Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын манаанд зогсож буй эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагчид аа,
Батлан хамгаалах салбарын нийт ажилтан, албан хаагчид аа, Үе үеийн бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, мөн даян дэлхийн энх тайвны төлөө хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийн элч цэнхэр дуулгатнууд аа!
Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Монгол цэргийн түүх бол ганцхан зуунаар хэмжигдэх түүх биш, харин Монгол төрийн оршин тогтнохын дархлаа болсон олон зууны дайчин уламжлалын үргэлжлэл билээ. Их эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны үеэс улбаатай Монгол цэргийн сахилга бат, эв нэгдэл, эх оронч үзэл нь Монгол төрийн бат бөх тулгуур болсоор ирсэн бөгөөд энэ үнэт өв уламжлал үе үеийн монгол цэргийн ухамсар, нэр төр, үүрэг хариуцлагын үндэс болсоор байна. XX зууны эхэн үеийн үндэсний сэргэлтийн он жилүүдэд монголчууд төр улсаа сэргээн мандуулах, тусгаар тогтнолоо бататгах их үйлсийн төлөө нэгдэн тэмцэж, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар төрийн тусгаар тогтнолоо сэргээж, улмаар 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар үндэсний тусгаар тогтнолоо бататгасан билээ. Тэр цаг үед эх орныхоо хувь заяаг хамгаалах үндэсний Зэвсэгт хүчнийг байгуулах түүхэн шаардлага урган гарч, 1921 онд Ардын журамт цэрэг байгуулагдан орчин цагийн Монгол Улсын Зэвсэгт хүчний эх суурь тавигдсан түүхтэй. Өнгөрсөн зуу гаруй жилийн хугацаанд Монгол цэрэг эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, эх оронч үзэл, эр зориг, үнэнч зүтгэлийн бахархам түүхийг бүтээжээ. Түүний тод жишээ болсон Халхын голын байлдааны ялалт нь Монголын ард түмэн, цэрэг дайчдын эв нэгдэл, эр зориг, баатарлаг үйл хэргийн тод илэрхийлэл болсон юм. Тэрхүү ялалт Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган хамгаалж, эх орны ирээдүйн хувь заяаг шийдсэн түүхэн үйл явдал байлаа.
Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, Маршал Хорлоогийн Чойбалсан эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг онцлон “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нартаа үлдээв” хэмээн захисан байдаг.
Энэ үг бол зөвхөн нэгэн удирдагчийн захиас төдий бус, харин Монголын тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулж ирсэн үе үеийн эх орончдын бидэнд үлдээсэн түүхэн гэрээслэл билээ. Энхийн цагт ч Монголын Зэвсэгт хүчин улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн. Байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдлын үед ард иргэддээ туслах, эх орныхоо бүтээн байгуулалтын олон ажилд гар бие оролцох замаар Монгол цэрэг ард түмнийхээ итгэл хүндэтгэлийн бэлгэ тэмдэг болсоор байна. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин үндэсний батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ дэлхийн энх тайван, аюулгүй байдлын үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулж байна. Монголын цэрэг дайчид Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэй оролцож, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөн, Монгол цэргийн шинэ үеийн бахархалт түүхийг бүтээсээр байна. Түүнчлэн эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах тангарагтаа үнэнчээр зүтгэхийн зэрэгцээ хиймэл оюун ухаан, киберь аюулгүй байдал, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, дрон хөгжүүлэлт зэрэг орчин үеийн технологиудыг нэвтрүүлж, дэлхийн цэрэг-дайны урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэхийг зорьж байгаа нь өнөө цагийн бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн чухал алхам бөгөөд хаана, хэдийд ч Монгол цэрэг сорилт бүрийг даван туулж, өвөг дээдсийнхээ халуун амь, бүлээн цусаар олж авсан эх орон, эрх чөлөөг хамгаалах түүхийн өмнө хүлээсэн ариун үүрэг өнөөдрийн бидэнд оногдсон билээ. Иймээс бид Маршал Хорлоогийн Чойбалсангийн хэлсэнчлэн “эрхэмлэж яваарай” хэмээх тэр захиасыг ямагт санаж, бидэнд итгэн үлдээсэн эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг улам бататган бэхжүүлж, хойч үедээ улам хүчирхэг, улам бат бөх Монгол Улсыг өвлүүлэн үлдээх учиртай. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн Та бүхний алдар гавьяа үеийн үед дуурьсагдаж, Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.
УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ДАМБЫН БАТЛУТ
Лхагва - 03 сарын 18,
2026
Сэтгэгдэл1
Цэргийн алба хаагаагүй байж юун баяр маяр ! хаашаа ч гарахгүй гэртээ сууж бай гэж авгай нар нөхрөө загнадаг өдөр ! яахав алба хаасан ухаантайг нь яаж ч чадахгүй ! бага шиг уугаарай гэж хэлдэг өдөр ! Өнөөдөр !