sonin.mn
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
“MONBATT-IX” хэмээх энэхүү нэрээр овоглогдон нэгэн хамт олон болж төлөвшсөн цэнхэр дуулгат дайчдын маань сэтгэлээс ундарч, гараар бүтээгдсэн, хөлс хүч шингэсэн олон ажил энд биеллээ олж, үйлс зорилго нэгт олон орны дайчдын тэргүүн эгнээнд манлайлж явна. Цаг агаар, цагийн байдлын ямар ч нөхцөлд богино хугацаанд дасан зохицож, НҮБ-ын өмнө хүлээсэн үндсэн үүргээ алдаа мадаггүй, нэр төртэй биелүүлэхийг эрхэм болгон шамдаж буй IX ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийхээ энэ сард хийсэн томоохон ажил, онцлох үүрэг гүйцэтгэлтийн талаар уншигч Та бүхэнтэй хуваалцъя.
 
30 ГАРУЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ САР ГАРУЙН ХУГАЦААНД ...
 
Батальоны захирагчийн тушаалаар өнгөрсөн 12 дугаар сарын 16-ны өдрөөс энэ сарын 19-ний өдрүүдэд ахмад Ч.Сэр-Одоор ахлуулсан 30 гаруй цэргийн алба хаагч, таван нэгж техниктэйгээр “Хөтөл” баазад үүрэг гүйцэтгээд ирлээ. Тодруулбал, тэд Бентью хотоос Лийр суурингийн чиглэлийн 90 километр замыг засварласан Энэтхэг улсын инженерийн ротын замын хамгаалалтын үүргийг гүйцэтгэсэн юм. Баазынхаа харуул хамгаалалтыг зохион байгуулах, Энэтхэгийн цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, зам засварын үед орон нутгийн иргэдийн хөдөлгөөнийг хянах зэргээр олон ажлыг давхар нугалж, орон нутгийн иргэд болоод хамтран ажилласан энэтхэг нөхдөөсөө өндөр үнэлгээтэй ирснийг энд онцолж байна.
Ахмад Ч.Сэр-Одоос үүрэг гүйцэтгэлтийнх нь тухайд тодруулахад “Бид баазын харуул хамгаалалтын тасаг, замын хамгаалалтын тасаг, бэлэн байдлын тасаг гэсэн зохион байгуулалтаар үүргээ гүйцэтгэсэн. Зам засварын ажилтай уялдаж “Хубилай” баазаас 20, дараа нь 40, сүүлд нь 66 километрт гурван удаа шилжин байрласан” хэмээн тодотголоо. Мөн цаг агаарын хувьд өдөртөө хэт халуун, хорхой шавж, зөгий, могойноос гадна цөөвөр чоно, ирвэс зэрэг зарим төрлийн араатан амьтан элбэг, дээр нь орон нутгийн бага насны хүүхдүүд хоол хүнс гуйж ирдэг, өсвөр насныхан ихэвчлэн зэвсэгтэй явдаг тухай ч нэмж өгүүллээ. Эдгээр нь үүрэг гүйцэтгэхэд хүндрэл учруулж байсан нь гарцаагүй ч тэр бээр дөвийлгөн ярьсангүй. Эндээс цэргийнхний тэсвэр хатуужил, зарчимч чанарыг, өөрөөр хэлбэл удирдлагаас үүрэг даалгаврыг чанартай биелүүлж, итгэлийг зүтгэлээр хариулах нь чухал болохоос урьтаж шалтаг тоочин, ухарч алхах нь сонин биш гэдгийг бэлхнээ харж болох юм.
Ахмад Ч.Сэр-Од цааш нь өгүүлэхдээ “Хэдийгээр бид сар гаруйн хугацаанд бие даан үүрэг гүйцэтгэсэн ч батальоны болон ротын удирдлагаас байнга заавар, зөвлөгөө өгч, зааж чиглүүлж, тусалж дэмжиж байсанд талархаж байна” хэмээлээ. Мөн хамтран үүрэг гүйцэтгэсэн дэмжлэгийн салбаруудын цэргийн алба хаагчдадаа ч баярласнаа илэрхийлсэн юм.
 
 
 
Тэрбээр “Монгол цэргийн нэр хүнд хаана ч өндөр байдагт бахархаж явлаа. Зөрж өнгөрсөн орон нутгийн иргэн бүр, хамтран үүрэг гүйцэтгэсэн Энэтхэг улсын цэргийн алба хаагч болгон бидэнд баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлж байсан. Ялангуяа Энэтхэгийн инженерийн ротын цэргийн алба хаагчид монгол цэргүүдийн хамгаалалтад ямар ч хүндрэл бэрхшээлгүй, айх аюулгүйгээр үүргээ амжилттай гүйцэтгэлээ гэдгийг онцолсон” хэмээн ярианыхаа төгсгөлд тодотгов.
 
 
 
“БАР ЭЛ ГАЗАЛ” ГОЛД УСНЫ ЭРГҮҮЛИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ
 
Хүчний командлагчийн тушаал, Юнити секторын командлагчийн захирамжийн дагуу энэ сарын 2-6-ны өдрүүдэд батальоны хариуцлагын бүс дэх “Mунга” суурин буюу “Хубилай” баазаас 60 километр зайд урсдаг “Бар Эл Газал” голд батальоны захирагчаар ахлуулсан усны эрүүлийн бүлэг үүрэг гүйцэтгэв. Тэд зөвхөн усны эргүүл хийгээд зогсохгүй явган болон автомашинтай эргүүлийн үүргийг ч давхар гүйцэтгэсэн юм. Тухайлбал, “Mунга”, "Чонгриах", "Някиер", "Батхуах" зэрэг сууринд өдөрт 20 километр замыг туулан явган, "Курбона-1", "Курбона-2", "Мунга" сууринд өдөрт 25-30 километрт автомашинтай эргүүл хийж, орон нутгийн иргэдтэй уулзан, амьдрах нөхцөл, аюулгүй байдал болон тулгамдаж буй асуудлуудынх нь талаар ярилцсан юм. Эдгээр сууринд Өмнөд Суданы Ардын Батлан Хамгаалах Хүчний I дивизийн X бригадын гурван салаа байрлан үүрэг гүйцэтгэж байсан төдийгүй дээрх суурингуудын удирдлага, Юнити мужийн Засаг даргын аюулгүй байдлын зөвлөх, Х бригадын захирагч, мужийн үндэсний аюулгүй байдлын албаны дарга болон цэргийн хүчний төлөөлөлтэй батальоны захирагч уулзаж цагийн байдлын талаар мэдээлэл солилцов.
 
 
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ 340 ШАХАМ ИРГЭНД ҮЗҮҮЛЛЭЭ
 
Мотобуудлагын батальоны хариуцлагын бүс дэх “Курбона” болон “Мунга” сууринд (Хубилай баазаас 60 гаруй километрт байрладаг) энэ сарын 16, 17-ны өдрүүдэд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд хүмүүнлэгийн ажиллагааг зохион байгууллаа. НҮБ-аас явуулж буй үйл ажиллагаа, энхийг сахиулагчдын, тэр тусмаа монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэлтийг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролд бага ч атугай хөрөнгө оруулалт хийх, эрүүл мэндийн үзлэг, оношилгоог хийж, эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэхэд энэ удаагийн ажлын гол зорилго чиглэгдсэн юм. Эхний өдөр буюу 16-ны өдөр дээрх суурингуудад нийтийн бие засах газрыг шинээр барих ажил, дараагийн өдөр иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоог хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх ажил өрнөв.
 
Эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг хүлээн авах, бүртгэлийн хэсэг, зүрхний цахилгаан бичлэг, дотор-1 /зүрх судас, уушги, хүүхдийн үзлэг/, дотор-2 /хоол боловсруулах, бөөр, шээсний зам, хүүхдийн үзлэг/, мэс засал, гэмтлийн эмчийн үзлэг, мэс ажилбар, боолт, чих, хамар, хоолой, мэдрэлийн эмчийн үзлэг, хэт авианы шинжилгээ, эм тараах, орчны халдваргүйтгэл, эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт гэсэн чиглэлүүдээр явуулсан юм. Эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд хоёр суурингаас нийт 340 шахам иргэн хамрагдсан бөгөөд тэдний дийлэнх нь хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэгтэйг эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа.
Дашрамд, дээр өгүүлсэн усны эргүүлийг хийх хугацаанд эдгээр сууринд бие засах газар байхгүй, гэр болон голынхоо ойр орчимд бие засаж, голоосоо ундны усаа зөөдөг зэргээс үүдэн тус суурингуудад иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажил явуулах зайлшгүй шаардлага урган гарсныг ийнхүү бодит ажил болгосныг онцлох нь зүйтэй биз ээ.
Ийнхүү иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд дээрх хоёр сууринд өрнүүлсэн эмнэлэг хүмүүнлэгийн ажиллагаа амжилттай явагдаж, иргэдийн талархлыг хүлээсэн чухал ажил боллоо. Одоо тус батальоны бие бүрэлдэхүүн НҮБ-аас улирал тутамд явагддаг “CEO” буюу цэрэг, зэвсэглэл, техник, тоног төхөөрөмжийн нөхөн төлбөр баталгаажуулах шалгалтад бэлтгэж засвар үйлчилгээ, тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад шамдаж байна. Тус шалгалт ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд явагдах юм.
 
