sonin.mn
Уншигч та эсвэл таны эргэн тойрны хэн нэгэн Цэргийн төв эмнэлэгт мухар олгой авахуулах мэс засалд орлоо гэж бодъё. Мэдээж эмч нар өвчтөнд мэс заслыг амжилттай хийж, өвчнөөс нь салгана. Ингээд л бүх зүйл дуусчихаж байгаа юм биш ээ. Үүний дараагаар Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн хамт олны шат дараалсан жинхэнэ ажил эхэлнэ. Өөрөөр хэлбэл, мэс заслын дараа тухайн эд, эрхтэнд шинжилгээ, судалгаа хийж, хавдар илэрсэн тохиолдолд эрт үед нь оношлох боломжийг эмчлүүлэгчдэд олгодог маш хариуцлагатай ажил явагддаг гэсэн үг. Энэ бол тус байгууллагын ажил, үйлчилгээний зөвхөн нэг чиглэл нь.
 
 
 
Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн түүхтэй холбоотой нэгэн баримтыг сөхвөөс, Засгийн газрын шийдвэрээр онц эрх бүхий тусгай комисс томилогдож, Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын цогцост 1923 оны 2 дугаар сарын 28-ны өдөр задлан шинжилгээг хийсэн тухай “МОНТА” сонинд хэвлэгдэж байжээ. Чухам энэ өдрөөс тус байгууллагын үндэс суурь нь манай улсад эхлэн тавигдсан гэж үздэг байна. Эмгэг судлал, шүүх эмнэлэг нь анх одоогийн Цэргийн төв эмнэлгийн хүлээн авах тасгийн хажууд Шүүх эмнэлэг, эмгэг анатомийн кабинет нэртэй үүдээ нээж байжээ.
 
 
 
Байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр 1988 онд БХЯ, НАХЯ-ны сайдын хамтарсан тушаалаар Хилийн ба Дотоодын цэргийн шүүх эмнэлэг, эмгэг судлалын тасгийг тус байгууллагатай нэгтгэн зохион байгуулснаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас гадна Хилийн цэрэг, Аюулаас хамгаалах байгууллага, Цагдан сэргийлэх газар, Хорих байгууллагуудын шүүх эмнэлгийн ажлыг бүхэлд нь хийж эхэлсэн ажээ.
 
 
 
 
 
Мөн 1989 оноос Зүүнбаянгийн гарнизоны эмнэлэгт салбар шүүх эмнэлэг, эмгэг судлалын тасгийг байгуулсан зэрэг нь тус байгууллагын түүхийн алтан үе гэлтэй. Эрүүл мэндийн яамны харьяа Эмгэг судлалын үндэсний төв, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Шүүхийн шинжилгээний үндэсний төв гэж бий. Тэгвэл тус байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэсэн ганцхан байгууллага Монголд байдаг нь Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлэг юм. Миний хувьд эмч, ажилтан албан хаагчдаа сурган дадлагажуулах, мэргэжлийн түвшинг нь ахиулах бодлого баримтлан ажиллаж байна. Мөн үйл ажиллагаагаараа төстэй бусад байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, боловсон хүчнийхээ мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэх талаар ч анхаарч байна” гэж тус байгууллагын дарга, хошууч Д.Чулуунбаатар онцолсон. Тэр бээр 1997 онд Анагаах ухааны их сургууль, 2005 онд Удирдлагын академийг тус тус төгссөн бөгөөд Анагаах ухааны болон төрийн удирдлагын магистр зэрэгтэй ажээ.
 
 
 
 
Эмгэг судлал гэдэг нь маш хариуцлагатай ажил ажээ. Тухайлбал, хэн нэг хүн ходоодоо дурандууллаа гэж бодъё. Эмч ходоодноос нь эд авч тус байгууллага руу явуулна. Журмынх нь дагуу Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн лаборатори тухайн эдийг нь шинжлээд онош тогтооно гэсэн үг. Хэрэв онош буруу тогтоовол эрх зүйн хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлбэл, тухайн өвчтөний аль нэг эрхтэнийг хавдартай байна гэж үзвэл шууд зүсэлт хийх, тайрах арга хэмжээ авдаг болохоор алдах эрхгүй мэргэжил юм.
 
 
 
Энэ тухай эмгэг судлаач эмч, ахмад Д.Баасансүрэн хэлэхдээ “Бид ерөнхийдөө задлан шинжилгээ, эсийн шинжилгээ, эдийн шинжилгээ хийдэг. Эсийн шинжилгээ илүү нарийн юм. Голдуу умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх мөн биеийн хөндийн энд тэнд хурсан шингэнээс эсийн шинжилгээ авч оношийг тогтоодог. Тухайлбал, нэг өвчтөний уушги устлаа гэхэд усыг нь соруулж аваад манайх руу эсийн шинжилгээнд өгнө. Бид түүнийг нь судлаад хавдрын эс байгаа эсэхийг эсийн түвшинд тогтоодог. Харин эдийн шинжилгээнд бүх мэс заслын оношилгоо багтдаг. Арьсанд нэг овойсон зүйл гарлаа гэхэд, тэр нь юу ч байх магадлалтай учир заавал лабораторийн шинжилгээнд ордог. Хоргүй хавдар гэж оношлогдож байсан ч манайд ирээд шинжилгээнд орсны дараа хортой хавдар байсан нь илэрсэн жишээ хэд хэд бий. Зарим оношлоход бэрх эдийн зургийг аваад гадаадын улс орнуудын эмч нар руу илгээж зөвлөгөө авах тохиолдол ч гардаг. Дэлхийд бүртгэгдсэн болоод бүртгэгдээгүй олон мянган өвчин бий. Тэр бүхэнд бид маш хариуцлагатай хандаж, ёстой л “Долоо хэмжиж, нэг огтолдог гэж болно” хэмээн ярьсан юм. Өнгөрсөн онд гэхэд тус байгууллага 2600 гаруй эдийн шинжилгээ хийж, оношийг нь эцэслэн тогтоосон байна. Харин эсийн шинжилгээний хувьд төсөвтөө баригдаад цөөн авдаг ч 2019 онд хортой хавдар гурвыг илрүүлж, оношийг эрт үед нь тогтоож чаджээ.
 
 
 
Ер нь эмгэг судлалын үйл ажиллагаа сайн явагдаж, шинжилгээг хэр зэрэг нарийн хийж чадна, тэр хэмжээгээр эмнэлгийн мэс заслын хөгжил төдий чинээ урагшилдаг ажээ. “Хэдий үйл ажиллагаа явуулахад техник, тоног төхөөрөмж, орон байрны асуудал хүнд байдаг ч бид хийх ёстой ажилдаа чин сэтгэлээ зориулж, өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийж ирсэн. Жишээлбэл, миний ширээн дээр байгаа энэ микроскоп аль 1980-аад оных. Яах вэ, ажиллах механизм буюу гэрлийн оптикийн зарчим нь өөрөө хуучрахгүй учир хэрэглэж болоод л байна. Гэтэл сүүлийн үеийн гэлтгүй ихэнх микроскопууд дижиталчлагдсан. Эд, эсэд шинжилгээ хийнгүүтээ зургийг нь авч компьютерт оруулаад хүссэнээрээ шинжлэх боломжтой болсон. Аймгийн төвийн эмч нар гэхэд л шинжилгээний зургаа аваад, эрүүл мэндийн яамны нэгдсэн сүлжээнд оруулах боломжтой байдаг. Гэхдээ манайхаас гарсан оношийг эцсийн онош гэж ойлгож болно. Бид хэзээ ч гаргасан оношиндоо эргэлздэггүй бөгөөд шинжилгээг манай лабораторийн мэргэжилтнүүд маш сайн оношилж чаддаг. Задлан шинжилгээний хувьд эмнэлэгт нас барсан, эсвэл Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу тодорхой заалтуудын хүрээнд хийдэг. Бидний хувьд өвчтөний түүхэнд тулгуурлаж дүн шинжилгээ хийдэг бөгөөд эцсийн оношинд нь шинжилгээ хийж, онош зөв эсэх талаар шалгадаг. Өөрөөр хэлбэл, оношоо буруу тавиад буруу эмчилсээр байгаад ийм байдалд хүргэв үү, зөв онош тавиад зөв эмчлээд байхад хүндэрсээр байгаад алдчихав уу, эсвэл хийгдэх ёстой эмчилгээ, үйлчилгээг тасалдуулснаас болов уу зэрэг олон хүчин зүйлсийг судалж, шалтгааныг нь тогтоодог. Нэг үгээр хэлбэл, бид эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавьж, цаашид гарч болох доголдлоос урьдчилан сэргийлдэг. Тиймдээ ч аль ч эмнэлгийн эмч нараас мэдлэг, чадвараар илүү байж, хяналт тавих ёстой гэсэн зарчмыг бид баримталдаг” хэмээн ахмад Д.Баасансүрэн нэмж онцолсон.
 
 
Тэрбээр 2005 онд ОХУ-ын Волгоград хотын Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч, 2006 онд АНУ-ын Монтанагийн их сургуульд биеийн бүтэц зүйгээр мэргэжил дээшлүүлж, 2007 онд Хавдар судлалын үндэсний төвд хавдар судлаач эмчээр, 2013 онд анагаах ухааны магистр, 2010 онд эмгэг судлаач эмч, 2015 онд Шүүх эмнэлгийн шинжээч эмч, 2016 онд эс судлаач эмчээр тус тус мэргэжил дээшлүүлсэн Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэргүүний ажилтан юм.
Дараагийн онцлох хүн бол эмгэг судлаач, шинжээч эмч С.Наранцэцэг юм. Тэр бээр тус байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1992 онд АУИС-ийн эмчилгээний ангийг төгсөөд Зүүнбаянд буюу МАА-ийн 206 дугаар ангид дотрын эмчээр томилогдон ажлын гараагаа эхэлжээ. Мөн 1997-2007 онд Зэвсэгт хүчний 326, 120, 065 дугаар ангийн эмнэлгийн албаны даргаар ажилласан. 2007-2008 онд БНХАУ-ын Шанхай хотын Хуурай замын цэргийн Анагаахын хоёрдугаар их сургуульд уушгины их эмчээр суралцаж төгсөөд тус байгууллагад шинжээч эмчээр одоог хүртэл ажиллаж байна. 2009 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институтэд эмгэг судлаач, шинжээч эмчээр мэргэшсэн аж. Тэрбээр удам дамжсан цэргийн хүн бөгөөд түүний аав нь Барилгын цэргийн улс төрийн хэлтсийн дарга байсан хурандаа Н.Самдан бол түүний нөхөр нь ҮБХИС-ийн Агаарын довтолгооноос хамгаалах тэнхимийн эрхлэгч, хурандаа Д.Эрдэнэ-Очир ажээ. Тэдний хүү Э.Занданхүү нь “Тэмүүжин Өрлөг” дунд сургуулийн анхны төгсөгч бөгөөд өдгөө ОХУ-ын Санкт Петербург хотын Цэргийн инженерийн дээд сургуулийн гуравдугаар дамжааны оюутан. С.Наранцэцэг “Би 2018 онд тэтгэвэртээ гарсан ч дарга маань эргээд албандаа ажиллах санал тавьсанд их баярладаг. Бидний ажил тийм ч амар биш. Хэр баргийн хүн хийгээд байхгүй шүү” гэж онцолсон.
 
 
Тус байгууллагад хоёр эмгэг судлаач, шинжээч эмч ажилладгийн нэг нь дэслэгч Д.Мөнх-Оргил. Тэрбээр 2008 онд “Ач” анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд өрхийн эмчээр хоёр жил ажилласан ба 2016-2018 онд ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийг шинжээч эмчээр төгсөж Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлэгт 2018 оны 6 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа аж. Өөрийнхөө мэргэжлийн талаар хэлэхдээ “Шинжээч эмч нь шүүх эмнэлгийн шийдвэр гаргадаг. Мэдээж шийдвэр нэг талдаа таалагдана, нөгөө талдаа таалагдахгүй. Таалагдахгүй тал нь юу ч гэж ярьж болно. Тэгсэн ч бид аливаа шийдвэр, оношийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийн тогтоож гаргадаг учир эргэлздэггүй. Хэрвээ алдаа гарвал шууд эрүүгийн хариуцлага хүлээдэг эрх зүйн зохицуулалттай” гэсэн юм. Д.Мөнх-Оргил саяхан ОХУ-ын Иркутск хотод шүүх эмнэлгийн чиглэлээр сургалтад хамрагдан туршлага хуримтлуулаад ирсэн аж.
 
 
Тус эмнэлгийн зүрх болсон хэсэг нь лаборатори юм. Гэхдээ тоног төхөөрөмжийн хувьд зарим аймгийн төвийн лабораториудаас ч хоцрогдсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байсныг нуух юун.
 
 
Тус лабораторид ахлах лаборант Н.Цэцэнжаргал, лаборант Ж.Эрдэнэцэцэг нар ажилладаг. Тэд өөрсдийнхөө өдөр тутамд хийдэг ажлыг маш нарийн тайлбарласан юм. Лабораторид аливаа мэс заслаар авагдсан болон задлан шинжилгээний үед хийгдсэн эдийг шинжлэхээс гадна хэвлийн шингэн, цээжний хөндийн шингэн, умайн хөндий зэрэгт эсийн шинжилгээ хийдэг онцлогтой. Тухайлбал, задлан шинжилгээгээр ирсэн эдэд гадна төрх, ерөнхий байдлаас нь харж, анхны шинжилгээг хийгээд олон төрлийн химийн бодист уусгасны дараагаар зүсэлт хийдэг аж. Өөрөөр хэлбэл, тухайн эдийн үрэвсэлтэй хэсгээс нь дээж аваад тухайн дээжээ сээтэгт хийж, дараагийн хэсэг рүү дамжуулж, бэхжүүлнэ. Ингэснээр эд яг тэр хэмжээндээ хадгалагдана гэсэн үг. Ингээд бэхжүүлж хонуулсны дараа олон төрлийн уусмал, спиртээр угааж, усгүйжүүлэлт хийнэ. Дараа нь тосгүйжүүлэлтийн дамжлагаар оруулаад лааны тосон дамжлагад шилжүүлж, цутгалтад орсны дараа сая зүсэлт хийхэд бэлэн болно. Хэлбэржсэн эдийг маш нарийн зүсээд нимгэн эд гаргаж аван хатааж, будганд оруулна. Энэ процесс өдөр бүр хэдэн арван удаа явагддаг байна. Дамжлага бүр өөрийн гэсэн тогтоосон маш хатуу цагтай учир цагийг чанд баримталж ажлаа явуулах шаардлагатай байдаг гэнэ. Ганц л хором алдвал шинжилгээ бүхэлдээ бүтэлгүйтэж, буруу онош гарах өндөр магадлалтай тул эд бүхнийг нарийн хяналтдаа байлгах шаардлагатай ажээ. Ингэж зүсэгдсэн эд арван жилээр ч яг хэвэндээ хадгалагддаг гэнэ. Дараа нь шинжилгээтэй холбоотой ямар нэгэн маргаан гарлаа гэхэд он, сар, өдөр, цаг, минуттайгаа бүгд архивлагддаг учир ямар ч асуудал гардаггүй. Мөн ямар нэгэн хавдартай байж магадгүй гэсэн эдийг уусмалд бэхжүүлээд олон жилээр хадгалдаг байна. Өөрсдийнхөө хийдэг ажлыг тэд ийн дэлгэрэнгүй ярьсан юм. Ахлах лаборант Н.Цэцэнжаргал хэлэхдээ “Бид чинь дандаа химийн хорон дунд ажиллаж, амьдардаг хүмүүс. Ганцхан энэ умгар өрөөнд шинжилгээ, дамжлага, зүсэлт, будгаа хийхээс гадна бүртгэл, тэмдэглэгээ хөтлөх зэрэг бүхий л үйл ажиллагаа явагддаг. Та харж байгаа биз дээ, өмнө чинь, хойно чинь, хажуу талд чинь хэдэн арван химийн хортой уусмал, бэлдмэлүүд байгааг. Энэ бүхэн чинь агаарт ууршина, техник, тоног төхөөрөмжүүд нь элдэв туяа ялгаруулна гээд ажиллах орчны талаар тоочвол үнэхээр хүнд. Гэсэн ч бид хүмүүсийн эрүүл мэнд, байгууллагынхаа нэр төрийн төлөө зүтгэсээр байна” гэсэн юм. Тэрбээр төрийн байгууллагад 34 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд өөрийнх нь үндсэн мэргэжил нь эх баригч ажээ. Эх баригч-бага эмчээр улсад 16 жил ажиллаад 2008 онд тус байгууллагад ирсэн байна. Одоо Н.Цэцэнжаргал нь байгууллагынхаа хамгийн ахмад нь бас хамгийн олон жил ажиллаж байгаа ажилтан. Харин лаборант Ж.Эрдэнэцэцэг 1985 онд Анагаахын дунд сургуулийг сувилагчийн мэргэжлээр төгсөөд улсын Эмгэг судлал, анатомийн товчоонд лаборантаар 10 гаруй жил ажиллаад хувийн салбар руу шилжсэн ажээ. 2012 оноос Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлэг хэмээх “айл”-ын гишүүн болж, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа аж.
 
 
Тэрбээр “Хүчтэй химийн хортой орчинд ажилладаг учир бид ажлын зургаан цагаар ажилладаг. Жилээс жилд нийслэлийн хүн ам хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн ачаалал, тэр дундаа мэс заслын тоо ч нэмэгдсээр байгаа юм. Үүнийгээ дагаад бид хоёрын ачаалал ч ихсэж байна. Хүмүүс манай байгууллагыг зөвхөн задлан шинжилгээ хийдэг гэж ташаа ойлгодог. Гэтэл үгүй, дээр дурдсанчлан хариуцлага өндөртэй олон ажлыг бид цөөхүүлээ гэлтгүй нугалдаг. Үүнийг салбарын дарга нар сайтар ойлгоосой гэж хүсдэг” гэсэн юм.
 
 
Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлэг хэмээх байгууллагын тухайд сурвалжлахад ийм. Хэдий том сүрлэг, гоё ганган байргүй ч тэдний хийж байгаа үйлс нь олон мянган иргэнд өвчин, эмгэгээсээ урьдчилан сэргийлэх боломж олгоод зогсохгүй шинжлэн судалж, тогтоох зэрэг маш чухал, хариуцлагатай ажил эрхэлдгийг би сайтар ухаарсан юм. Тус байгууллагын лабораторийн хувьд автомат дамжлагатай болчихвол ажлын бүтээмж, шинжилгээний нарийвчлал улам сайжрах ажээ.
Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгээс өөр манай улсад эд, эсийг уусмалуудын дундуур гараараа дамжуулдаг лабораторитой байгууллага үлдээгүй гэхээр уншигч танаа нэгэн зүйл бодогдох биз ээ.
 
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин