АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Украины дайныг зогсоох асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон талаар Трамп мэдэгдлээ. “Бид Ши-тай Украины талаар нэлээд удаан ярилцсан. Хоёр тал хоёулаа байлдааны ажиллагаанд гүнзгий орсон, заримдаа зүгээр л тэдэнд тулалдах боломж өгөх хэрэгтэй болдог. Энэ бол галзуурал. Гэхдээ Ши бидэнд тусална, бид Украинтай холбоотой асуудлаар хамтран ажиллана” гэж тэр Өмнөд Солонгост Хятадын удирдагчтай хийсэн уулзалтын дараа мэдэгджээ.
Трамп мөн Бээжингийн Оросын нефтийн худалдан авалтын талаар Ши Жиньпинтэй ярилцсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Өмнө нь АНУ хоёр томоохон Оросын компанид — “Роснефть” болон “Лукойл” — хориг арга хэмжээ авсны улмаас Хятад, Энэтхэг рүү чиглэсэн нефтийн зарим нийлүүлэлт зогссон билээ.
Цагаан ордны тэргүүн уулзалтыг “гайхалтай”, харин хэлэлцээний дүнд гаргасан шийдвэрүүдийг “онцгой” гэж тодорхойлжээ. Хэлэлцээний явцыг тэр “1-ээс 10 хүртэлх үнэлгээгээр 12” гэж үнэлээд, “Ши Жиньпинтэй бараг бүх асуудлаар ойлголцолд хүрсэн” хэмээн онцолсон байна. Трампын хэлснээр, Вашингтон болон Бээжин удахгүй нэг жилийн хугацаатай шинэ худалдааны хэлэлцээр байгуулах бөгөөд “гэрээний нөхцөлийг жил бүр дахин хянах ч урт хугацаанд хүчинтэй байх” хандлагатай байгаа аж. Хоёр талын ярианы нэг чухал сэдэв нь фентанилын хууль бус экспорт байв. Трампын мэдээлснээр, Бээжин АНУ руу чиглэсэн фентанилын урсгалыг хязгаарлах амлалт өгсөн гэнэ.
“Би Хятадын бараанд фентанилтай холбоотойгоор 20 хувийн тариф ногдуулсан байсан, харин одоо үүнийг 10 хувь болгож буурууллаа” гэж тэр мэдэгдэв. Одоогийн байдлаар Хятадын бараанд ногдуулсан нийт тариф 47 хувьтай байна.
Мөн талууд хөдөө аж ахуйн салбарт шинэ хамтын ажиллагааны хүрээ эхлүүлэхээр тохиролцсон бөгөөд “Хятад улс соя болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр, нэн даруй худалдан авах болно” гэж Трамп хэлэв. АНУ-ын Ерөнхийлөгч ирэх 2026 оны дөрөвдүгээр сард Хятадад албан ёсоор айлчлах төлөвлөгөөгөө мөн илэрхийлсэн бөгөөд үүний дараа Ши Жиньпин АНУ-д хариу айлчлал хийх боломжтойг дурджээ.
Энэ уулзалт нь худалдааны дайн эхэлснээс хойш хоёр орны удирдагчдын анхны нүүр тулсан хэлэлцээ байв. Өмнө нь Вашингтон Хятадын бараанд 145 хувийн, харин Бээжин Америкийн бүтээгдэхүүнд 125 хувийн тариф ногдуулсны дараа хоёр тал үүнийг 30 ба 10 хувь болгон бууруулж, байнгын хэлэлцээр байгуулах хэлцэл эхлүүлсэн байдаг.
Трамп, Ши нарын уулзалт нийт 1 цаг 40 минут үргэлжилж, хамтарсан хэвлэлийн бага хуралгүйгээр өндөрлөсөн бөгөөд Хятадын тал хэлэлцээний дүнгийн талаар одоогоор албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна.
Х.Цэцэнноров
Эх сурвалж: moscowtimes.ru
Пүрэв - 10 сарын 30,
2025

Сэтгэгдэл4
Энэ нөхөр хэд хоногийн дараа өөр юм ярина.энэ ийм л хүн.
Барууны ардчилсан намынхан орон гаран өвчтөнгүүд. Америк Европын ардчилсан намынхан Америкчууд Европчуудынхаа төлөө ажиллана гэж амлаж саналын авчихаад ард түмнээ мартаад цагаач дүрвэгсдийн төлөө ажилладаг орон гаран худал мэдрэлүүд байдаг
Худлаа
Dear Mr.Presidents: Your loyal warrior is ready for challenge. Allow me be on battlefield.Your loyal war dog shall bring The victory.Your majesty,I see the battlefield with tears in my eyes. At Your service Your Majesty Sincerely Iron Leader the Great