Орон нутгийн иргэдийн зарим төлөөлөлтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.
 
“МОNBATT”-Д БИД ИТГЭДЭГ
 
Бидний эх хэлээр торохгүй ярих энэ хүүг Жеймс гэдэг. Тэрээр “Миний монгол нэр Буяка” хэмээн өөрийгөө танилцуулсан бөгөөд “МОNBАТТ-8"-ынхнаас монгол хэл сурсан, тэр ээлжинд миний олон найз байсан. Монгол цэргүүд хамгийн шилдэг нь. Тэдний ачаар Дотоодын дүрвэгсдийн хуаранд айх аюулүй, тайван амьдарч болно, “МОNBATT”-д бид итгэдэг” гэх мэт магтаалын үгсийг урсгаж байв. Жеймс буюу Буяка 14 настай, долоодугаар ангид сайн дүнтэй суралцдаг аж. Тэднийх хамгийн олон буюу 118 мянга шахам иргэнтэй Дотоодын дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаад өнгөрөгч 11 дүгээр сард Курбино суурин руу шилжжээ.
 
ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ МОНГОЛ ЦЭРГҮҮД
 
Анжелина:
 
-Миний сэтгэл маш өндөр байна. Яагаад гэвэл монгол цэргүүд сэтгэл гаргаж бидний сайн сайхны төлөө их зүйлийг хийж байна шүү дээ. Би хамгийн шилдэг энхийг сахиулагчид, хамгийн энэрэнгүй үйлстнүүд бол монгол цэргүүд гэдгийг сайн мэднэ. Өнөөдөр дахиад л батлан харуулж байна. Бидэнд эмнэлгийн үйлчилгээ авах боломж хомс, манай Курбино суурингийн ойролцоо эрүүл мэндийн ямар нэгэн байгууллага, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг газар байдаггүй. Тиймээс өвдсөн тохиолдолд бид хол замыг туулан Бентью хот руу явах шаардлага гардаг, гэтэл машин байхгүй гэх мэт хүндрэлүүдтэй тулгардаг. Харин өнөөдөр монгол цэргүүд, монгол эмч нар биднийг зорин ирж эмнэлгийн үзлэг, оношилгоо хийж, хэрэгцээтэй эм өгсөнд туйлын баяртай байна.
 
 
ОЙР ОЙРХОН ИЙМ АЖИЛ ӨРНҮҮЛЭЭСЭЙ
 
Ширмери:
 
-Би энэ суурингийн захиргааны ажилтан. Монгол цэргүүд манай сууринд хүрэлцэн ирж, иргэдэд үзлэг, оношилгоо хийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаад маш их баяртай байна. Бентью хот орохоос өөрөөр ойрхон эмнэлгийн үлчилгээ үзүүлдэг газар энд байдаггүй. Тийм учраас монгол цэргүүдийн үзүүлж байгаа энэхүү эмнэлгийн тусламж ёстой л нүдээ олсон ажил боллоо. Зөвхөн эмнэлгийн үзлэг, оношилгооноос гадна бие засах газрыг барьж, орчны ариутгал хийлээ. Мөн иргэдэд эрүүл мэндийн сургалтыг явууллаа. “MONBATT”-ын удирдлага, сэтгэл гарган ажилласан монгол цэргүүдэд баярлалаа. Эцэст нь ийм ажлыг ойр ойрхон зохион байгуулж байгаасай гэж хүсэж байна.
 
УДАХГҮЙ ЭДГЭЖ ЭРҮҮЛ БОЛНО
 
 
Влюмдень:
 
-Монгол цэргүүдэд баярлалаа гэж хэлье. Миний бие өвдөөд хэдэн өдөр өнгөрсөн ч Бентью хот руу явж амжихгүй байлаа. Гэвч өнөөдөр монгол цэргүүд ирж бидэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэнд туйлын баяртай байна. Эмч нар ходоод маань өвдсөнийг хэлж, эм өгсөн. Тиймээс монгол эмч нарын ачаар миний бие удахгүй эдгэнэ гэдэгт итгэж байна.
 
 
ахмад Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин