sonin.mn
“Соёмбо” сонины редакцаас хүндэт зочдыг урьж, сар тутамд уншигчдадаа зориулан редакцын уулзалт зохион байгуулдаг. Энэ удаад "Жавзандамба хутагт төв"-ийн багш-орчуулагч С.Түвдэнцэрэнг урьж, буддын шашны мөн чанар, онцлогийн тухай ярилцлаа.
 
Манай сонины редакцад хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та төвийнхөө үйл ажиллагааны талаар дурдана уу?
 
-Манай төв нь ямар нэгэн сүм, хийд биш бөгөөд бурхан багшийн сургаал, түүний гүн ухааныг дэлгэрүүлэх зорилготой төрийн бус байгууллага гэж ойлгож болно. Тийм ч учраас VIII Богд Жавзандамба хутагтын нэрээр байгууллагаа нэрлэж, нийгмийг соён гэгээрүүлэх, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхүүд болон малчдад туслах зэрэг хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж байна. Мөн хорих ангиудаар явж, хүмүүжигчидтэй сургалт зохион байгуулж, тэдний сэтгэл зүйг засахыг хичээдэг. Хоригдлуудад үйлийн үрийн тухай ярихаар өөрт нь гэмших сэтгэл төрж, хэн нэгэнд буруу өгч, өширхөж байсан сэтгэл нь тайлагддаг. Ийм байдлаар бурхны шашнаар дамжуулан хүмүүст аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэхийг зорин ажиллаж байна. Гэхдээ энэ бол буддын шашны зөвхөн өнгөц чанар нь гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаад мөн чанартаа бол хүмүүсийг гэгээрүүлэх, орчлон хорвоогийн мөн чанарыг таньж ухаарах зэрэг маш нарийн философитой.
 
Буддын тэр дундаа шарын шашны онцлогийн тухайд Та юу хэлэх вэ?
 
-Хүмүүс буддын шашнаас ид шид хүлээх хэрэггүй. Зарим хүн шалгалтдаа ерөөс бэлдээгүй байж лам дээр ирээд аргалж өгөхийг хүсдэг. Энэ бол туйлын буруу. Гэхдээ хүн бүр бурхны шашны философийг нь ойлгох албагүй. Тийм боломж ч байхгүй.
 
Зарим хүн сүжгээр юмсыг хүлээж авдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, айдсаар нь дамжуулан тухайн хүнийг нүглийг тэвчих сэтгэл зүйтэй болгодог нь шашны бас нэгэн онцлог. Тийм болохоор шашны зан үйл яалт ч үгүй байх ёстой. Бурхан багш өөрийнхөө сургаалыг хүн бүрийн оюун ухааны хэмжээнд нь тааруулж айлдсан байдаг. Үүнээс шалтгаалж бурхан багшийн үзэл 18 задарсан. Гэхдээ онолын хувьд жаахан зөрсөн ч цаад утга санаа нь нэг юм. Буддын шашин нь их, бага хөлгөний судартай. Бага хөлгөн дэлгэрсэн газрууд болох Зүүн өмнөд Азийн орнуудад буддын шашны бясалгал тал нь хөгжсөн. Цагаан хоол идэж, хүний хийг хөдөлгөн оргүй хоосны бясалгалд автуулж тайвшруулдаг. Ийм талын бясалгалыг их хөлгөнд төдийлөн дэлгэрүүлээгүй. Их хөлгөн дэлгэрсэн хэд хэдэн улс байдгаас зөвхөн Төвөд, Монгол хоёр нь нууц тарнийн ёсыг дээд цэгт нь хүртэл хөгжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад бага хөлгөний ёс байхгүй гэсэн үг. Хятад, Япон, Солонгос улсад их хөлгөн дэлгэрсэн ч тарнийн ёсны доод шатыг л хөгжүүлсэн. Тийм учраас монголчууд бид шарын шашнаа хайрлан хамгаалж, хүндэтгэж явах учиртай.
 
Буддын шашны нийгэмд үзүүлэх ач холбогдлын талаар дурдвал ...
 
-Бурхны шашны зорилго нь хүнийг энэ насанд нь амар амгалан байлгах биш юм. Хойд насанд нь сайн байлгах нь анхны зорилго бол хорвоогийн асуудлуудад цэг тавих нь хоёр дахь, харин хорвоо ертөнцийн төлөө гэгээрэх нь эцсийн зорилго юм. Тийм учраас буддын шашинд итгэсэн хүмүүс хойд насаа бодож холыг харж амьдардаг. Тэгснээр амьдралын янз бүрийн асуудлуудад төдийлөн барьц алдаад байхааргүй болдог. Хүний нас гэдэг чинь орчлонгийн хязгааргүй цаг хугацааны хувьд өчүүхэн гялбаад өнгөрөх төдий зүйл гэдгийг ухаарах ёстой. Үүнийг ойлгосон хүмүүс өнөөдрийн ашгийн төлөө хэн нэгнийг хохироохгүй бөгөөд энэ насны хоромхон жаргалын төлөө хойд насаа золиослохгүй гэсэн үг юм. Тиймээс энэ насны бүтэн хоолыг өгсөн ч эх орноосоо урвахгүй хэмжээнд сэтгэл зүй бэлтгэгдэнэ гэсэн үг. Энэ мэт буддын шашны хувь хүнд үзүүлэх эерэг нөлөө маш их. Ер нь монголчууд нэг шашнаа гол болгон баримталж байх нь өлзийтэй. VIII Богд Жавзандамба хутагт хааны үед монголчуудын оюун санаа, зоригийг нэгтгэсэн нь шашин байсан.
 
Шашны ном судрыг заавал төвөд хэлээр унших ёстой юу?
 
-Буддын шашны номын үг, утга уран тансаг бөгөөд яруу байдаг. Үйлчлэх хүч нь ч төвөд хэл дээрээ илүү. Бурхан багшийн их хөлгөний номлол нь санскрит, бага хөлгөн нь пари хэл дээр анх бичигдсэн. Тус хоёр судрыг ямар ч утгын гажилтгүй эх хэлнээ буулгасан нь гагцхүү төвөдүүд юм. Тэд Соронзонгомбо хааныхаа үед бичиг, үсэгтэй болохоор хиндү бичгээс төвөдөд хэрэглэдэггүй авиануудыг хасаад дөрвөн эгшиг, 30 гийгүүлэгчтэй үсэг зохиосон.
 
Ингээд их хөлгөний судрын бүх утгыг алдагдуулалгүй шууд хөрвүүлж чадсан байдаг. Монголчуудын хувьд ч мөн хиндү, санскрит, төвөд хэлийг яг авиагаар нь буулгахаар анхдугаар Богд Занабазар соёмбо үсэг зохиож байсан түүхтэй. Төвөд хэлээр ном уншихад төвөд хүмүүс ойлгодоггүй. Учир нь Төвөдийн ард түмний дотор номын хэл гэж тусдаа нэгэн хэл үүссэн. Тэр байтугай Далай ламыг номоо айлдаж эхлэхэд бид нар өөрсдийн чадах хэмжээнд хүртэл ойлгоод доод зиндаанаасаа эхлэн хаягдаж эхэлдэг. Учир нь утга, агуулгын өндөр түвшинд бурхны шашны ном судар бичигдсэн байдагтай нь холбоотой.
 
Эдийн засагч Д.Жаргалсайхан нэгэн удаа Далай ламтай уулзаад монголчуудын алтан хайрцаг нээлгэх ёсны талаар асуухад “Мэдэхгүй, анх удаагаа сонсож байна” гэж хариулсан. Үүнээс болж буддын шашны тэргүүн нь мэдэхгүй гэж байна. Тэгэхээр энэ бол мухар сүсэг юм байна гэх мэт явган яриа хүмүүсийн дунд гарсан. Энэ талаар Та юу хэлэх вэ?
 
-Монголчуудын, монгол хэлний онцлогт тохирсон үг хэллэг гэж бий. Түүнийг нь яг махчлаад орчуулбал гаднын хүмүүс ойлгохгүй нь мэдээж. Тийм учир Далай ламаас алтан хайрцаг гэж асуух хэрэггүй байсан юм. Өөрөөр хэлбэл шууд “Та "Golden box"-ын талаар юу мэдэх вэ” гэж асуусан гэсэн үг. Үүний оронд үхэгсдийн зурхай гэж орчуулан асуусан бол тэр бээр ойлгох байсан. Шарын шашинд зурхайн ухаан маш сайн хөгжсөн бөгөөд тэр дундаа үхэгсдийн зурхайн салбар судлагдахуун гэж тусдаа маш том зүйл бий.
 
Дацан, хийд хоёр нь ямар ялгаатай вэ?
 
-Дацан гэдэг нь тухайн нэг чиглэлээр дагнан сургалт явуулдаг газрыг хэлдэг. Чойрын дацан нь чойрынхоо номыг, эм зурхайн дацан нь эм зурхайнхаа номыг үзнэ гэсэн үг. Дацан хийдэд харьяалагддаг. Тухайлбал, Гандантэгчэнлин хийд чойрын гурав, дүйнхэр, нууц тарнийн, гүрэм, ёога буюу засал хийдэг, эм зурхайн тус тусдаа нэг, нэг дацантай. Ийм цогц байдлаар хүмүүст бурхны шашныг түгээн дэлгэрүүлдэг гэсэн үг. Харин Жавзандамба хутагт төв бол хийд, дацан биш хүмүүсийн санаачлан байгуулсан төрийн бус байгууллага юм.
 
Шарын шашин дотор улааны урсгал гэж байдаг. Энэ нь хоорондоо юугаараа ялгаатай вэ?
 
-Улаан, шар, хөх, цагааны урсгал гэж бий. Өмсдөг малгай, хувцас хэрэглэлээрээ л ийнхүү ялгагддаг. Бүгдээрээ бурхны шашны салбар ухаанууд учир тийм ч их ялгаа байхгүй. Сахиус, шүтдэг шүтээнээрээ арай өөр гэж хэлж болох юм. Манайхан улааны урсгалыг гүрэм засал хийхдээ хүчтэй гэж ташаа ойлгох нь элбэг. Улааны урсгал нь нууц тарнийн ёсыг голчлон судалдаг учир хүмүүст ингэж ойлгогддог байх. Тиймээс бурхан, сахиус нь нууц байх ёстой юм. Тус урсгалын гол төлөөлөгч нь говийн догшин хутагт Данзанравжаа билээ.
 
Гэхдээ сархад хүртэх, эмэгтэй хүний гоо сайхныг бишрэн шүтэх зэргээрээ шарын шашны урсгалаасаа ялгаатай мэт харагддаг ...
 
-Нэгэн түүх ярихад, Данзанравжаа өөрийг нь дуурайж, сархад хүртээд байсан шавь нартаа хандаж “Та нар архийг рашаан болгож чадаж байна уу” гэхэд шавь нар нь тийм гэж хариулжээ. Тэгэхээр нь “Тэгвэл архийг рашаан болгон хүртэж чадаж байгаа юм чинь үүнийг рашаан болго" гээд баас, шээс, хог, шороог нэг дор холин зуурч шавь нартаа өгөхөд хоёр нь л түүнийг рашаан болгон хувиргаж чадсан гэдэг. Рашаан гэдэг нь хувиргалт гэсэн утгатай үг юм шүү дээ. Ийм их хүчийг тарнийн ёсоор олж авдаг учир нууц байх ёстой. Ийм юмыг ойлгоход бэрх учир дээр хэлсэнчлэн улс бүхний ард түмэнд дэлгэрээгүй хэрэг.
 
Будда өөрөө бурхан болох гэж тоолшгүй гурван галавт явж буян хураасан. Харин нууц тарнийн ёсоор нэг насанд нь хүнийг бурхан болгож болно. Гэхдээ зарчмын маш нарийн дүрэм, журам чанад сэтгэлийг хүнээс шаарддаг. Нэг ч алдаа гаргаж болохгүй маш хүчтэй зэвсэг гэсэн үг. Нууц тарнийн ёсоор орсон л бол бурхан болох эсвэл тамын ёроолд унах гэсэн хоёр зам л хүлээж байдаг. Дундаас нь орхино гэсэн ойлголт байхгүй. Нууц тарнийн ёсоор орсон хутагтууд хэдий үхсэн ч хэдэн зуун жил өөрийнхөө биеийг амьд мэт байлгаж чаддаг. Энэ бол бясалгалын хамгийн дээд түвшний энгийн хүмүүст мэдэгдэж байгаа нэгхэн хэлбэр нь юм. 
 
Ном уншуулах гээд очиход лам нар хураангуйлаад уншчихдаг. Энэ нь зөв үү?
 
-Номын хураангуй, дунд, дэлгэрэнгүй хэлбэр гэж бий. Хэрвээ ном уншуулах гэж ирсэн хүнд дэлгэрэнгүй байдлаар уншиж өгвөл дор хаяж гурван цаг түүнийг хөдөлгөөнгүй суулгана гэсэн үг. Тийм учир хураангуй номыг сонгодог. Үүнийг хэн нэгэн нь дур зоргоороо зохиочихсон юм биш. Тухайн номд гарч буй бүх утга, агуулгыг бүгдийг нь багтаасан байдлаар товчилсон байдаг. Бурхан багш ч мөн ингэж өөрийнхөө сургаал, айлдваруудыг товчилж байсан түүхтэй.
 
Тэгвэл дэлгэрэнгүй унших шаардлагагүй гэсэн үг үү?
 
-Унших, судлах хоёр чинь өөр шүү дээ.
 
Ямар шалгуураар хүмүүсийг лам болгодог юм бэ?
 
-Хуучны ном, сударт хүнээс хүн чанарыг нь харж лам болго гэсэн байдаг. Түүнээс оюун ухааны чадвар тийм ч чухал биш. Хэдий ухаан хурц ч хүн чанар муутай байх юм бол тэр нь том аюул. Идэр нас, эрх мэдэл, мэргэн ухаан гурав нэг хүний гарт төвлөрвөл дийлдэшгүй аюултай. Одоо бол хүмүүс аль болдоггүйгээ лам болгох гээд байна. “Манай энэ нэг юм хэрэг төвөгт орооцолдчих гээд болохгүй юм. Лам болговол таарна” гэх хүнтэй олон таарч байсан. Сүм, хийд гэдэг чинь айлын аль болдоггүй хүүхдүүдийн цуглаан биш. Гандан, хийд рүү ороод гарах төдийд л хүн тайвшралыг мэдэрдэг.
 
Бурхан, шүтээний хүч гэж бий. Тийм болохоор та буддын шашны талаар ойлголтгүй, итгэдэггүй ч гэсэн цагаан сараараа засал номоо хийлгэх хэрэгтэй. Харахын төдийд ч буян гэж байдаг. Бурхан багшийн үед нэгэн хүн Шаарийбуу лам дээр ирээд лам болох хүсэлтээ хэлэхэд “Лам болоход тухайн хүн ямар нэгэн буяны үйл хийсэн байх учиртай. Харин танд тийм зүйл алга” гэхэд бурхан багш хараад “Танд хийсэн буян байна. Тэртээ 500 галавын үед та хорхой байхдаа борооны уснаас зугтааж суварга тойрсон байна” гэж хэлсэн гэдэг. Тийм учир сүм хийдээр ороод гарах төдийд хүн өөртөө буян хурааж байдаг жамтай юм шүү.
 
Буддын гүн ухаанаас хүмүүс юуг ойлгох учиртай вэ?
 
-Бурхны шашны номлолоос хүмүүс маш олон зүйлийг ойлгож, ухаарч болно. Тухайлбал, Будда амьдралын мөн чанарыг тайлбарлахдаа зовлонгоос зовлон руу шилжих хэлбэртэй гэсэн юм. Нэг зовлонгоос нөгөөд шилжих торгон мөчийг бид жаргал гэж эндүүрдэг. Хүмүүс халууцахаараа сэрүүцэхийг хүснэ. Гэтэл удахгүй даарч эхэлнэ. Халуунаас сэрүүн рүү шилжих торгон мөчийг л бид жаргал гэж эндүүрээд байгаа хэрэг. Машин байхгүй нь зовлон, машин авах нь жаргал, машинаа засуулах нь зовлон шүү дээ. Амьдралыг ямар ч асуудалгүй болгоно гэвэл боломжгүй. Усны давлагаа мэт амьдралд ар араасаа асуудлууд гарсаар л байдаг. Үүнийг ухаарчихвал гутраад, зовоод байх шаардлагагүй. Мөн бид аливаа юмсыг мөнх бусын шинж чанартай гэдгийг ухаарах хэрэгтэй. Бурхан багш ч мөн шавь нартаа хэлэхдээ “Та нар намайг мөнх гэж бодоод байх шиг байна. Бодлын чинь мухарт байгаа энэ үзлийг таслахын тулд би мөнх бусыг үзүүлнэ” гээд 81 сүүдэртэйдээ хойшоо харж хэвтэн “Миний шашин дорноос умард зүгт дэлгэрнэ” гэж хэлээд насан өөд болсон. Энэ нь буддын шашин Энэтхэгээс Төвөд, Төвөдөөс Монголд дэлгэрэхийг бэлгэдэж хэлсэн хэрэг.
 
Ярилцлагын төгсгөлд Таны лам болсон шалтгааны талаар сонсъё гэж бодлоо ...
 
-Анх гурван настайдаа эмээгээ дагаад Ганданд очиход лам нарын номоо хурж байгаа байдал, тэр орчин, бурхан, сахиуснууд нь надад үлгэрийн мэт санагдсан. Дараа нь 10 настайдаа ээжийгээ дагуулаад лам болохоор Ганданд очсон. Ингээд 1994 оноос Бакула багшийн нэрэмжит сургуульд сурч, дараа нь Энэтхэгт 12 жил ном сурсан. Ингээд эх орондоо ирээд буддын шашны гүн ухаан, утга учрыг хүмүүст ойлгуулах нь миний ажил юм байна гэдгийг ухаарсан гэх үү дээ. Тэгээд "Жавзандамба хутагт төв"-д хүчин зүтгэх болсон доо. Мөн Гандантэгчэнлин хийдэд харьяалагддаг.
 
 
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо "сонин