sonin.mn
Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ур чадварын багш, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Даваасүрэнтэй ярилцлаа.
 
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Кинонд тоглоод нэлээд завгүй яваад байна уу?
 
-“Фантастик” продакшны уран бүтээл “Тоглогч” киноны цагдаагийн хурандаагийн дүрд тоглож байгаа. Энэ продакшныг манай Бат-Өлзий, Сарантуяа хоёрын хүү Б.Тамир ахалдаг юм байна. Театрт нэг хэсэг ажиллаж байсан жүжигчин, найруулагч энэ залуу удам залгасан бүтээлч гэдгээрээ өөр байна шүү. Үүнтэй холбогдуулаад ярихад хүний удам угсааны уламжлалын генийг зөв олж тогтоогоод залуучуудыг багаас нь анхаарлыг нь төвлөрүүлээд, дэмжээд өгвөл амьдрах орчин бий болох, байр сууриа эзлэхэд чухал юм байна.
 
-Шинэ уран бүтээл дээр залуу хүмүүстэй ажиллахад ямар байна?
 
-Мэдээж сайхан байлгүй яах вэ. Гэхдээ сүүлийн үед жүжигчид их болсон. Арга ч үгүй юм уу. Жүжигчин бэлтгэдэг долоон сургууль байна. Нэг сургуулиас 10 хүн гэж бодоход жилд 70 жүжигчин төгсч байна. Эндээс мэргэшсэн жүжигчин гаргаж ирэх шаардлагатай болжээ. Жүжиглэх ур чадвартаа гол нь биш, авьяас дээр суурилсан байх ёстой. Гэхдээ одоо авьяас дээр суурилсан мэргэжил бус мэдлэг дээр суурилсан мэргэжил чухал болсон. Би хүмүүсийг инээлгэх дургүй. Тухайн хүнийг гэгээрүүлэх юм уу, амьдралын ээдрээтэй асуудлыг хэлнэ гэдэг дэндүү муухай бүдүүлэг болж эхэлж байгаа биз дээ. Харин зүгээр инээлгэх, бие биеэ хөгжөөх, бие биедээ сургааль хайлахыг ард түмэн бүгд мэднэ, чадна. Эндээс жүжигчин гэж байдаг л юм бол ямар ч гэсэн хийх гэж байгаа үйлдэл, зорилго, ажлынхаа төлөө үзэгчдээсээ давсан мэдлэг дээр суурилж байж уран сайхны дүрүүдээ бүтээхгүй бол хуучны систем шиг үг цээжилж, дүрсжүүлээд дагаад тоглодог үе өнгөрсөн. Үүнээсээ чөлөөлөгдөж байж сайн жүжигчин болно гэдгийг юутнууддаа ойлгуулах гэж ярьж, хөтөлбөрөө боловсруулан ажиллаж байна.
 
-Тэгвэл өнөөдрийн жүжигчид мэргэшээгүй гэсэн үг үү?
 
-Өнөөдрийн жүжигчид авьяас нь дурдагдаад ерөнхийдөө ээлж өнгөрөөх маягтай явж байна. Хүнийг гэгээрүүлэхийн тулд бодлого хэрэгтэй. Тайз, дэлгэцийн уран бүтээл хэзээ ч нэг хүнийх байдаггүй, заавал хамтынх байдаг. Өндөр хэмжээнд мэргэжлийн түвшинд боловсруулагдсан хүчтэй уран бүтээлийг хүнд хүргэхгүй юм бол зөвхөн хялбарчлах ч гэдэг юм уу, эсвэл өөрийнхөө таашаалд нийцсэн хэлбэрээр хэчнээн удаан явах билээ. Эргээд харвал тайз, дэлгэцийн урлагийн аль аль нь 80 жил хөгжчихлөө. Одоо ингэж болохгүй. Яагаад гэвэл он цаг, зуун, нийгэм нь солигдож шаардлага нь өндөрсөж зах зээлд суурилчихлаа. Би чинь  социалист нийгмийн бүтээгдэхүүн шүү дээ.
 
-Залуусаас авах, сурах зүйл юу байна?
 
-Байлгүй яах вэ. Хамт ажиллахад эрч хүч, өнөөдрийг дүгнэн харж байгаа байдал, орон зайны мэдрэмжийг гүйцэхийн тулд залуусаас сурах хэрэгтэй байна. Хуучин үзэл суртлаараа байж болохгүй шүү дээ. Тэдэнтэйгээ ойр байж, ойлголцож  харьцахгүй бол хамтарч бүтээл хийх боломжгүй. Залуусаа сургаж, зөвлөгөө өгнө гэдэг өөр асуудал. Яг зорилгодоо хүрэхийн тулд мэргэжлийн хэмжээний бүтээл болгох нь зөв. Тэр хүүхдүүдийг ойлгож, эргээд сурах ёстой, энэ орчинд би өөрөө орж, сурахгүй юм бол нэгдэж чадахгүй. Өмнө нь өөрийнхөө үндсэн туршлагад тулгуурладаг байсан нь өөрчлөгдчихөөд байна. Үүнийг залуус ч, нийгэм ч шаардаж байна. Үнэндээ тайз, дэлгэцийн жүжигчдийн үүрэг өндөр юм. Өнөөдөр хэвлэл мэдээллийнхэн бичиж хэвлүүлэх үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Харин жүжигчид дүрээр, хөдөлгөөнөөр зорилгыг амилуулах учраас сэтгэхүйн техник ажиллагаагаа хурдацтай хөгжүүлэх хэрэгтэй. Залуучууд хурдтай байгаа. Тэднийг дагаад бид ч  цаг үеэсээ хоцрохгүйн тулд хүчээ дайчлахаас аргагүй.
 
-Таны тоглосон киноны дүрүүдийг харахад жаахан онгироо, сагсуу ч шударга залуугийн дүр байдаг. Та залуудаа ийм байсан уу?
 
-Тухайн үеийн зохиолоос их шалтгаална. “Моторын дуу” киноны дүрээр хүмүүс намайг таньдаг. Миний өөрийн зан, амьдралд хандах хандлага ойрхон байсан байх. Ер нь аливаа зүйлд үнэн хандах зарчим гэдэг дээр энэ дүрээсээ суралцсан. Би залуудаа тийм байсан. Гэхдээ энэ нь цаг үетэйгээ холбоотой. Тэр үеийн дэвэргэн онгироо залуучуудыг одоогийнхтой харьцуулахад өөр юм билээ. Өнөөгийн залуучуудын сэтгэлгээ юмыг хялбарчлах, хурдан ашиг олох гэж боддогоос гадна хамгийн гол нь өөрийнхөө тааламжийг өндөрт өргөдөг болж.
 
Би “Тоглогч” киноноос өмнө “Нар бий” хүүхдийн кинонд физикийн багшийн дүрд тоглосон нь үзэгчдэд хүрсэн байдаг.
 
-Одоо та Кино урлагийн дээд сургуульд багшилдаг. Шавь нараа ямар чадвар эзэмшээсэй гэж боддог вэ?
 
-Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ур чадварын багшаар ажиллаж байна. УДЭТ-аас тэтгэвэрт гараад 10-аад жил болчихлоо. Түүнээс хойш тасралтгүй хүүхдүүдтэй ойр байна. Тэднээсээ эрч хүч, энерги авдаг. Хэдий би өнөөдөр 70-тай боловч 20 настай хүүхдүүдтэйгээ ойлголцоод зэрэгцээд суралцаж явна. Би өөрийнхөө үндсэн туршлага, мэдсэн зүйлээ аль болох тэдэндээ өгөх, шавь нар маань өөрсдийн ертөнцийг үзэх үзлээр нэгдээд яаж бүтээл туурвих талаар харилцан ярилцаад явахад их л сайхан цаг үе байна. Бидний үед мэдээллийн салбар бага байлаа. Тэр үед мэдээллийн өргөн цар хүрээтэй боломжууд гарч ирсэн бол бид бас хийж туурвих, өөрсдийгөө боловсруулах байсан байх гэж боддог. Өнөөдөр миний сурч байсан үеийг бодоход боломжууд нь өргөн болсон байна. Цаг үеэ дагаад хүүхдүүдийн хүлээж авах чадварыг зөв ашиглавал илүү боломжтой болжээ. Хүн ер нь орон зай, орчинтойгоо холбоотой байх юм даа.
 
-Та алтан үеийнхэнтэй хамтарч ажилласан азтай хүн шүү дээ?
 
-Алтан үеийнхэнтэй 40-өөд жил хамт ажиллаж байсандаа би их азтай хүн. Тэдэнтэй хамт ажиллахдаа загнуулахдаа загнуулж, зөөлөн дуугарч байсан үе бий. Ер нь ихэвчлэн хөгжилтэй, урагшаа тэмүүлсэн үйл явдал давамгайлдаг байсан. Хүн болгон адил биш өөрийн гэсэн арга барилтай, амьдралын туршлагатай, тэр болгоноо харамгүй зааж өгдөг сайхан цаг байсан. Бид их зүйлийг өвлөж авсан. Түүнийгээ ч гэсэн дараагийнхаа үед хэлж яриад явж байна. Би 1973 онд УДЭТ-т ороод 60 нас хүртлээ ажилласан даа.
 
-Таныг 70 настай гэхэд итгэмээргүй залуу харагдаж байна. Урлагийнханы  хөгширдөггүйн нууц юунд байна?
 
-Урлагийн буян байлгүй яах вэ. Жүжигчин хүний хамгийн гол барих зүйл нь биет болон сэтгэхүйн техникийг алдахгүй хөгжүүлж байх ёстой. Сэтгэхүйн техник нь уншиж судлах, мэдлэгээ байнга дээшлүүлэх. Харин биет техник гэдэг нь биеийн хөдөлгөөнийг тогтмол байлгах шаардлагатай. Заавал бүжигчид дасгал хийдэг юм биш. Жүжигчид ч гэсэн өглөө 09:00-11:00 цагийн хооронд биет техникийн дасгал хийдэг. Тиймээс үүнтэй бас холбоотой байх. Жүжигчин хүнд уй гашуу тохиолдсон, бэрхшээл тулгарсан ч юу ч болоогүй юм шиг инээж байх ёстой. Энэ инээд нь механик биш л дээ. Жүжигчний хийх ёстой нөхцөлт урлаг гэдэг энэ. Яагаад гэхээр өөрийнх нь амьдралаас өөр түвшний орчин бий болгож  тэндээ амьдарч, бүтээл туурвиж байгаа болохоор нэг талдаа зэрлэг.
 
 
Өөрийнхөө төлөө биш бусдыг гэгээрүүлэх, тэдэнд тохиолдож буй зовлон зүтгүүрийг сэтгэл санааны хувьд аль талаас нь хөнгөлж болох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байж мөнгийг нь авахгүй юм бол онигоо ярьж цаг үрэх хэрэггүй. Урлагийн зарчим нь тэр. Улс төрд бохир асуудал яваад байна. Үүнийг цэгцэлж шийдэх ёстой юм чинь театр, кино.
 
 
Хүнд хүрдэг далайцынхаа хувьд ялангуяа, кино бол ямар ч жижигхэн хэсгээр том санааг гаргаж ирж болдог. Тиймээс энд ажиллаж байгаа, цаашид гарч ирэх залуучууд өндөр хэмжээний мэргэшсэн боловсролтой байж урлагийг хүнд хүргэнэ үү гэхээс сонирхлоор хүргэж болохгүй.
Хүүхдүүд яагаад олноороо жүжигчин болох гээд байна гэвэл мэргэжлийн жүжигчин ховор байгаатай холбоотой. Амьдралын цаана асар их золиосон дээр суурилж бүтээл туурвил гаргадаг гэдгийг сургуульд орж төгссөнийхөө дараа гадарладаг. Тиймээс цөөхөн хүүхэд төгсдөг. Жүжигчин болно гэдэг хүсэлтэй хүн бүхний хийдэг ажил байна. Зарим хүний сонирхол 1-2 кинонд тоглоод буурчихдаг.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин