sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 14 /TASS/. “SpaceX” компанид зохион бүтээсэн аварга том “Starship” сансрын хөлгийн туршилтын загварыг тээсэн зөөгч пуужинг хөөргөжээ. Энэ бол уг хөлгийг хөөргөх 11 дэх удаагийн туршилт юм.  


“Starship” хөлгийн туршилтын загварыг Техас муж улс дахь "Starbase" сансрын хөлгийн буудлаас орон нутгийн цагаар даваа гаргийн 18:24 цагт хөөргөжээ. Наймдугаар сарын сүүлчээр хийсэн уг хөлгийг хөөргөх өмнөх туршилт амжилттай болсон юм.


Энэ удаагийн туршилтын нислэгийн үеэр сансрын хөлгийн ачааны хэсгээс "Starlink" сүлжээний найман хиймэл дагуулыг дахин гаргах, мөн Raptor хөдөлгүүрийг дахин ажиллуулах ёстой. Үүнээс гадна, сансрын хөлгийн туршилтын загварыг хөөргөх талбайд буцааж буулгах системийн сайжруулалтыг туршина. Мөн шинэ үеийн хурдасгуурт зориулан мэдээлэл цуглуулахаас гадна, дулаан тусгаарлагч дэлгэцийг шалгах ажээ. Туршилтын нислэг нэг цаг орчим үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Энэтхэгийн далай дахь тогтоосон бүсэд бууснаар дуусна. “Starship” хөлгийг дэлхий орчмын тойрог замд нислэг үйлдэх, сансрын нисгэгчдийг Сар, Ангарагт төдийгүй түүнээс алсад илгээх зорилгоор зохион бүтээжээ. Тус хөлөгт зориулж 33 хөдөлгүүр бүхий олон удаа ашиглах зориулалттай, хэт хүнд даацын “Super Heavy” зөөгч пуужинг бүтээсэн байна.


"Super Heavy" болон "Starship" хөлөг дэлхийд эргэн газардахдаа эгц босоо байдлаар бууна. Зөөгч пуужин, сансрын хөлгийн урт нь нийлээд 121 м бөгөөд /Starship-50 м, Super Heavy-71 м/ диаметр нь 9 м, даац нь 100-150 тонн ажээ. 


2026 оны сүүлчээр хүн дүрст "Optimus" роботыг "Starship" сансрын хөлгөөр Ангараг руу илгээнэ гэж "SpaceX" компанийн тэргүүн Илон Маск гуравдугаар сарын 15-нд мэдэгдсэн юм. Түүний ярьснаар, уг нислэг амжилттай болбол 2029 онд "Starship" хөлгөөр хүмүүсийг Ангараг руу илгээх боломжтой ажээ. И.Маск 20 жилийн дараа Ангараг дээр хот байгуулахаар төлөвлөж байгаа юм.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг