sonin.mn
ДУБЛИН. /irishtimes/. Орчин үеийн рок урсгал дэлхий дахинд хурдацтай хөгжиж, түгэн дэлгэрч буйг харуулсан томоохон жишээ бол “The Hu” хамтлаг юм.
 
Монголын дахин давтагдашгүй өв соёл болох хөөмий болон уламжлалт хөгжмийн зэмсгүүд нь дэлхийд хараахан танигдаагүй байсан цаг саяхан. Харин тус хамтлаг тэдгээрийг рок хэмнэлтэй хослуулан уран бүтээлээ хийж, дэлхий дахинд таниулж байна. "YouTube"-д 80 гаруй сая хандалт аваад зогсохгүй тэдний тухай английн алдарт дуучин Элтон Жон хүртэл “Ойрын хугацаанд сонсогдоогүй гайхалтай шинэлэг хөгжим” хэмээн дуу алдсан нь уг хамтлаг дэлхийд танигдсаныг баталж байгаа юм. Ингээд Ирландад бямба, ням гарагуудад анхны тоглолтоо хийх үеэр нь бид хамтлагийн гоцлол дуучин Галаатай ярилцлаа.
 
Хамтлаг хэрхэн үүсэн байгуулагдсан бэ?
 
Бид Монгол Улсын Консерватори /Хөгжим Бүжгийн Коллеж/-д анх танилцаж байсан юм. 2016 оноос хамтлагийн продюсер Дашкатай хамтран ажиллах болж, уран бүтээлээ хийж эхэлсэн. Энэ үеэс л бид уран бүтээлийн чиглэлээ олсон доо.
 
Тоглодог хөгжмийн зэмсгүүдийнхээ талаар бидэнтэй хуваалцаач?
 
“The Hu” хамтлагийн уран бүтээл бүрт Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болон түүний өвөрмөц дуугаралт шингэсэн байдаг. Бид уран бүтээлдээ морин хуур, товшуур, цуур, төмөр хуур зэрэг хөгжмийн зэмсгийг ашигладаг. Орчин үеийн хөгжмийг эртний уламжлалт хөгжимтэй хослуулдаг учраас хөгжмийн зэмсгүүддээ зарим нэг өөрчлөлтийг хийсэн.
 
Гитар, басс гитар зэрэг рок хөгжмийн уламжлалт зэмсгүүдийг ашигладаг уу?
 
Тийм ээ, бид бөмбөр, гитар, басс гитар тоглодог гишүүдтэй хамтран ажиллаж, аялан тоглолтоо хийдэг.
 

 
Та бүхэн өөрсдийн уран бүтээлийг ямар төрөлд хамруулан үзэх вэ?
 
Бидний хэв маяг нь Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан “Хүннү рок” урсгал юм. Хамтлагийн нэр Монгол хэлний “хүн” гэсэн үгийн язгуур “хү”-гээс эхтэй. Хүннү рок урсгал нь металл рок урсгалын эрч хүчтэй шинж болон сонгодог рок урсгалын хэв маягийг агуулсан байдаг. Энэ урсгалын хамгийн содон зүйл нь Монголын уламжлалт соёл болох хөөмий юм.
 
“The Hu” хамтлаг “Better Noise Music” компанитай гэрээ байгуулаад байгаа. Тус компанид ихэвчлэн хүнд металл рок урсгалын уран бүтээлчид харьяалагддаг шүү дээ. Энэ тухайд ямар бодолтой байна?
 
“Better Noise Music” (өмнө нь E7M нэртэй байсан) компанид уран бүтээлээ идэвхтэй хийж буй олон рок хамтлаг харьяалагддаг. Хүннү рок урсгал өөрөө хүнд металл рокын олон элементийг агуулдаг шүү дээ.
 
Барууны ямар хамтлагууд танай хамтлагийн уран бүтээлд хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
 
Бид Монголын уламжлалт хөгжим төдийгүй барууны “Pink Floyd”, “Metallica”, “Slipknot”, “System of a Down”, “Rammstein”, “Tool”, “Lamb of God” гэх мэт олон хамтлагийн уран бүтээлээс урам зориг авдаг.
 
Анх уран бүтээлээ хийж эхлэхдээ дэлхийн хэмжээний сонсогчидтой болно гэж төсөөлсөн үү?
 
Тийм ээ, бид уран бүтээлээ дүрсжүүлэхдээ маш их анхаарч, шаргуу ажилласан учраас амжилтад хүрнэ гэж бодож байсан. “Yuve Yuve Yu” дууны клипийг хийхийн тулд Монгол орны баруун нутгаар 5000 гаруй километр аялсан. Уран бүтээл маань дэлхий даяар хүмүүст хүрсэнд туйлын их баяртай байна.
 
Олон улсад ийм хэмжээний амжилт гаргасандаа гайхдаг уу?
 
Заримдаа итгэмээргүй байдаг шүү. Уран бүтээлийг минь сонсож, дэмждэг шүтэн бишрэгчиддээ маш ихээр баярладаг. Дэлхийн хаа ч очсон бидний шүтэн бишрэгчид дууг маань даган дуулдаг.
 
 
 
“Papa Roach” хамтлагийн Жейкоби Шэддикс, “From Ashes to New” хамтлагийн Дэнни Кейс нартай хамтран ажилласан тухайд?
 
Жейкоби Шэддикс бол бидний сонсож, шүтэж өссөн уран бүтээлч юм. “Papa Roach”, “From Ashes to New” болон “The Hu” хамтлагууд “Better Noise Music” компанид харьяалагддаг. Компаниас бидэнд хамтран ажиллах боломж олгосон нь бидний хувьд нэр төрийн хэрэг болсон юм.
 
“The Hu” хамтлаг уран бүтээлдээ Их Монгол улс, Чингис хааны тухай өгүүлдэг. Их Монгол улсын тухай баруунд сөргөөр ярих тохиолдол бий. Харин танай уран бүтээлд бол эсрэгээрээ байдаг. Энэ тухайд?
 
Бидний өвөг дээдэс аугаа хаад, аугаа дайчид байсан гэдгээрээ алдартай. Монгол улс бол баялаг түүх, соёл уламжлалтай улс шүү дээ. Их Монгол улсад шашин шүтэх эрх чөлөөтэй байсан нь тухайн цаг үед өөр хаана ч байгаагүй юм. Мөн өнөөгийн шуудангийн үйлчилгээ (өртөө), дипломат пасспорт (гэрэгэ) зэрэг нь Монголоос гаралтай. Бидний соёл уламжлалын томоохон хэсэг болсон үндэсний хөгжмөө дэлхийд таниулж байгаадаа бид тун баяртай байдаг.
 
Ирланд улсын тухай мэддэг зүйлээ хуваалцаач?
 
Байгалийн үзэсгэлэн, U2, Конор МакГрегор, Жеймисон, Гиннесийн ном гээд Ирланд улсын олон зүйлд хайртай. Ирланд улсад тоглолтоо хийх болсондоо маш баяртай байна. Бидний уран бүтээлийг сонсож, дэмждэг ирландчууддаа баярлалаа!
 
Ярилцлага хийсэн: “The Irish Times”-ийн сэтгүүлч Ронан МакГриви. Ронан МакГриви нь “Wherever the Firing Line Extends: Ireland and the Western Front” номын зохиолч бөгөөд тэрбээр “The Irish Times”-д ажиллаж эхлэхээсээ өмнө “The Times”, “London Evening Standard”-т ажиллаж байсан төдийгүй “BBC”, “Sky News”-д радио, телевизийн продюсер хийж байсан.
 
“The Hu” хамтлагийн “The Gereg” цомог цацагдаад байна. Хоёрдугаар сарын 15-ны бямба гарагт Белфаст хотын Limelight-д, хоёрдугаар сарын 16-ны ням гарагт Дублин хотын “The Academy”-д "The Hu" хамтлагийн тоглолт болно. Мөн тэд зургадугаар сарын 14-ний өдөр “Punchestown Racecourse”-д болох “Sunstroke 2020” фестивальд оролцох аж.
 
 
С.Анужин
Эх сурвалж: Монцамэ агентлаг