sonin.mn
Хилчдийн магтан дуулж бахархан унших дуртай цэрэг эх орны тухай олон сайхан уран бүтээл тун удахгүй тайзнаа эгшиглэх нь ээ. Уран бүтээлээрээ үзэгч олонтойгоо уулзах гэж байгаа ХЦДБЧ-ын ерөнхий найруулагч, Соёлын тэргүүний ажилтан, дэд хурандаа У.Пүрэвсүрэнг “Өөр мэдээ” булангийнхаа зочноор урилаа.
 
 
-Таны уран бүтээлээс “Цэнхэр тэнгэрийн орон”-г мэдэхгүй хүн ховор. Тэр дундаа “Эх орон тайван байна” дууг хилчид андахгүй. Торгон хилтэй холбогдсон үеэ дурсахгүй юу?  
 
-Би 2003 онд СУИС-ийг тайз дэлгэцийн жүжигчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Увс аймгийн Хөгжимт драмын театрт найруулагч хийхдээ хилийн цэргийн ангитай их ойр ажилласан. Хил залгаа ОХУ-аас зочид төлөөлөгч ирэхэд тоглолтыг нь найруулж, хөтөлдөг байлаа. Тэр үед ангийн захирагч хурандаа Батсүх ах маань надад хилийн цэрэгт ажиллах санал тавьж байсан ч хүлээж авч чадаагүй. Гэтэл жилийн дараа Сэлэнгэ аймгийн хилийн ангийн захирагчаар очихдоо дахин санал тавсан. Тухайн үед СУИС-ийн найруулагчийн ангид суралцах урилга ирж таарсан учраас хотоос Сэлэнгэ рүү тоглолт найруулахаар очлоо. Тэр өдөр намайг Монгол Улсын хилийн сүлдэт багана дээр аваачсан юм. Сүлдэт баганын дэргэд зогсохдоо хүний нутгийн ширхэг чулуу, өөрийн нутгийн чулуу хоёрын сөөм зайны үнэ цэнийг мэдэрсэн. Ингэж л эх орон, Монгол Улсын хилийн эхлэл цэг дээр зогсохдоо эх орныхоо гайхамшгийн үнэ цэнийг мэдэрсэн учраас ижийтэйгээ ярьж байгаад хилийн албанд үлдсэн дээ. Ингээд Монгол Улсын хил хамгаалах байгууллага хэмээх их айлд сэтгэлзүйчээр таван жил ажилласан. Найруулагч бол хүн судалдаг мэргэжил учраас  энэ алба  надад дөхөм байгаад зогсохгүй хилчдийн, цэргүүдийн сэтгэлзүйг сонсч, эх оронч үзлийг төлөвшүүлнэ гэдэг сонирхолтой бөгөөд хүч хөдөлмөр, оюун ухаан уралдуулсан ажил байдаг.
 
Нэгэнт л цэргийн хүн болсон учраас номыг нь үзье гээд 2006 онд саналаараа Хилийн цэргийн дээд сургуульд офицерийн курст явсан. Хотод сурч байтал ээжийн бие чилээрхсэн мэдээ ирлээ. Хэл дуулгаснаас хэдэн цагийн дараа ээжийн бие сайжирч санаагаа амраахын тулд утсаар ярьсан юм. Ижий минь “Миний хүүгийн ажиллаж амьдарч байгаа алтан хил тайван байх болтугай гэж цацлаа өргөдөг юм шүү” гэж утасны цаанаас хэлсэн тэр үгнээс  “Ижий цацлын хаялагатай эх орны минь хил тайван байна. Салхин чимээнээс өөр аниргүй сайхан нутгийн минь хил тайван байна” гэсэн мөрүүд сэтгэлд буусан. Энэ дуу ижий үр хоёрын үхэл амьдралын зааг дээр уулзах гэгээн мөчөөс урган гарсан болохоор хилчид өөрийн эрхгүй босч зогсч хүндэтгэдэг гэж боддог. Энэ дуунд тийм хүчтэй амь бий. Мөн Монгол Улсын хилийн гурван үеийн түүхийг шингээснээрээ онцлогтой. Монгол Улсын хил бүрэлдэн тогтсон түүх гэвэл 287 жилийн түүхийг ярина. Дуугаа тэр түүхээс эхлүүлж буйрын гэгээнд мутарласан Монголын түүхтэй амь нэгтэй гэж бичсэн.
 
-Хилчдийн сэтгэлзүйтэй ажилласан хүний хувьд тэдний дотоод сэтгэл ямар байдгийг илүүтэй мэдэрсэн байх?
 
-Хилчдийг агуу их эр зориг гэж хэлнэ. Тэр хүмүүс бол хүсэл мөрөөдөл, чин үнэн тангаргаа дагаж олон зүйлээ хязгаарласан. Монгол Улсын хилийг бүтэн байлгахын төлөө цэх зогсч байгаа хилчний ард бас нэгэн амьдрал шувуу ч нисэхгүй газар амьдарч байна. Ингэж Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалж байгаа учраас яалт ч үгүй эр зориг. Бас өрөвдмөөр хувь заяа.
 
 
Харин бид бол хилчдээ урлаг уран сайхнаар хангадаг азтай хүмүүс. Миний арван жил  ерөнхий найруулагчаар нь ажиллаж, амьдарсан чуулга маань хилчид, хил орчмын ард иргэдэд урлаг уран сайхнаар үйлчилдэг Монголд ганцхан нүүдэлчин чуулга. Мөн үнэ төлбөргүй тоглодгоороо онцлог. 78 жилийн түүхэнд ХЦДБЧ Монгол Улсыг хэд тойрсон бол гэдэг бас л том агуулга шүү. 
 
 
-Цэргийн үзэгчид илүү онцлог байдаг юм уу гэж боддог. Та бүхний зорьж очиж, хилээ бүтэн тойрч толилуулдаг уран бүтээл ч үнэ цэнэтэй? 
 
-Манай чуулгын уран бүтээлчдийг хилчид маань зүүдэлж, санаж бэтгэрч хүлээдэг. Тэр ч утгаараа цэргийн үзэгчид бол хамгийн сэтгэл хөдөлгөм “амьд” уур амьсгалтай байдаг учраас хамгийн халуун тоглолт хил дээр болдог. Застав отряд дамжиж өдөрт 4-5 тоглолт хийх энүүхэнд. Хоёр жил хүлээсэн хүмүүс ямар байх билээ. Застав болгон хонуулахыг хичээж байгаа бүхнээ дэлгэдэг. Биднийг очсон тэр жилийн цэргүүд  өөрсдийгөө хамгийн азтайд тооцдог. ХЦДБЧ гэдэг очсон газар бүртээ гэгээн дурсамж, түүх бичиж байдаг тийм л нэр хүнд, үнэ цэнэтэй хамт олон доо. Хилчид уран бүтээлчдийн хооронд олон сайхан алтан дурдатгал, гэгээн мөчүүд бий.
 
-Урын сангийн хувьд ч давтагдашгүй байдгаараа онцлог байх?
 
-Манай чуулгад уран бүтээлийн бодлогын хувьд хүндрэлтэй зүйлс бол яах аргагүй уран бүтээлийн урын сан байдаг. Уран бүтээлийн чуулга боловч боловсролын яам биш  Хуульзүйн яаманд харьяалагддаг учраас төсөв хүндрэлтэй. Томоохон хэмжээний бүтээл тавилаа гэхэд хэчнээн хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай билээ гээд бэрхшээл их. Гэхдээ бид урын сангаа дуу, бүжгийн уран бүтээлээр нөхөж баяжуулахаар ажиллаж байна. Гэтэл өнөө үед цэрэг эх орны чиглэлээр туурвидаг хүн цөөн учраас цэрэг эх орон, хил хилчдийн тухай уран бүтээл туурвидаг, манай чуулгад авчирч өгдөг хүмүүс ховор болсон. Дээхэн үед бол хил, хилчдийн тухай олон уралдаан тэмцээн болж төр засгаас сайшаан дэмжиж ирсэн. Үүгээр дамжиж уран бүтээлчид олон сайхан бүтээл туурвидаг байсан бол одоо чуулгын уран сан тал дээр үнэхээр хомсдолтой байдаг. Тиймээс цэрэг эх орон, хил хилчдийнхээ төлөө уран бүтээл туурвиж бидэнд авчирч бэлэглэвэл хадгаа дэлгээд сүү дусаан угтах болно.
 
-Таны уран бүтээлийн ихэнх нь цэрэг эх орны сэдэвтэй байдаг. Ихэвчлэн торгон хил дээр “төрсөн” байдаг уу?
 
-Дэвтрийн хуудсан дээр онгод бол миний сэтгэлийн эмзэг утас гэж бичээстэй байдаг. Миний бодлын симфони хөндөгдөх эгшнээр шүлгийн мөчлөгүүд үүсч гардаг. Эх орныхоо торгон хилийн зааг дээр зогсоод эргэж харах уулга алдмаар торгон мөчид эх орноороо бахархах мэдрэмж төрнө. Тэр бахархлын хөг эгшгээс төрсөн уран бүтээлээрээ хилчдэдээ бэлэг барьдаг даа. Миний уран бүтээлээр хилчид омогшиж байх агшнаас дараагийн торгон мэдрэмж хөвөрч, дараагийн уран бүтээлээ хийх эрэл хайгуул учгийг олж авдаг. Аливаа зүйл нэг учгаас нөгөө рүү хөвөрч явдаг. Миний сэтгэлээс гарсан уран бүтээл үзэгч, сонсогчдын сэтгэлд очихдоо хэрхэн хөндөгдөж буцаад хэрхэн илэрч байгаагаас нь урам авдаг.
 
-Ижий цацлын хаялагатай эх орны минь хил гэдэг шүлгийг ээжтэйгээ утсаар ярих мөчид зохиосон байдаг. Харин аавын тухай шүлэг хэр байдаг вэ?
 
-Би айлын отгон хүү. Аав маань П.Уртнасан гэж жинчин хүн байлаа. Увсаас Хөвсгөлийн Ханх, Хатгал хүртэл зун намрын зургаан сар тэмээн жин тээнэ. Намайг зургаан настай байхад аав минь жингээс буцаж явахдаа бие нь чилээрхэж тал цус харваад зургаан жил таягтай хэвтэрт байж байгаад бурхны оронд дэвшсэн. Аавгүй байсан цаг хугацаа бол сэтгэл эмтэрсэн,эмзэг, энэлэнгүй байдаг. Аав өнгөрсний дараахан ангийнхаа хэдэн хөвгүүнтэй муудалцдаг юм. Тэр үед аав нь хүүхдүүдээ өмөөрөхөд өнчрөл гэдгийг хүчтэй мэдэрсэн. Орой нь гэртээ ирчихээд аавыг минь хөдөөлүүлж байх агшныг цаасан дээр буулгасан. Арц хүж ханхалж зулын гэрэлд сүүмийсэн аврал энхийг ерөөж маанийн уншлага тодорсон ахан дүүс садан төрлөөрөө хагацлын нулимс бөмбөрүүлсэн… гээд бичсэн. Тэр жил аавдаа зориулсан шүлгээрээ сургуулийнхаа тэмцээнд түрүүлчихээд явж байхдаа нэг зүйлийг бодсон юм. Аавгүй байсан хоосон орон зайг буулгах, ганцаардлыг нөхөж болох талбар нь үзэг юм гэдгийг мэдэрч 13 настайгаасаа өнөөдрийг хүртэл үзэг цаастай нөхөрлөж явна. Энэ хугацаанд 500 гаруй шүлэг, кино, жүжгийн зохиол нэг, 30 орчим найраглал, 40-өөд дууны аялгуу, арваад баримтат киноны бүтээл туурвижээ. Бүтээлээ харахад сүүлийн 15 жилд бичсэн бүтээлийн 60 хувь нь эх орон, цэргийн агуулгатай байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хил хэмээх том айлтай холбогдсоны үр шим гэж боддог.
 
-“Цэнхэр тэнгэрийн орон” гээд тоглолтын нэрнээс эхлээд найруулга, уран бүтээлийн хувьд ихээхэн онцлогтой байх нь? 
 
-Арванхоёрдугаар сарын 1, 2-ны өдөр “Цэнхэр тэнгэрийн орон” уран бүтээлийн бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Хамаг Монгол” төслийнхөн бүрэлдүүлэхүүнээрээ ажиллаж байна. Үүний цаана яах аргагүй гавьяат жүжигчин С.Жавхлантай холбогдоно. Бид дунд сургууль, их сургуулийн нэг төгсөлт гээд унаган багын найзууд. Монгол туургатныг уран бүтээлээр нэгтгэх бодлоготой “Хамаг Монгол” төсөлд миний бие анхнаас нь оролцох хүндтэй, түүхэн үйл явдал тохиосон.
 
“Цэнхэр тэнгэрийн орон” бол нэг талдаа уран бүтээлийн нэр боловч нөгөө талаас Монгол Улсыг бүхэлд нь багтаасан агуулга юм. Дөрвөн жилийн өмнө хилийн бригадтайгаа баруун аймгуудаар явж байгаад Увс руу орох зааг дээр үүрэг нуур цэнхэртээд, цагаан шувуут дүнхийж. Тэр дүр зургийг харахдаа яалт ч үгүй цэнхэр тэнгэрийн орон юм гэсэн санаа бууж энэ уран бүтээл төрсөн түүхтэй. Дараахан нь Өвөрмонголд уран бүтээлээ толилуулчихаад хилийн дээс алхахдаа эх орон минь ямар гайхалтай юм. Ёстой л цэнхэр тэнгэрийн орон юм гэсэн торгон мэдрэмжийг авсан даа. Миний эх орон бол цэнхэр гариг юм гэсэн агуулгаар бодож тоглолтынхоо нэрийг өгсөн.
 
-Уран бүтээлээс эхлээд унаган багын найзуудын хувьд С.Жавхлан гишүүн тайзан дээр гарах нь гэж ойлголоо. Бас шүлэг яруу найраг багагүй уншигдах уу?
 
-Би уран бүтээлийн хоёр цомог гаргасан. Гурав дахь нь “Эх орон тайван байна” цомог маань бэлэн боллоо. Гурван цомогт орсон уран бүтээлчдээ тоглолтдоо урьж гадаадаас 28 уран бүтээлч, ХЦДБЧ бүрэлдэхүүнээрээ, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучид бүжигчидтэй хамтран ажиллах санал тавиад явж байна. Одоогоор хөтөлбөрт оруулснаар бол 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байх болов уу гэж харж байгаа. Тоглолт дээр шүлэг, яруу найраг  их уншигдах байх гэж бодож байгаа байх. Миний хувьд тоглолтын үеэр хоёр удаа л тайзан дээр гарч хайр дурлал, ижий аав, эх орноороо бахархан магтан дуулах бодолтой байна. Өвлийн эхний жаврыг уяраасан гэгээн сайхан тоглолт хийхээр хичээж явна даа.
 
Гавьяат жүжигчин С.Жавхлан маань УИХ-ын гишүүн болсноосоо хойш албан ёсоор анх удаа тайзан дээр гарах юм. Реклам, тасалбарт зургаа тавьж анх удаа орж байгаа тоглолт нь “Цэнхэр тэнгэрийн орон” байх юм. Мөн гавьяат жүжигчин Л.Болдбаатар, н.Бямбажав, О.Баянмөнх, Б.Болдбаатар гээд зохиолын дууны түүчээ болсон 30-аад уран бүтээлч оролцоно.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин