ЛОНДОН. /Business Insider/. Оксфордын их сургуулийн судлаачдын гарган авсан шинэ вакциныг тарьсан зургаан сармагчныг коронавирусээр халдварлах боломжтой нөхцөлд байлгаснаас 28 хоногийн дараа халдвар илрээгүй байна. 
Энэхүү үйл явдал вакцин үр дүнтэй болох магадлалыг улам нэмэгдүүлжээ. Уг вакциныг хүний биед турших үйл явц мөн үргэлжилж байна. Гэвч энэ туршилт амжилттай болсон ч вакциныг дэлхий даяар түгээхэд олон сарын хугацаа шаардлагатай юм.  
“New York Times” сонинд мэдээлснээр, сармагчнууд дээр хийсэн туршилтыг АНУ-ын Монтана муж улсын Хамильтон хот дахь “Rocky Mountain” лабораторид өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр явуулжээ.
 
“Jenner” хүрээлэн, Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүдийн хамтран гарган авсан вакциныг зургаан резус-макак сармагчинд тарьж, урьд нь сармагчнууд халдвар авч байсан нөхцөлд байлгахад 28 хоногийн дараа эрүүл байсан гэж дээрх мэдээнд тэмдэглэжээ.
“Резус-макак бол хүнтэй хамгийн төстэй төрөл зүйл” гэж “Rocky Mountain” лабораторийн Вирусний экологийн албаны дарга Винсент Манстер мэдээлжээ.
 
 
 
Энэхүү вакциныг хүний биед өнгөрсөн пүрэв гаргаас туршиж эхэлсэн бөгөөд уг туршилт есдүгээр сард дуусах төлөвтэй байна. Вакциныг гарган авахад урт хугацаа шаардлагатай тул есдүгээр сар гэхэд хэрэглэхэд бэлэн болвол асар хурдан ажилласан гэсэн үг юм.
 
 
 
“Бид туршилт дуусахыг хүлээхгүй. Үүнийг амжилттай болсон тохиолдолд цаг хожихын тулд 40 сая тунг урьдчилан үйлдвэрлэнэ” гэж дэлхийд вакцины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, Энэтхэгийн “Serum” хүрээлэн даваа гарагт мэдээлжээ.
Бээжин хотод төвтэй “Sinovac” компани мөн коронавирусний вакциныг аль болох түргэн хугацаанд гарган авахыг зорьж байгаа юм. Макак сармагчин дээр туршсан тэдний вакцин мөн үр дүнтэй байсан талаар тус компани өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Уг вакциныг хүний биед туршиж эхэлсэн байна.
Хүн, макак хоёрын ДНХ 93 орчим хувь төстэй байдаг хэдий ч макакт үр дүн үзүүлсэн вакцин хүний биед үйлчилнэ гэсэн үг биш юм. Дэлхий дахины судлаачид коронавирусний 80 гаруй вакциныг гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд тэдний зарим нь цаг хэмнэхийн тулд амьтан дээр хийх туршилтыг алгасаж байгаа аж. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг