sonin.mn
Батлан хамгаалахын сайдын 2015 оны тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2021”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэргэжлийн ахлагч бэлтгэх төв нь зохих шалгууруудыг хангасны үндсэн дээр 17 тусгай мэргэжлээр сургалт явуулах эрхтэй болж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсролын газраас гэрчилгээ авсан юм. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудад нэн шаардлагатай тогооч, хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, гагнуурчин, зам гүүрийн мэргэжилтэн гэсэн таван тусгай мэргэжлээр 180 гаруй цэргийн алба хаагчийг амжилттай сургаж, төгсгөлөө. Тодруулбал, Зэвсэгт хүчний 15 анги, байгууллагаас ахлагчийн албанд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдыг өөрийн хүсэлтийг нь харгалзан энэхүү сургалтад 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрүүдэд хамруулжээ. Тус сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллеж, Налайх дүүрэг дэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын материаллаг баазыг түшиглэн хоёр үе шаттайгаар зохион байгуулжээ.
“Энэ жилийн сургалтын онцлог нь цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэн ахлагчийн албанд элсүүлж, бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа мэргэжлээр ажиллах нөхцөлийг нь бүрдүүлсэнд оршиж байгаа юм. Ингэснээр цэргийн алба хааж буй залуусын хувьд цаашид нийгэмд ажиллаж, амьдрахад нь томоохон түлхэц, хөрөнгө оруулалт болж байгаа төдийгүй нөгөө талаар Зэвсэгт хүчний ахлагчийн албаны нөхөн хангалтыг тодорхой хувиар өсгөж байгаа чухал ач холбогдолтой юм” гэж ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр онцоллоо.
 
 
 
Ахлагч Г.БАТ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: "Соёмбо" сонин