СӨҮЛ. /TASS/. АНУ-ын цэргүүдийг БНСУ-ын нутаг дэвсгэрт байлгахтай холбоотой батлан хамгаалахын зардлыг тодорхойлох хоёр улсын хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гарчээ. Энэ тухай Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чон Ун Бо Вашингтон хот руу нисэхийнхээ өмнө сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
“Одоогийн байдлаар талууд нэлээд ахиц дэвшил гаргаж, хэд хэдэн уулзалтын үеэр холбогдох асуудлын талаарх ойлголтоо өргөжүүлсэн гэж үзэж байна. Бид харилцан буулт хийх үндсэн дээр гэрээг аль болох хурдан байгуулж, БНСУ, АНУ-ын цэргийн холбоог бэхжүүлэхээр ажиллаж байна” гэж тэрбээр мэдэгджээ.  
 
 
Чон Ун Бо Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Жеймс Дехарттай энэ сарын 14-нд уулзах бөгөөд тэдний хэлэлцээ хоёр өдөр үргэлжлэх аж.
АНУ-ын цэргүүдийг нутагтаа байлгахад гаргадаг зардлынхаа хувь хэмжээг өсгөхийг тус улсын эрх баригчид 2018 оноос хойш Сөүлээс шаардаж байгаа юм. "БНСУ-ын зардлыг эрс өсгөх шаардлагатай, учир нь тус улсад байрлаж буй Америкийн 28 мянган цэргийн зардалд АНУ жил бүр таван тэрбум ам.доллар зарцуулдаг" гэж Америкийн тал мэдэгджээ. Харин БНСУ-ын тал зардлаа өнгөрсөн онд 8.2 хувиар нэмэгдүүлж, 1.04 их наяд вон буюу 915 сая ам.доллар болгосон байна. Америкийн тал Өмнөд Солонгосын гаргах зардлыг үүнээс бараг тав дахин нэмэгдүүлж, 4.7 тэрбум ам.доллар болгохыг шаардсан гэж өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдээлж байв. 
 
АНУ-ын цэргүүд Солонгосын дайны үеэс хойш Өмнөд Солонгост байрлаж байгаа бөгөөд цэргүүдийг байлгахыг нөхцөлийг хоёр орны хооронд 1950 оны нэгдүгээр сарын 26-нд байгуулсан батлан хамгаалахын туслалцааг харилцан үзүүлэх тухай гэрээгээр зохицуулдаг аж.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг