Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын 2025 оны “Шилдэг удирдагч”-аар шалгарсан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Бат-Эрдэнийг ярилцлагыг хүргэж байна.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
1997-2000 он. Арван жилийн сургуулиа төгсөөд ажилчин ангийн эгнээнд шилжсэн. Улс орон даяар шилэн кабелийн нүх ухах ажил өрнөж байсан үе л дээ. Тухайн үед хүргэн ах А.Сэргэлэнчулууны /Гал унтраах 22 дугаар ангид ажилладаг байв/ санал болгосноор Дархан-Уул аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 22 дугаар ангийн захирагч, одоогийн хурандаа Ю.Оюунсүрэн даргатай уулзаж, холбогдох шалгалтуудыг өгч, тэнцсэнээр Гал унтраах 22 дугаар ангийн Б.Булган захирагчтай I салаанд томилогдон, гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхлүүлсэн. Гал сөнөөгчөөр ажиллах хугацаандаа харуулын ээлжинд үүрэг гүйцэтгэхээс гадна маршийн бэлтгэл хийж, тэмцээнд оролцох, намар бүр хадланд гарах, гагнуур хийх гээд завгүй л өнгөрдөг байлаа. Бэлтгэл ахлах ахлагч н.Сэрээнэнпүрэвтэйгээ хамтран хийсэн гал унтраах техник спорт бэлттгэлийн цамхгийн байнгын шатыг одоо хүртэл ашиглаж байгааг харахад сайхан байдаг. Мөн чөлөөт цагаараа үеийн найз нөхөдтэйгөө төмөр өргөж (бодибилдинг, фитнес) бие бялдраа хөгжүүлдэг байлаа. Гал сөнөөгчөөр гурван жил ажиллаад, ангийн захирагч Ю.Оюунсүрэн салааны бага даргаар ажиллах санал тавьснаар миний өнөөдрийг хүрэх замнал эхэлсэн. Ангийн захирагч маань надад итгэж залуухан гал сөнөөгчид салаа хариуцуулсанд баярлаж явдаг, энэ ажлыг хийснээр хүнтэй ажиллах, аливаа ажлыг өөрийн биеэр хариуцахын онцлогийг ойлгож эхэлсэн.

2001-2005 он. Цагдаагийн Академид элсэлтийн шалгалт өгч, тэнцсэнээр их сургуулийн оюутан болж, “Эрх зүйч, гал түймэртэй тэмцэх байгууллагын ажилтан” мэргэжил эзэмшсэн нь бакалаврын зэрэгтэй дотооддоо бэлтгэсэн анхны дээд боловсролтой боловсон хүчин болж байлаа.
Гамшгаас хамгаалах тухай хууль 2003 онд батлагдаж, 2005 онд биднийг төгсөхөд Гал түймэртэй тэмцэх газар, Улсын Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газар нэгдэж, орчин цагийн Гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдсан он цаг.
Сургуулиа төгсөөд Дархан-Уул аймгийн Гамшгаас хамгаалах штабт, Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар томилогдож, шадар дэслэгч цолтой офицерын бүрэлдэхүүнд орсон. Жилийн дараагаас байцаагч нарын үйл ажиллагааны чиглэл нэмэгдэж, “Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч” болгосноор улсын хоёр төрлийн хяналтыг хэрэгжүүлэх өргөн цар хүрээтэй албан тушаалыг хашдаг байлаа.
2005-2010 он. Байцаагчаар 4 жил ажиллаад мэргэжлээ дээшлүүлэх, төрийн албанд мэргэших хэрэгцээ байгааг ойлгож эхэлсэн. Ингээд бодоход миний хувьд 4 жилийн циклээр амьдралдаа томоохон өөрчлөлт (суралцдаг) гаргаад явсан байдаг юм байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академийн “Төрийн удирдлага”-ын чиглэлээр мэргэшүүлэх дипломын сургалтад улирлаар сурч, төгссөн. Энэ сургуулиас олон шинэлэг зүйл сурсан нь албан хэрэг хөтлөлт, судалгааны арга зүй, илтгэх ур чадвар, төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлага, бодлого боловсруулах зэрэг байлаа.
2011-2013 он. Удирдлагын Академийг төгсөөд жилийн дараа буюу 2011 онд ОХУ-ын Иргэний хамгаалалтын Академид шалгалт өгч тэнцсэн. Иргэний хамгаалалтын Академийг сонгох болсон шалтгаан нь байгууллагын чиг үүрэг өргөжиж, зөвхөн гал түймэртэй тэмцэх бус байгалийн болон техникийн бүх төрлийн гамшиг ослыг хамааран цар хүрээгээ тэлсэн үед гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээний удирдлага зохион байгуулалтыг судлах сонирхолдоо хөтлөгдсөн явдал юм.
Тус академид цэргийн анги, нэгтгэлийн удирдлагын чиглэлээр мэргэшиж, Галын аюулгүй байдлын тэнхимийн профессор багш, доктор (Ph.D), профессор, хурандаа Федотов Сергей Борисович багшийн удирдлагад “Монгол Улсад ахуйн хэрэглээний газийг аюулгүй ашиглах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
Сургуулиа төгсөж ирээд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдож, орон нутгийн Онцгой комиссын нарийн бичиг, аймаг, сум, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, хянан баталгаажуулах, гамшгаас хамгаалах иж бүрэн, команд штабын сургууль зохион байгуулах гээд олон чухал ажлыг хариуцдаг байлаа. Энэ хүрээнд 2015 оны дөрөвдүгээр сард Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг аймагтаа зохион байгуулахад сургуулийн удирдагчаар одоогийн бригадын генерал Б.Ууганбаяр ажилласан. Сарын дараа Онцгой байдлын ерөнхий газарт мэргэжилтнүүдийн сургалт болох үеэр бригадын генерал Б.Ууганбаяр дарга /тухайн үеийн Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга/ дуудаж, удирдлагад нь ажиллах санал тавьж, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралын тушаалаар 2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн Гамшгаас хамгаалах ангиллын сургалт, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдож байлаа.
2015-2024 он. Томилогдсноос хойш буюу 2016 онд Дотоод хэргийн их сургуульд англи хэлний хоёр сарын дамжаанд, 2017-2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн удирдлагын академид төрийн Захиргааны удирдлагын чиглэлээр магистрын хөтөлбөрт хамрагдаж, доктор (Ph.D), профессор Д.Ганбаатар багшийн удирдлагад “Онцгой байдлын байгууллагын чадамжид сургалтын үзүүлэх нөлөө” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Төрийн удирдлагын Академийг төгсөж, магистрын дипломоо танилцуулж илтгэхэд хошууч генерал Т.Бадрал, одоогийн Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатарыг /Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байв/ дуудаж, хэлтсийн даргаар дэвшүүлэн томилох, материал бүрдүүлэх үүрэг өгснөөр 2019 оны хоёрдугаар сарын 13-нд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн даргаар томилогдож байлаа.
Онцгой байдлын ерөнхий газарт ажилласан есөн жилийн хугацаанд Орхон аймагт “Говийн чоно-2016”, Өмнөговь аймагт “Говийн чоно-2017”, Ховд аймагт “Говийн чоно-2018”, Дорноговь аймагт “Говийн чоно-2019”, Архангай аймагт “Хангай-2021”, Баянхонгор аймагт “Говийн чоно-2022”, Дорнод аймагт “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулахад ажлын хэсгийн нарийн бичиг, штабын даргын үүрэг гүйцэтгэн ажилласан.
Мөн 2015 онд Баянхонгор аймаг, 2017 онд Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл аймаг, 2018 онд Сүхбаатар, Төв аймаг, 2019 онд нийслэл Улаанбаатар хот, 2022 онд Завхан, Сэлэнгэ, Орхон аймаг, 2023 онд Дархан-Уул, Дорнод аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн ажлын хэсгийн нарийн бичиг, штабын даргын үүргийг хэрэгжүүлсэн. Түүнчлэн 2015 онд Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, 2018 онд Булган, Хэнтий аймаг, 2019 онд Дундговь, Ховд аймаг, 2021 онд Баянхонгор, Өвөрхангай аймаг, 2023 онд Говь-Алтай, Хөвсгөл, Ховд аймагт болсон гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн ажлын хэсгийн нарийн бичиг, штабын даргын үүрэг гүйцэтгэн ажиллахын зэрэгцээ “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдвээр стратегийн команд штабын сургуулийг анх удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн болон Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэсэн дөрвөн байгууллага хамтран зохион байгуулахад мөн нарийн бичгийн даргын үүрэгтэйгээр оролцож байлаа.

Гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх хүрээнд “Аюулгүй өрхийн зөвлөмж”, “Гамшгаас хамгаалах үндэс (Мэргэжлийн анги, Оюутан, Иргэд, Сайн дурынхан)” гарын авлага, “Аюулгүй сургууль”, “Бэлэн бай сургалтын модуль хөтөлбөр”, “Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний дадлага, сургуулийн эмхэтгэл”, “Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зөвлөмж” зэрэг ном, товхимол боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, ОХУ, Япон, БНХАУ, Балба, Солонгос улсад гамшгаас хамгаалах сургалт, туршлага солилцох үйл ажиллагаа, олон улсын хуралд оролцож, мэргэшлээ дээшлүүлсэн. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн тушаалаар 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна.
-Таны ажлын нөү хау?
Онцгой байдлын албанд гал сөнөөгчөөс эхэлж ажилласан учраас алба хаагчдынхаа ажлын жаргал, зовлонг гадарладаг нь давуу тал болдог. Мөн ажиллаж, амьдрах хугацаандаа олон чадварлаг, мэргэшсэн, ур чадвартай хүмүүстэй таарч, суралцаж байна.
Сүүлийн 9 жилийн хугацаанд сургалт, сурталчилгаа, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн учраас эмх цэгцтэй, ойлгомжтой ярихад суралцсан. Ажлаа 7 хоногоор бичиж, төлөвлөж, заавал хэрэгжүүлж дуусгадаг зуршилтай. Хань, үр хүүхдүүд минь амжилтад хүрэх хамгийн том тулгуур багана болдог.
Олон хоногоор хөдөө томилолтоор явна, баяр, амралтын өдрүүдэд ч ажиллах тохиолдол гарна, ээлжийн амралтаа дуусгалгүй ажилдаа орно, төлөвлөсөн аялал, амралтаа хойшлуулна гээд асуудал байна. Гэхдээ энэ бүхнийг ойлгож, халуун хоол, цайтай угтаж, үргэлж сайхан үг хэлж, урамшуулдаг ханьдаа маш их баярлалаа. Ханьдаа болон хүүхдүүдээ хайртай шүү. Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Ингээд дүгнэхээр нууц жор нь сайн хань, үр хүүхэд, тусалж дэмждэг сайхан сэтгэлт хүмүүсийн нийлбэр юм байна.

-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Цагийг алттай зүйрлэж хэлдэг үгтэй санал нийлдэг. Бусдын цагийг хий дэмий үрэхийг хүсдэггүй. Цаг хэмнэхийн тулд хэд, хэдэн ажлыг нэгэн зэрэг амжуулах үе байна. Хурал, семинарт суухдаа тайлан, төлөвлөгөө, илтгэх хуудас, тушаал шийдвэрийн төслөө авч ороод завсар, зайгаар нь хянах гэх мэт. Мэдээж зэрэг хийх ажлаа ач холбогдлоор нь эрэмбэлж, илүү чухалд нь анхаарлаа төвлөрүүлдэг.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Хүүхэд байхын л хөдөлгөөнтэй байсан. Гүйнэ, фитнессээр хичээллэнэ, буудлагын спортод ч сонирхолтой. Зав гарвал зааланд орж, бэлтгэл хийхийг зорьдог. “Өөдрөг бүтэмжтэй хүний 7 зарчим”, “Сэтгэлийн тэнхээ”, “Их хаадын зарлиг” номуудыг ээлжлэн уншиж байна. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторантад 2022 онд элсэн орж, суралцаж, сэдэв, удирдагчаа сонгосон. Энэ жилийн хувьд докторын ажлаа бичихэд цаг зарцуулахаар төлөвлөсөн.
-Таны ажлын онцлог?
Нэгдүгээрт, албаны бэлтгэл, бэлэн байдал. Үүнд алба хаагчийн бие бялдар, сэтгэл зүйн бэлэн байдал, машин техник, багаж тоног төхөөрөмж, нөөцийн бэлэн байдлыг хангасан байх нь чухал.
Аймгийн Онцгой байдлын газар нь тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлэх, бууруулах, төлөвлөх, эрэн хайх аврах, гал түймэр унтраах, хүмүүнлэгийн тусламжийг хүргэх, сэргээн босгох цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Үүнийг орон нутгийн хэмжээнд Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах Онцгой байдлын байгууллагын анхан шатны нэгж юм. Байгууллагын үндсэн чиг үүргийг орон нутагт өөрийн хүч бололцоонд тулгуурлан зохион байгуулж, удирдлагыг шуурхай мэдээллээр ханган ажиллах нь бидний үндсэн үүрэг. Нөхцөл байдал орон нутгийн боломжоос давсан үед бүс, цаашлаад Онцгой байдлын ерөнхий газар, Улсын Онцгой комисст хохирол, хэрэгцээгээ тодорхойлон дэмжлэг авч ажилладаг онцлогтой. Аймгийн удирдлагуудад Онцгой комиссын орлогч, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн орлогчийн хувиар, хууль, дүрэм, журмаар хүлээсэн үүргийн хүрээнд гамшгаас хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, дэмжлэг авч хамтран ажилладаг. Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, гамшгаас хамгаалах, аюулгүй амьдрах ухааны сургалт, дадлагыг хамтран зохион байгуулдаг.
.jpg)
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Шударга байх зарчмыг баримталдаг. Алба хаагчидтай тэгш харилцаж, зарчмын шаардлагыг тухайн хүнд өөрт нь хэлж, зөвлөдөг. Мөн бусдаас шударга, үнэнч ажиллахыг хүсдэг дээ.
-Өөрийн арга барилаа хаанаас, юунаас олж авдаг вэ?
Сурсан сургуулийн онол, арга зүй, ажил, амьдралын туршлагатай дарга, удирдлага, хамтран зүтгэгч, удирдлагад ажиллаж байгаа хамт олон, найз нөхдөөсөө олж авдаг. Мөн хийж хэрэгжүүлсэн ажлынхаа алдаа, оноог дэнсэлж, туршлага сургамж авч, сайжруулалтыг хийдэг.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Онцгой байдлын алба төр, ард түмний итгэл даасан мөнхийн гэгээн алба. Дэлхий нийтийн жишгийг дагаж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд сум, суурин газраас алслагдсан малчин, иргэдийг сургалт, сурталчилгаанд хамруулахыг зорьж байна.

Лхагва - 03 сарын 18,
2026
Сэтгэгдэл0