр маргааны эрх зүйн талыг эцэслэж болох ч талуудын улс төр, эдийн засгийн харилцааг заавал сэргээдэггүй. Харин эвлэрүүлэн зуучлалын гол давуу тал нь маргааныг шийдвэрлэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааг хадгалах боломж эрэлхийлдэгт оршино.


Мөн шүүх, арбитрын ажиллагаатай харьцуулахад илүү уян хатан байх, талууд өөрсдийн онцлог нөхцөлд тохирсон шийдэл боловсруулах боломжтой байх, тодорхой тохиолдолд хугацаа болон зардлыг бууруулах боломжтой зэрэг давуу талтай.

Гэхдээ эвлэрүүлэн зуучлал бүх маргааныг шийдвэрлэх шидэт арга биш. Талууд хэлэлцээ хийх улс төрийн хүсэлгүй, эсвэл харилцан буулт хийх боломжгүй нөхцөлд зуучлал үр дүнд хүрэх баталгаа байхгүй. Тиймээс IOMed-ын бодит үр нөлөө нь байгуулагдсан бүтэц, дүрэм журмаасаа илүүтэй улс орнууд түүний механизмыг хэр ашиглахаас шалтгаална.


Хөгжиж буй орнуудын оролцоонд түшиглэсэн шинэ институт


IOMed байгуулах конвенцид гарын үсэг зурсан орнуудын дунд Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудын төлөөлөл их байгаа нь анхаарал татдаг.


Энэ нь олон улсын маргаан шийдвэрлэх тогтолцоонд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн хэрэгцээ, нөхцөлд нийцсэн илүү хүртээмжтэй механизм бий болгох зорилготой холбоотой.


Ийнхүү Хонконгт төвтэй IOMed олон улсын маргаан шийдвэрлэх тогтолцоонд шинэ институц болон гарч ирж байна.


Тус байгууллага олон улсын шүүх, арбитрыг орлохгүй. Харин тэдгээрийн хажууд гурав дахь боломж буюу талуудыг нэг ширээний ард суулгаж, хэн нэгнийг ялуулах бус, харилцан зөвшөөрөх шийдэл олох механизмыг санал болгож буйгаараа онцлог.


Эцсийн дүнд IOMed-ын амжилтыг хэдэн улс гишүүнээр элссэнээр бус, хэдэн маргааныг бодитоор хэлэлцээний ширээнд авчирч, талуудыг зөвшилцөлд хүргэж чадсанаар хэмжих болно. Хэрэв энэ механизм бодит амьдрал дээр үр дүнгээ харуулж чадвал олон улсын маргааныг шийдвэрлэх тогтолцоонд шүүх, арбитрын зэрэгцээ эвлэрүүлэн зуучлалын шинэ суваг бэхжих боломжтой юм.