sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын төв нутгийн Хубэй мужаас бусад бүс нутагт бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдлын тоо сүүлийн 14 хоног дараалан буурсан талаар тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс мягмар гарагт мэдээлжээ. Хубэй муж нь коронавирусний халдварын голомт юм.
Даваа гарагт Хубэй мужаас гадна коронавирусний халдварын 79 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр уг үзүүлэлт энэ сарын 3-наас хойш 14 дэх өдрөө дараалан буурсан дүн үзүүлжээ. Хоёрдугаар сарын 3-нд Хубэй мужаас гадна коронавирусний халдварын 890 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс хойш уг үзүүлэлт аажмаар буурсаар өчигдрийн байдлаар 79 хүрсэн байна.
 
 
 
Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, Хятад улсад даваа гарагт коронавирусний халдварын 1886 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 1807 нь Хубэй мужид бүртгэгджээ. 
 
 
 
Хятадад мягмар гарагийн өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 72436 хүрч, нийт 1868 хүн нас барсан бол 12552 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг