Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах их үйл хэрэгт оруулсан залуу жанжны гавьяаг манай ард түмэн дурсан санаж хүндэтгэдэг юм. Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсангийн 1939 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 31 тоот тушаалаар Цэргийн улс төрийн газрын дарга, корпусын комиссар Ж.Лхагвасүрэнг орлогч жанжнаар томилон Халхын голын байлдааны фронтыг удирдуулжээ. Тэртээ 1981 оны 12 дугаар сарын эхээр энэ эрхэм хүнтэй бид Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн студид уулзаж сурвалжилга хийж явснаа өнөөдөр нэхэн санаж энэхүү өгүүллийг бичин сууна.
ӨВГӨН ГЕНЕРАЛТАЙ УУЛЗСАН НЬ
1981 оны 12 дугаар сарын эхээр нэгэн мартагдашгүй сонин уулзалт миний амьдралд тохиолдсон юм. ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар маршал, Георгий Константинович Жуковын мэндэлсний 90 жилийн ой тохиож, энэ тухай нэвтрүүлэг хийх үүрэг редактор Ч.Болд бид хоёрт оногдсон юм. Монгол киноны үзвэрийн газраас “Маршал Жуков’’ хэмээх гурван бүлэг баримтат киног авч бэлтгэлээ. Маршал Г.К.Жуковыг сайн мэдэх хүн гэвэл запуу жанжнаараа алдаршсан, Халхын голын байлдааны фронт дээр МАХЦ-ийн командлагч асан хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэн байсан юм. Ингээд бидний урилгыг хүлээн авч манай редакцын хаалгаар энгэр дүүрэн одон, медаль гялалзуулсан, сэтгэлдээ баяр баясал бялхуулсан генерал Лхагвасүрэн гуай хүрэлцэн ирж нэвтрүүлэгт оролцож билээ.
Халхын голын байлдааны фронт дээр хүнд хэцүү тулалдаануудад Монгол-Зөвлөлтийн армийн дайчид гарамгай гавьяа байгуулж, маршал Жуковтой хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан дурсамжаа хуваалцан түүний цэргийн жанжны командлах чадвар, зан чанарын тухай болон фронт дээр өрнөсөн сонин сайхан дурсамжуудыг ярилаа. Энэ тухайд, би бээр 1939 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Халхын гол руу явсан юм. Энэ үед К.Е.Ворошилов. Х.Чойбалсантай Тамсагбулагт Зөвлөлт-Монголын цэргийн ангиудыг нэгтгэн Армийн нэгдүгээр бүлэг болгон зохион байгуулах тухай утсаар ярьсныг сонссон байлаа. Энэхүү бүлгийн командлалын байранд хэдэн гэр барьжээ. Тэдний нэг гэрт сууж байтал дунд зэргийн нуруутай шингэвтэр хүрэн үстэй, хурц, цэнхэр нүдтэй нэгэн тэвхэлзсэн эр орж ирсэн нь Георгий Жуков байлаа.
Маршал Х.Чойбалсан энэ залуу манай армийн Улс төрийн газрын дарга, корпусын комиссар Лхагвасүрэн гэж танилцууллаа. Жуков өмнөх ширээн дээр байгаа байлдааны газрын зураг дээр хаана, юу болсон, одоо ямар байдалтай байгаа, Зөвлөлт-Монголын цэргийн нэгтгэл, анги, Японы цэргийн байрлал, дайсны болзошгүй ажиллагаа, түүний эсрэг юу хийвэл зохилтойг нэг бүрчлэн тайлбарлав.
Анх харахад түүний ярьж байгаа нь эрс зоримог, шулуун хүн шиг санагдаж билээ. Цаашид энэ хүнтэй хамтран Монголын нэгтгэл, ангиудыг командлан дайнд оролцож эцсийг нь хүртэл ажилласан юм. Хамгийн сүүлд маршал Г.К.Жуковыг эмнэлэгт хэвтэж байхад нь уулзахаар очихдоо 20 минутын зөвшөөрөлтэй байсан боловч хуучин дайчин нөхөд хууч хөөрөлдсөөр бүтэн цаг болсон юм даг. Салахдаа тэр үед нэрд гарсан “Бодол дурдатгал" (“Воспоминание и Размышлениние”) хэмээх дурсамжийн номоо гарын үсэг зурж бэлэглэснийг бидэнд үзүүлж бахархан ярьж билээ. Ингээд тэрхүү нэвтрүүлгийн ярилцлага сайхан болсон юм. 12 дугаар сарын 5-ны өдөр бид нэвтрүүлгээ эфирт шилжүүлж билээ. Нэвтрүүлэг телевизээр гарах өдөр “Сонгино”-д байрлах хурандаа Төмөр захирагчтай артиллерийн хороон дээр зураг аваад оройхон ирэхэд телевизийн дарга М.Чойжил дуудаж байна гэлээ. Чойжил дарга та нар үзэл суртлын талаар алдаатай нэвтрүүлэг хийсэн байна. Намын Төв хорооны үзэл суртлын хэлтсээс хүмүүс ирж үзээд нэвтрүүлгийг хаасан. Лхагвасүрэн маршал Жуковын хэмжээнд өөрийгөө тавьж магтсан, өөрийнхөө гаргасан амжилтыг хэт дөвийлгөж ярьсан гэх мэтээр буруутгасан нь гаргахгүй шалтгаан нь болжээ. Ингээд сэтгэл дундуур редакцад орж ирвэл Лхагвасүрэн генерал ярьж байв. Генерал нэвтрүүлэг яагаад гарсангүй вэ гэж асуувал бантаж үнэнийг хэлж зүрхэлсэнгүй, харин техникийн шаардлага хангаагүй учир хаасан гэж даргын хэлснийг нь хэлсэн юм. Тэгэхэд Лхагвасүрэн генерал “Чи ажлаа тараад завтай бол хүрээд ир” гээд гэрийнхээ хаягийг зааж өглөө. Тэднийх хуучнаар Хүнсний 20 дугаар дэлгүүрийн зүүн талын гурван давхар байранд байсан юм. Хаалгыг нь тогшин орвол генерал маань онгорхой хаалганы завсраар хуучны гоёмсог даавуун бүрхүүлтэй ширээний чийдэнгийн дэргэд сонин уншиж сууснаа намайг харж угтан босож, өөрийн хажууд суухыг урилаа. Тэгээд гэр бүлийн хүнээ дуудаж “Дашцэдэн минь, энэ хүүхэд ажил дээрээсээ яваа юм. Хоол, цай дөхүүлж өгөөрэй” гэв. Өвгөн генерал ам нээж юунаас болоод нэвтрүүлэг хаагдсан тухайд, миний зүрхний угт байгаа сэдвийг хатгав. Нөгөө улиг болсон юмаа ярьж эхэлбэл генерал “Хүү минь чамд буруу юу байх вэ дээ, би ерөнхийд нь мэдэж байна. Сүүлийн үед надтай холбоотой, миний тухай сонин хэвлэл, радио, телевизээр нэвтрүүлэхийг хориглоод байгаа юм.
Энэ нь цаашдаа их учиртай гээд санаа алдангаа миний тухай Намын төв хороонд таагүй мэдээ, мэдээлэл дамжуулдаг том хүмүүс байдаг юм. За яах вэ дээ цаг нь болж дээ" гэсэн юм. Миний хувьд энэ үед хоол, цай хоолойгоор давах нь битгий хэл, хамаг бие халуун оргин балмагдан сууж билээ Дараа нь сонсох нь ээ, нэвтрүүлгийг хасаж маршал Г.К.Жуковын гурван бүлэг баримтат киног гаргаж, харин фондод байсан генералын дурсамж яриатай нэвтрүүлгийн бичлэг ор мөргүй алга болсонд би харамсаж явдаг юм. Харин Лхагвасүрэн генералыг нас барахаас нь өмнө амжиж дурсамжийг нь бичүүлж эмхэтгэснээр сэтгүүлч Д.Дамдиндорж "Сэтгэлд шингэсэн он жилүүд" номыг амьдад нь дуусгаж чадаагүй боловч дараа нь хэвлүүлсэн юм.
Хожим ахынхаа номд Жамъянгийн Зундуй гуай дурсгалын үг бичиж надад дурсгаж билээ. Зундуй ах Халхын голын байлдаанд 6 дугаар морьт дивизийн 17 дугаар морьт хорооны салааны захирагч байсан юм. Тэрхүү эрхэм маань дайсантай онц гарамгай байлдаж Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан “эх оронч” Ж.3ундуй хэмээн алдаршсан хүн байлаа.
Зундуй ах миний ээж Д.Базарын садан төрлийн хүн Лхасранжав эгчтэй амьдарч байсан юм. Ээж маань биднийг Зундуй ахынхантай танилцуулсан ба бид ойр дотно байж сар шинээр очиж золгодог байлаа. Зарим дүү маань хотод сургуульд байхдаа ч тэднийд амьдардаг байлаа. Зундуй ах Хэнтийд очихоороо манайхаар их очдог байсан. Тэдний хүүхдүүд Ууганаа, Дуламсүрэн, Сэргэлэн, Баясаа, Жавхаа бид нар ахан дүүс бололцсон юм. Залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн хүү Л.Лхагваа нь манай армийн нэртэй хурандаа бөгөөд Иргэний агаарын тээврийг удирдах газрын дарга байхад нь би бээр сурвалжилга хийн танилцаж байлаа. Харин охин Ж.Лхагвадулам нь Монголын радиод олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан нэртэй сэтгүүлч бөгөөд бид мэргэжил нэгтэй болохоор бие биеэ ихэд хүндэтгэж явдаг юм. Өнгөрсөн цаг хугацааны их урсгалын толинд энэхүү дурсамж тодоос тод хоногшин үлдсэн нь энэ билээ.
Найруулагч С.Болд
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
хятадын цагаан хэрэм дээр аргагүй ялсан армийн цэргийн командлагч шиг байх чинь. Даанч энэ хүртэл чөлөөлсөн нутгаа буцаагаад алдчихсан гэхээр харамсмаар.
Boohoo ta amiduu
Boohoo ta amiduu
Нас барсан он сарыг нь дурьдаагүй болохоор Н.Болд зохиомол зүйлийг болсон явдал мэт худлаа хуссан болтой байна
1982 оны намар нас барсан. Нас барахаас нь 8 сарын өмнө хийсэн сурвалжлага байна.Юмаа мэдэж гуйвуул. мэдэхгүй бол асуу, мэддэг хүмүүсээс нь.
төв хороонд байсан атаач нөхөр хэн бэ. Би с.батаа гэдэг генерал гэж сонссон тэр үнэн болов уу