sonin.mn
Энэ удаагийн “Хобби” булангаа бид “Монголын пластик дуураймал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэг”-ээс зохион байгуулсан Байлдааны хуягт техникийн пластик загварын үзэсгэлэнгээс бэлтгэлээ. Уг үзэсгэлэнд танк, хуягт техник, нисэх онгоц, автомашин буюу бусад төрөл гэсэн гурван загвараар урлаачид бүтээлээ ирүүлсэн байна. Нийгэмлэгийн ахмад гишүүн П.Эрхэмбаярын өгсөн мэдээллээр 80 гаруй загвараар 20 гаруй тамирчин оролцсон бөгөөд тэдний тав нь сурагчид гэнэ. Пластик дуураймал загвар зохион бүтээх нь дэлхийд тэр дундаа Европын орнуудад үндэсний спорт болтлоо хөгжсөн бол манайд зөвхөн эхэлж байгаа нь энэ аж. Ердөө дөрвөн жилийн өмнөөс энэ төрлийг сонирхдог залуус нэгдэн нийгэмлэг байгуулан жилдээ 2-3 удаа цуглаж, хийж бүтээсэн бүтээлээ нэгэндээ сонирхуулдаг аж. Дуурайж хийх эх загвараа гаднын орноос захиалж авчирдаг бөгөөд энэ нь дунджаар 50 эсвэл 500 доллароос эхэлдэг гэнэ. Гэсэн ч нэгэнт энэхүү спортод шимтэн орсон залуус өөрөөсөө мөнгө харамлалгүй олон тооны эх загварыг нь захиалан авчруулдаг гэнэ.
 
 
Тэд энэ удаа цэргийн техникийг пластикаар дуурайлган урлахдаа бодит цагийн байдалд дөхүүлсэн нь сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байлаа. Нисэх онгоц нь гэхэд мотортой мэт дуугаргагчтай, танк, хуягт техник нь цэрэгтэй, бүр дэлбэрэлтийн үеийн дүрслэлтэй байх жишээтэй. Цэргийн зэвсэглэлийн загварыг дуурайлган хийсэн авьяаслаг олон тамирчнаас хамгийн эхэнд онцлох эрхэм бол БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмад Язал. Тэрээр “Би хүүхэд байхаасаа л эвлүүлдэг тоглоомд дуртай байлаа. Яг энэ төрөлд гэвэл 20 жилийн өмнөөс шимтэн орсон. Ажлын бус цагаараа сонирхлоо хөгжүүлэх дуртай. Одоогоор надад 70 гаруй дуураймал загвар байгаагаас 20 орчмыг нь Монгол Улсад томилогдон ирснээсээ хойш бүтээсэн. Миний нэг дутагдал нь загвар бүтээх тусмаа хугацаа нь өмнөхөөсөө илүү удааширдаг талтай. Энэ нь илүү чадваржиж, тэр хэрээр чимхлүүр ажил их хийх болсонтой холбоотой. Монгол Улсад ирснийхээ дараа над шиг сонирхолтой хүмүүс байдаг болов уу гэж цахим хуудаснаас хайтал “Монголын пластик дуураймал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэг”-ийн бүлэг гарч ирсэн юм. Ингэж л энэ хүмүүстэй холбогдож, уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэхэд нь тусалж, харилцан туршлага солилцох болсон доо. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод өөрийн урласан загвараа бэлэглэхэд тэрээр их уриалгахан хүлээж авсан. Удахгүй Монгол цэргийн музейд бэлэглэх танкны загвараа бүтээж байгаа” гэсэн юм. Элчин сайд Ахмад Язалын хувьд голдуу цэргийн зэвсэглэл, техникийн загварыг дуурайлгаж хийх дуртай бөгөөд үзэсгэлэнд түүний дөрвөн нисэх онгоц, 20 гаруй танк, хуягт тээврийн загвар дэлгэгдсэн байлаа.
 
 
Дараагийн урлаач залуус бол Б.Дугарсүрэн, Д.Батцэнгэл нар. Тэдний гол онцлог нь Монгол Улсын түүхийг өгүүлсэн цэргийн техник урласанд байв. Тухайлбал, Б.Дугарсүрэнгийн хувьд 2019 онд “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд зохион байгуулагдсан “Танкийн биатлон”-д Монгол Улсын Зэвсэгт хүчний багийнхны уралдаж оролцсон улаан өнгийн “Т-72Б3” маркийн танкийг Монгол Улсын Төрийн далбаатай хамтад нь дуурайлган бүтээжээ. “Жижигхэн болохоос биш яг л дүрээрээ байна” гээд сонирхогчид тал талаас нь сонжиж өгнө лээ. Энэ талаар Б.Дугарсүрэн хэлэхдээ “Өнгөрсөн онд монгол цэргүүд улаан танкаараа гайхамшигтай уралдсан. Үнэхээр огшоож байсан шүү. Тэр сэтгэл хөдлөл маань энэхүү улаан танкийг урлахад тусалсан” гэлээ. Тэрээр энэхүү бүтээлээ 21 хоногийн хугацаанд урласан гэнэ. Харин Д.Батцэнгэл 1941 онд ЗХУ-ын Улаан армид монголчуудын бэлэглэсэн “Т-34” загварын танкийг мөн л яг дуурайлган урласан нь содон үзмэрүүдийн нэг байв. Тэрээр ОХУ-д оюутан байхдаа моделийг нь худалдан авсан бөгөөд саяхнаас л бодит ажил болгож, үзэсгэлэнгийн тавцанд залсан нь энэ ажээ.
 
 
 
 
Энд танк, хуягт тээвэрлэгчээс гадна байлдааны нисэх онгоцнуудын дуураймал загваруудыг ч бяцхан хүүхдүүд урласан байлаа. “Оргил” дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Тэмүгэ, 52 дугаар дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Түшиг нар АНУ, ХБНГУ, БНТУ-ын байлдааны нисэх онгоцнуудыг Төрийн далбаатай нь хамт дуурайлган бүтээсэн нь сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байсан юм. Тэдний аав Ж.Адилбиш, Б.Энхзол нар энэхүү спортоор хичээллэдэг учраас хүүхдүүдэд сайнаар нөлөөлсөн нь хийсэн бүтээлээс нь тодорхой харагдаж байв. Төгсгөлд нь онцлох бүтээгч бол нисэх загварын ууган мастеруудын нэг Ж.Адилбиш. Тэрээр энэ үзэсгэлэнд Монгол Улсад хамгийн анх буюу 1919 онд газардсан “F-13” хэмээх зорчигч тээврийн онгоцны загварыг бүтээсэн байна. Энэ л онгоц газардсанаар Монгол Улсад нисэх хүчин үүссэн гэж үздэг бөгөөд дэлхийд анх удаа металлаар хийсэн онгоц гэдгээрээ нисэхийн түүхэнд тод бичигдэн үлдсэн тухай Ж.Адилбиш ярилаа.
 
 
 
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин