sonin.mn
Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор ардчиллын анхдагчдын нэг, нийслэлийн АН-ын Ахмадын хорооны дарга, зураач Лхасүрэнгийн Хадбаатарыг урьсан юм. Журмын нөхөд нь түүнийг анхны партизануудын нэг, хамгаалалтын албаны дарга, өлсгөлөнгийн санааг анх гаргасан хэмээдэг. Тэрээр 1978-1987 он хүртэл тээврийн баазад жолооч хийж байгаад 1987 онд Монголын радиогийн дарга М.Чойжил гуайн жолооч болсон нь түүний зураачаар ажиллах замыг нь нээжээ. Л.Хадбаатар даргыгаа хүлээх зуураа түүнийг болон бусад хүний зургийг зурсан нь даргын хараанд өртсөнөөр тухайн үеийн Мэдээлэл, радио, телевиз улсын хорооны дарга Зантууд үзүүлснээр тушаал гарч “Теле кино” үйлдвэрийн Хүүхэлдэйн киноны тасагт ажиллах болжээ. Ингэхдээ “Өнчин цагаан ботго”, “Эрх цагаан ишиг”, “Шаазан заан”, “Дэггүй жаал”, “Тус”, “Анхны хичээл”, “Томоо, Жижгээ” хүүхэлдэйн киноны зураачаар ажилласан байна. Мөн 1993 онд Чехийн Элчин сайдын яаманд Үндэсний хүүхэлдэйн урлагийн үзэсгэлэн, 2015 онд АНУ-ын Тусгаар тогтнолын 239 жилийн ойгоор АНУ-ын Элчин сайдын яамд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ.
 
Түүний аав Лхасүрэн Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, Мэдээлэл, радио, телевиз улсын хороонд олон жил оператор хийжээ. Нийтлэлийн баатар маань 1955 онд Улаанбаатар хотод төрж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн сургуулийг 1973 онд төгссөн байна.  Харин зураачийн мэргэжлийн сургуулийг дүүргээгүй ч төрөлх авьяасаараа зураач болсон гэж байлаа. Тэрээр “Миний аав, ах нь зураач. Ах маань Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дунбүрээ, хадам ах Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Бизьяа гээд байна. Миний өвөг дээдсүүд урлаг, соёлоор явсан уран хатгамалчин, сийлбэрчин хүмүүс байсан нь нөлөөлсөн. Би наймуулаа, их хөдөлгөөнтэй, жавтий их хүртдэг хүүхэд байлаа.
 
Жавтий их хүртдэг байсан болохоороо өдий зэрэгтэй явдаг байх. Хэрэв үгүй бол буруу тийшээ явчих байсан ч юм билүү” гэв. Л.Хадбаатарын гэргийг Ч.Отгонбаяр гэнэ. Тэрээр УИХ-ын гишүүн асан, хуульч мэргэжилтэй нэгэн аж. Нийтлэлийн баатар маань ардчилсан хувьсгалтай хэрхэн холбогдсон талаараа ийн ярьсан юм.
 
Ардчиллын тэмцэгч болсон нь
 
 
Би өөрөө ардчиллын гэрч. Тиймээс “Гэрч” зурагт цонх нээгдэхэд ардчиллын салхи тэр чигтээ орж ирснийг хөшгөөр төлөөлүүлсэн гэж байв.
 
-Би 1989 оны ардчилсан хувьсгал эхлэхээс өмнө Мэдээлэл, радио, телевиз улсын хорооны “Теле кино” үйлдвэрийн хүүхэлдэйн киноны тасагт зураач, хүүхэлдэйн мастер хийж байлаа. Хүүхэд наснаасаа эхлээд төлөвштлөө социалист нийгэмд 30 гаруй жил амьдарсан, тэр үеийн бүтээгдэхүүн. Гэхдээ л эмзэглэдэг зүйл олон байлаа. Тухайлбал, ямар нэгэн шинэ байгууллага байгуулъя гэхэд Төв хороо, Засгийн газар гэдэг ч нөгөө хэд нь цаашаа Москвагаас асууна. Бид албан байгууллага байгуулах өөрийн мэдэл байхгүй. Бүх юмаа Москвагаас асуудаг байлаа. Би Мэдээлэл, радио, телевиз улсын хорооны зураачаар ажиллаж байхад Зөвлөлтийн мэргэжилтэн гэж байсан. Энэ хүмүүс телевизийн мэргэжилтнүүд гэж байгаа ч өөр ажилтай байсан гээд ярьвал их юм бий. Тиймээс ардчиллыг дэмжихээс өөр зүйл байгаагүй. ЗХУ тухайн үед социализмын гол тулгуур бааз нь байсан учраас бусад улсаа санхүүжүүлдэг байгаад зогсчихоор бид өөрсдийгөө авч явахгүй гээд яах юм бэ. Зарим нь эрс шинэчлэл хийхгүй, аажмаар шилжих байсан гэдэг. Тийм юм байхгүй, бид эрс шинэчлэлийг хийхээс өөр зам байхгүй байсан. Эндээс л миний ардчилсан хувьсгалд оролцох зам мөр эхэлсэн. Анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Залуучуудын соёлын төвийн үүдэнд болсон. Би бүх цуглааныг удирдаж, засч залруулахаас гадна хамгаалалтын албаных нь даргаар ажилласан. Сүхбаатарын талбай дээр болсон бүх үйл явдлаар байшингийн цонх хагалаагүй, нэг хүний хамраас цус гаргахгүй байх бүх юмыг зохион байгуулсан нь миний бие юм. Тухайн үеийн Засгийн газар бидний тавьсан шаардлагуудад хариу өгч чадахгүй, өмнө нь ийм эсэргүүцэлтэй тулгарч байгаагүй болоод ч тэр юм уу тухайн үеийн төр, засаг шоконд орсон. Аливаа төрийн хэмжээнд шийдвэр гаргах ямар ч чадваргүй, санхүүгийн боломжгүй, яахаа мэдэхгүй болсон. Тиймээс залуучууд төр, засгийн асуудлыг шийдэх цаг нь болсон” гэв..
 
72 цаг үргэлжилсэн өлсгөлөн
 
 
1990 оны гуравдугаар сарын 7-9-нд Сүхбаатарын талбайд болсон улс төрийн өлсөлтийн хүнд нөхцөл байдлыг харуулжээ.
 
1990 оны гуравдугаар сарын 6-нд шийдвэрээ гаргаж чадахгүй байна гэдэг асуудал хаа хаанаа хүндэрчээ. Орон даяар ажил хаялт зохион байгуулъя гэсэн санаа ч ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүд, хөдөлгөөнүүдээс цухалзаж байсан аж. Энэ тухай тэрээр Монуметаль чимэглэлийн үйлдвэр буюу одоогийн Меркури зах дотор Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж ямар шийдвэр гаргах вэ гэдэг асуудлаа тэнд шийдсэн байна. Тэгэхдээ ажил хаялтыг яаж зохион байгуулах вэ, ажил хаялтын түр хороо байгуулъя гээд гишүүд ярилцаж байсан аж. Тухайн үед хүн бүр өөрийнхөө үгийг хэлж байлаа. Түүний ээлж болоход нь “Хэрэв бид ажил хаялт зохион байгуулаад амжилтад хүрвэл нэг хэрэг. Амжилтад хүрэхгүй бол хаа хаана хүндэрнэ. Тиймээс Хайдер докторыг дуурайгаад өлсгөлөн зарлаад өөрс дээрээ тэмцлийг татъя” гэж хэлснээр гуравдугаар сарын 7-нд өлсгөлөн зарлах шийдвэрт хүрсэн. Тэр үед АНУ-д Хайдер гэдэг доктор Цагаан ордны өмнө өлсгөлөн зарлаад 52 хоносон. Тэгэхэд нь ийм олон хоног өлсчихөөд үхдэггүй хаашаа амьтан бэ гэж бодож байсан. Хүн чинь шингэний дутагдалд орохгүй л бол байгаад байдаг юм байна гэдгийг тухайн үед мэдээгүй гэж байлаа.
 
 
Э.Бат-Үүл түүний саналыг сонсоод хэсэг сууж байснаа самбар дээр өөрийнхөө нэрийг бичээд “Би өлсгөлөн зарлалаа, намайг дагаад зарлах хүн байвал бич” гэхэд араас нь хүмүүс нэрээ бичээд 10 хүн боллоо. Тэгэхээр нь өлсгөлөн зарлах санааг нь гаргачихаад хаашаа ч юм бэ дээ гээд 11 дэх хүн болгоод өөрийгөө бичхэд Э.Бат-Үүл түүний нэрийг дарчихсан аж. Тэгэхээр нь “Яаж байгаа юм бэ би зарлая даа” гэхэд “Үгүй ээ. Чи болохгүй. Чи зарлачихаар хамгаалалтыг хэн хариуцах юм бэ” гэснээр би хамгаалалтаа хариуцаад үлдэж байлаа. 1990 онд болсон бүх үйл явдлын тэмцлийн дээд цэг нь энэ байсан” гэлээ.
 
 
Өлсгөлөн 72 цаг үргэлжилсэн байна. Гуравдугаар сарын 9-ний орой буюу гурав дахь өдрийн 19:00 цаг өнгөрч байхад жагсагчид хүнд байдалд орсон. Хүмүүс ордон руу дайрах гээд ихэд сандаргасан ажээ. Тухайн үед гутлын үйлдвэр, автобус компани, төмрийн үйлдвэрээс том биетэй залуусыг хамгаалалтад гаргасан. 21 цагийн үед Ж.Батмөнх гуай радиогоор “Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо” гэдгээ мэдэгдсэнээр өлсгөлөнгөө зогсоож байлаа. Үүнээс хойш орон нутагт тэмцэл өрнөж өлсгөлөн зарласан нь үр дүнгээ өгсөн. Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүд орон нутагт салбар зөвлөлөө байгуулахаар тарж ажиллахад би Завхан, Дундговь, Хэнтий аймагт ажилласан байна. Ардчиллын 30 жилийг хүний амьдралаар бодвол урт, харин түүх талаас нь авч үзвэл бага хугацаа ч чамлах хэрэггүй. Энэ хугацаанд өчнөөн юм солигдож байна. Хамгийн гол нь бидний хайрлаж, хамгаалж явах зүйл бол Монгол Улсын тусгаар тогтнол. Үүний төлөө олон хүн амь насаа алдаж, амьдралаа зориулсан байдаг. Гэтэл 1990 оны ардчилсан хувьсгал бидэнд дахин олдохгүй. Хэрэв энэ байдал эргэвэл Орос, Хятадын ч юм уу хаана нэг газрын нөлөөнд орно. Өөр хувь тавилан бидэнд байхгүй. Өнөөдрийн энэ ардчиллаа бид хамгаалж явахгүй бол болохгүй. Бидний эрх чөлөөгөө хамгаалах ганц түлхүүр нь ардчилал.
 
Бид үр хүүхдэдээ эрх чөлөөгүй эх орон үлдээгээд яах юм бэ. Бид чөлөөтэй ярьж, сэтгэдэг энэ сайхан эх орноо үр хойчдоо үлдээх ёстой. Бидний энэ газар шороонд шүлсээ гоожуулж байгаа гадныхан байгаа. Эдний эсрэг дуугарах зүйл чинь ардчилал. Өнөөдөр бидний газар шороог хэн ч булааж чадахгүй. Өнөөдөр бүх юм ил задгай болчихсон, хяналтад байгаа учраас бид дуугарч байгаа юм. Газрын баялгийг бид өөртөө ашигтайгаар зарцуулах л хэрэгтэй. Түүнээс зогсооно, хаана гэдэг байж болохгүй асуудал. Тавантолгой, Оюутолгойг буруу компанид өгсөн гэж ярьдаг. Үүн дээр бид хяналтаа тавьж, адилхан ижил тэгш явах ёстой. Хэрэв бид эрх чөлөөтэй болоогүй бол өнөөдөр Тавантолгой, Оюутолгойн уурхай байдгийг бид мэдэхгүй, чимээгүйхэн ухаад л явах байсан. Хаалттай нийгэмд Мардайг чимээгүй ухаж байсныг бид мэдээгүй шүү дээ. Өнөөдөр бүх юм нээлттэй учраас ярьж байгаа нь бидний ололт, амжилт. Бидэнд алдсан юм байхгүй. Харин алдсан юм шиг харагдаж байгаа зүйл их байна. Гэтэл яг юу алдсаныг хэн ч хэлж чадахгүй байгаа шүү дээ” гэсэн юм.
 
Хувьсгалыг долоо, 13 хүн удирдаагүй
 
 
 
“Онцгой шийдвэр”-ээр ажил хаялтыг өлсгөлөнгөөр сольж өөрс дээрээ тэмцлийг татахаар шийдсэн үе.
 
-Ардчилсан хувьсгалын талаар ямар нэгэн юм үзье гэхээр гэрэл зурагнаас өөр зүйл байдаггүй. Хүмүүс л энд тэндгүй ярьж, ном бичээд байдаг. Хүмүүс 1921 оны Ардын хувьсгалыг долоон хүн, 1989 оны ардчилсан хувьсгалыг 13 хүн удирдаад хийсэн гэж ойлгодог. Түүх нь ч тэгж харагддаг. Гэтэл долоо, 13 хүн биш ийм олон хүн байсан юм гэдгийг зургаар түүх болгож зурсан. Тэгэхгүй бол хэдхэн хүн хувьсгал хийсэн юм шиг ойлгогдоод байгаа юм. Тэгж болохгүй, ийм олон хүн хийсэн юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ардчилсан хөдөлгөөн, хувьсгалыг зарим хүн сошиалаар захиалгатай гэдэг. Үүнд ямар ч захиалга байхгүй. Өнөөдөр хуучин нийгмээ сэргээе гэж байна, үүний тулгуур нь байхгүй шүү дээ. ЗХУ унаснаар дэлхийн социалист систем нурсан. Юун дээр тулгуурлаж хуучин нийгмээ сэргээх гээд байгаа юм бэ. Ардчилал бол бидний явах дардан зам. Алдаа, оноотой, дунд нь залхай хүмүүсийн үр нөлөө гарсан. Энэ бидний дунд байх ёстой зүйл юм байна. АНУ ардчиллаа туулаад 300 гаруй жил болж байгаа ч төгс болчихоогүй л байна. Манайд дөнгөж эхлээд 30 жил болж байна. Бид цаашаа өшөө зовлон туулна. Гэхдээ ямар зовлон гэдгийг нь хэлж мэдэхгүй ч ардчиллаа бид хамгаална. Энэ ардчилал бидэнд дахин заяахгүй зүйл. Манайхны зарим нь ардчилсан нийгэмд орсноо нулимж байна. Ингэж болохгүй, бид ардчиллаар явахаас өөр замгүй. Дэлхийд ч ийм зам байхгүй. Ардчилал сайн, муу олон талтай. Гэхдээ л бид энэ замаар явахаас өөр аргагүй. Харин ч үүнийгээ хөгжүүлээд зөв авч явах нь чухал.
 
Төр хувийн үйлдвэрүүдийн татвар дээр тогтдог
 
Ардчилал хийснээр улсын том үйлдвэрүүд хаалгаа барьсан шүү дээ гэхэд уналгүй яах юм бэ. Техник, хэрэгсэл нь ЗХУ-ынх байсан. Бид лаазалсан махны лааз, хөндлөн зүү ч хийдэггүй байсан. Унахгүй байсан ч өөрөө унана. Үүнийг санхүүжүүлдэг, техник сэлбэгээр хангадаг хангалтууд нь бүгд зогссон болохоор унахгүй, хувьчлахгүй яах юм. Юуг нь хүлээж суух юм бэ. Тэр үед чинь дэлгүүрт давснаас өөр юу ч байхгүй болсон. Тиймээс бид иргэдээ гадаад паспортжуулаад гадаад руу гаргахаас өөр зам байгаагүй. Үүний хүчээр урагшаа ганзаганд явснаар дэлгүүрийн лангуунууд юмтай болж, хөл дээрээ боссон. Засаг төрөөс юу ч гараагүй. Өнөөдөр үнэхээр сайхан байна. Юмны үнэ өсч байна, гэхдээ энэ нь өнөөдрийн биднийг авч явж байгаа хүмүүсийн царай. Өнөөдрийн улсын үйлдвэр цаашид явахгүй. Монгол хөгжье гэвэл хувийн үйлдвэр дээр явах ёстой. Орон нутагт байгаа уул уурхайг улс ав гэж байна. Тийм юм байхгүй, төр татвар дээр тогтдог. Төр хэнээс татвар авдаг вэ гэхээр хувийн үйлдвэрүүдээс авдаг. Улсын үйлдвэр болгочихвол мөдхөн унана. Улсын үйлдвэрт хүн сэтгэл гаргадаггүй, харин хувийнхаа юманд ажиллаж өөрийнхөө хөрөнгийг босгож байж улсад татвараа төлдөг гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Малчин, лам хүн ч гэсэн Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа бол татвараа төлөх ёстой. Татвар төлдөггүй нэг ч хүн байх ёсгүй. Мэдээж татварт дуртай хүн байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр татвар байх ёстой. Байгууллага, хувийн компани, аж ахуйн нэгжүүдийг сөхөртөл нь татвар татаж болохгүй. Нийтээрээ татвар төлдөг болсноор улс хөл дээрээ босно. Түүнээс хэдхэн ажиллаж байгаа, тодорхой хэмжээнд үр дүнтэй ажиллаж байгаа үйлдвэрүүдэд дарамт учруулж болохгүй. Цаана нь хүн ажиллаж, амьдарч байгаа учраас энэ бүгдийг зохицуулсан татвар байх ёстой. Аливаа юм өөрийн ололт, алдаатай.
 
 
Бидний нэг сул тал нь алдаатай юмаа арай илүү олж хардаг болсон байна. Алдаан дээр нь ашиг хайгчид их болсон ч удаан хол явж чадахгүй, шүүгдээд гарч ирнэ. Манайхан муу юм хол явдаггүй гэдэг шүү дээ. Монгол Улс газар нутгийн хувьд том ч гурван сая хүн амтай. Хятад, Энэтхэгийн нэг мужийн л хэмжээний улс шүү дээ. Гэтэл гуравхан сая хүнийг, эдийн засгаа аваад явчих сэтгэлтэй хүн алга. Хувийн хэвшил рүүгээ дайрч байна. Монгол Улсыг хувийн хэвшлийнхэн л авч явна. Ямар ч тохиолдолд дэлхий өөрийнхөө хувийн хэвшил дээр явдаг.  гэсэн юм.
 
 
Л.Хадбаатар гуай 2014 онд буюу ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор “Түүчээ цаг-1” үзэсгэлэнгээ гаргасан бол 30 жилийн ойгоор “Түүчээ цаг-2” үзэсгэлэнгээ ард түмэндээ толилуулж байна. Үүнээс гадна “Ардчиллын шонхор”-ууд номоо өнгөрсөн аравдугаар сард өлгийдөн авчээ. Тэрээр “Бид өөрсдийгөө түүхэнд үлдээхгүй юм бол биднийг хэн ч тоож түүхэнд үлдээхгүй юм билээ. Тиймээс тухайн үеийн үйл явдал хэрхэн өрнөж байсныг зургаараа илэрхийллээ. 1990 онд шашин шүтлэг гэж дуугардаггүй байсан. Цонх нээгдэхэд ардчиллын салхи тэр чигтээ орж ирсэн. Энэ салхийг энэ хөшиг төлөөлж байгаа. Нарийн яривал Монгол Улсын сүлд цагаан шонхор шувуу байх ёстой. Соёмбо биш, 5000 жилийн өмнө Энэтхэгт үүссэн бичиг юм билээ. Манайхан өнөөдөр Г.Занабазарыг зохиосон гэж ярьдаг ч цагаан шонхор шувууг бэлэгдлээ болгох ёстой” хэмээн “Гэрч” зургийнхаа тайлбарыг үзэгчдэд тайлбарлаж байсан нь анхаарал татсан юм.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин