sonin.mn
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд очиж үзээгүй, байрлаж үзээгүй офицер, ахлагч тун ховор. Хэрвээ та хэзээ нэгэн цагт тэнд очиж байсан бол Ц.Болормаа гэх бүсгүйн бэлтгэсэн хоолыг идэж байсан л гэсэн үг. Учир нь тэр бээр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид 18 жилийг гал тогоонд өнгөрүүлсэн юм. Одоо Ц.Болормаа Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид номын санчаар ажиллаж байна. Ингээд түүнтэй хэсэг хөөрөлдсөнөө уншигч танаа болгооё.
 
Сургалтын нэгдсэн төвтэй холбогдож байсан таны дурсамжаас ярилцлагаа эхэлье ...
 
-Миний хань Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид томилогдож, нөхрийгөө дагаад 1998 онд тус ангид ээлжийн тогооч, сав угаагчаар ажилд орж байлаа. Тухайн үед ангийн захирагчаар хошууч генерал Ч.Магсар ажиллаж байсан. Харин манай тасгийн даргаар ахлах тогооч А.Төмөртогоо ажиллаж байсан бөгөөд бид ч ажлыг үнэхээр “умалзуулдаг” байлаа шүү дээ. Энэ дашрамд, Тогоо эгчийгээ магтаад авъя гэж бодлоо. Тэр бол хамт олныг үнэхээр бүрдүүлж чаддаг, дайчин шаргуу зантай хүн. Би түүнээс хариуцлага, тэсвэр, тэвчээр гээд олон сайхан зан чанарыг сурсан.
 
Та ажлыг “умалзуулдаг” байлаа гэсэн. Мэдээж ямар их ачаалалтай ажил вэ гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ танаас энэ талаар сонсмоор байна ...
 
-Уг нь хөдөлмөрийн гэрээндээ 24 цаг ажиллаад 72 цаг амарна гэж заасан байдаг ч шаардлагатай үед хэдэн долоо хоногоор ч хонож ажиллах үе бишгүй их. Бүр дулааны улиралд гэрээсээ гарчхаад Тавантолгойгоос буухад хотын хүмүүс аль хэдийн өвлийн хувцсандаа шилжчихсэн байдаг. Ингэж л бид хонон өнжин ажил дээрээ байрлаж Зэвсэгт хүчнийхээ төлөө зүтгэдэг байлаа. Тухайлбал, цэргийн багуудын ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтын үеэр 100-1000 хүнд дөрвөн удаагийн халуун хоолоор үйлчилдэг. Маргаашийнхаа хоолыг бэлтгэхээр шөнөжин мах хэрчих, гурил зуурах нь энүүхэнд бөгөөд хоногт хоёр цагийн нойртой долоо хоног ажиллана. Эхэндээ их ядарна. Сүүлдээ бие дасаад бүр “гөлийчихдөг”. Тэгээд долоо хоног амраад дахиад л ажилдаа гарна шүү дээ. Биднийг зоригжуулдаг байсан зүйл нь “Та нар цэргийн газар ажиллаж байгаа учир хагас цэргийн зохион байгуулалттай байх ёстой. Энэ бол Зэвсэгт хүчний нүүр царай болсон анги учраас ачаалал дааж сур” гэж манай дарга нарын байнга хэлдэг үг байсан. Ер нь бол ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтад гарч байгаа хүмүүсээс дутуугүй, заримдаа бүр илүү ч ачаалалтай байх үе олонтоо. Цэрэг хүний хийх үйлдэл бүхнийг цаг, минуттай нь нарийн заагаад өгчихдөг болохоор бид ч түүнд нь тохируулж, хоол ундаа бэлтгэсэн байх шаардлагатай. Бид цэргүүдтэйгээ адил майханд байрлаж, гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг ч хэзээ ч гомдоллож байгаагүй. Илүү зүйл ч нэхэж байгаагүй. Энэ бол манай хамт олны ангиа гэсэн чин сэтгэлтэй холбоотой гэж би боддог. Хүн ямар ч ажил хийж болно. Ганцхан түүндээ чин сэтгэлээсээ хандаж чадвал эргээд хариу нь ирдэг гэж боддог. Зэвсэгт хүчин хэмээх энэ том “айл”-д ирээд би олон сайхан дурсамжийг бүтээсэн. Үнэхээр сайхан газар шүү.
 
Тэгэхээр таны хоолыг идэж үзээгүй цэргийн алба хаагч гэж байхгүй байх нь ээ ...
 
-Олон жил ажиллахдаа хэдэн мянгаар тоологдох цэргүүдийн хоолыг хийж байжээ. Заримдаа нийтийн тээврээр үйлчлүүлээд явж байхад “Та сайн байна уу? гэж залуус мэндэлдэг юм. Олон хүнд үйлчилж байсан болохоор хүн бүрийн царайг тогтоож чадахгүй шүү дээ.
 
Та “Хааны эрэлд” сургуульд олон удаа оролцож, ажиллаж байсан уу?
 
-Энэ бол Монгол Улсын Зэвсэгт хүчний жинхэнэ нүүр царай болсон сургууль юм. Өөрөөр хэлбэл, Монголыг дэлхийд таниулж байгаа чухал зүйлсийн нэг гэж боддог. Би “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургуульд 2006-2013 онд тогоочоор ажилласан. Тэнд голдуу зууш хариуцан ажилладаг байсан. Олон орны цэргийн алба хаагчид ирдэг болохоор аль болох орон, орны онцлогт нь тохирсон хоол хийхийг боддог. Бидний хийсэн хоолыг үнэхээр амт, чанар сайтай гэж хэлэх олон ч гадаадын хүнтэй таарч байсан шүү.
 
Тогооч мэргэжлийн сайхан нь юу вэ?
 
-Цэргийн алба хэцүү, үргэлж тушаалаар гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг хүмүүс шүү дээ. Тийм болохоор илчлэг сайтай, халуун хоолоор цэргүүдээ хангаж, эрч хүч өгөх нь чухал. Ер нь хооллох гэж ирсэн хүмүүс “Баярлалаа” гэж хэлэхээс бус уурлаад гарна гэж байхгүй. Магадгүй би Монголдоо хамгийн олон удаа “Баярлалаа” гэдэг үгийг сонссон хүмүүсийн нэг байх. Байлдагчаасаа эхлээд генерал хүртэл бүгд л надад тэрхүү үгийг хэлээд гардаг нь сайхан. Мөн гадна, дотнын зочдын хөл Зэвсэгт хүчний 311 дүгээр ангиас тасарна гэж үгүй. Бид чинь Ерөнхийлөгч, төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд янз бүрийн хүмүүст үйлчилж байсан бөгөөд тэр бүрд хоол, үйлчилгээний чанараа алдалгүй ажиллаж байсан юм.
 
Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид хэзээ ирсэн бэ?
 
-Тус ангид 2018 оны 10 дугаар сард ирсэн. Би 1998-2015 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ажиллаад ахынхаа компанид хоёр жил гаруй нягтлан бодогчоор ажилласан. Хүн ер нь ажиллаж сурсан газартаа эргээд хоргодоод байдаг юм билээ. Уг нь хувийн компанид ажиллах нь илүү хөнгөн, цалин хөлс нь өндөр байсан хэр нь надад Зэвсэгт хүчинд ажиллаж байсан минь бодогдоод ер болдоггүй. Нэг л мэдэхэд амьдралын минь баяр, гуниг бүхэн энэ албатай салшгүй холбоотой болчихсон байсан. Үүнийгээ энгийн газар ажиллаад мэдсэн дээ. Тэгээд л нутаг руугаа тэмүүлдэг адуу шиг нягтлан бодогчийн ажлаа хаяад эргээд ирсэн. Цэргийн анги л миний байх ёстой газар юм байна. Энд ирээд номын санчаар ажиллах хугацаандаа интернэт номын санг байгуулсан. Манай анги байнгын бүрэлдэхүүнтэй, инженерийн анги учир номын санд ихэвчлэн мэргэжлийн чиглэлийн ном, гарын авлага эрэлттэй байдаг. Тиймээс номуудын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах үүднээс ийм ажил хийсэн юм.
 
Гэр бүлээ танилцуулахгүй юу?
 
-Би гурван хүүхэдтэй, том хүү маань замын компанид ажилладаг. Дунд хүү Багахангай дүүргийн Онцгой байдлын ангид дэслэгч цолтой алба хаадаг. Харин охин маань Ерөнхий боловсролын 6 дугаар ангид сурдаг.
 
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллаж байсан үеийн тань сэтгэлээс гардаггүй дурсамж юу вэ?
 
-Ярьж болдог эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ “Сэтгэлээс гардаггүй дурсамж” гэхээр яалт ч үгүй цэргийн дүрэмт хувцас өмсөөд Зэвсэгт хүчний марш-тактикийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээнд гурван жил дараалан оролцож явсан минь хамгийн түрүүнд бодогдож байна. Тодруулбал, 1999-2001 онд оролцож байсан бөгөөд би эмнэлгийн зааварлагч-чиглүүлэгчээр гүйдэг байсан. Тэр үед Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа надтай нэг тасагт гүйдэг байлаа. Мөн ангийнхаа буудлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод алтан медаль хүртэж байлаа.
 
Таны хүндэлж явдаг хүн хэн бэ?
 
-Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид байхдаа би таван захирагчтай гар нийлэн ажилласан. Тэд улсын хэмжээнд Зэвсэгт хүчний нүүр царай болсон ангийг өнгөтэй, өөдтэй авч явах гэж их л хичээдэг байсан. Уурлаж, зандрах үе байлгүй л яах вэ, бүх л юм аясаараа цаанаасаа бүтчихнэ гэж байхгүй шүү дээ. Мундаг ухаантай дарга нараараа би үргэлж бахархдаг. Тэр их ажлыг яаж амжуулж байсныг нь бодохоор их гайхдаг. Мөн надтай хамт ажиллаж байсан манай тасгийн бүсгүйчүүд үнэхээр дайчин байсан шүү.
 
 
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин