sonin.mn
Өнөөдөр Монгол Улсад цөөн тооны орос иргэд амьдарч байна. Өнгөрсөн зууны эхнээс энд суурьшсан оросуудын үр хойчийг Монголчууд "местный орос" хэмээн нэрлэж хэдийнээ танил мэт сонсогдох болсон. Эх орны дайны ялалтын 75 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд Монгол Улсад оршин суугаа Орос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Шорваева Татьяна Вильнюсовнатай уулзаж, ярилцсан юм. Дашрамд сонирхуулахад, тэр бээр дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг “Эх орон нэгтнүүд” холбооны Азийн орнуудыг давхар хариуцан ажилладаг юм байна.
 
Манай уншигчдад Монгол Улсад оршин суугаа Орос иргэдийн нийгэмлэгийн талаар товч танилцуулна уу?
 
-Монгол Улсад оршин суугаа Орос иргэдийн нийгэмлэг нь 1954 онд байгуулагдсан Зөвлөлтийн иргэдийн нийгэмлэгийн залгамжлагч байгууллага юм. Энэхүү Зөвлөлтийн иргэдийн нийгэмлэгийг анх байгуулахад тухайн үед БНМАУ-д сууж байсан ЗХУ-ын Элчин сайд В.М.Молотов ихээхэн дэмжлэг, оролцоотой байсан. Тус нийгэмлэг нь 1992 оныг хүртэл идэвхтэй бөгөөд олон чиглэл, салбарт үйл ажиллагаагаа явуулж байсан. Харин ЗХУ задарсантай холбоотойгоор үйл ажиллагаа нь 1995 оныг хүртэл идэвхгүй байж байгаад Монгол Улсад сууж байсан ОХУ-ын Элчин сайд С.С.Разовын дэмжлэгтэйгээр Зөвлөлтийн иргэдийн нийгэмлэгийг өөрчлөн байгуулан Оросын иргэдийн нийгэмлэгийг байгуулсан юм.
 
Үйл ажиллагааны хувьд Монгол Улсад байнга оршин суугаа эх орон нэгтнүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль, дүрэм, соёл, уламжлал, төрөлх хэл зэрэг биет бус өвийг хадгалан хамгаалах, залуу хойч үеэ хүмүүжүүлэх, дэлхийн бусад улс оронд оршин суугаа эх орон нэгтнүүд хийгээд тэдний байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, туршлага солилцон хамтран ажиллах, Орос-Монголын иргэдийн хооронд тогтоосон найрамдалт харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
 
Мэдээж төрийн бус олон нийтийн байгууллага тул Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт харилцаатай ажиллаж тэдний дэмжлэг, туслалцаатайгаар олон ажлуудыг хамтран зохион байгуулдаг.
 
Энэ долоо хоногт Эх орны дайны ялалтын 75 жилийн ой тохиож байна. Ямар ажлууд төлөвлөж, хэрэгжүүлэх гэж байна вэ?
 
-Дээр хэлсэнчлэн Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүн дундаа Монгол Улсын Батлан хамгаалах яам, Монгол цэргийн музей, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, “Соёмбо” сонинтой хамтран ялалтын баярыг тохиолдуулан зохион байгуулж, хэрэгжүүлдэг олон ажлууд маань хэдийнээ уламжлал болоод байна. Тухайлбал “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн жагсаал, “Мы помним, Мы гордимся” урлагийн тоглолт, эх орон, дайны ялалтын сэдэвт хүүхдийн дуу, зураг, шүлгийн уралдаанууд, гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг нэрлэж болно. Түүнчлэн Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяраар гаргасан Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа дайнд явсан орос иргэдийн намтар, гэрэл зураг бүхий номоо илүү баяжуулан гаргах ажил ид өрнөж байна.
 
 
 
Энэ жилийн хувьд коронавурисийн улмаас уламжлал болгон хэрэгжүүлдэг ажлууд зохион байгуулах хэлбэрийн хувьд өөрчлөгдөж байгаа боловч агуулга, ач холбогдлын хувьд хэвээр явагдана. Жишээлбэл “Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалыг дэлхийн бүх улсад онлайн хэлбэрээр явуулж байна. Ингэснээр нэг өдөр хүндэтгэл үзүүлээд өнгөрөхгүй жилийн 365 хоног тухайн хүмүүсийн талаарх гэрэл зураг, намтар, баатарлаг үйлсийг бусдад түгээх илүү боломжтой болж байгаа юм.
 
 
 
Та Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаад Эх орны дайнд оролцсон орос иргэдийн тухай ном бүтээж байгаа талаар ярилаа. Хэчнээн орос иргэд фронт руу явсан юм бол?
 
-Монгол бол Эх орны дайн эхэлсэн цагаас ЗХУ-ыг дэмжихээ илэрхийлж, найдвартай ар тал нь болж байсан. Мөн Зөвлөлт Холбоот Улс хилийн гаднаас буюу өөр улсаас өөрийн орны иргэдийг татсан цор ганц улс нь Монгол юм. Дайн эхлэх үед Монголд 60000 орчим ЗХУ-ын иргэн ажиллаж, амьдарч байсан. Үүнээс төмөр зам, зам, барилга, эмнэлэг, цэргийн гэсэн салбарт ажиллаж байсан орос иргэдийг дайн эхлэхтэй зэрэгцэн шууд татсан байдаг. Тэр үед та, бидний хэлж заншсан “местный” буюу монголд амьдардаг 5000 гаруй оросууд фронт руу явсан. Үүнээс 2000 хүрэхгүй хүн л энх тунх монголд буцаж ирсэн. Ингээд харахаар Монголоос явсан орос иргэдийн 40 орчим хувь л буцаж ирсэн гэсэн үг. Тэдний дунд маш их харамсмаар түүх зөндөө бий. Тухайлбал, есөн хүүхэдтэй айлын найман хүүхэд фронт руу явснаас нэг нь л буцаж ирсэн, нэг айлын гурван хүүхэд нэг өдөр нэг тулалдаанд амиа алдсан байдаг.
 
Танай байгууллагаас гаргах номд эдгээр хүмүүсийн бүхий л материал багтаж байгаа болов уу?
 
-Бүгдийг багтаах боломж үнэндээ тун хомс. Манай байгууллага тухайн хүнийхээ ерөнхий мэдээллийг ОХУ-ын холбогдох байгууллагууд руу явуулдаг. Зарим тохиолдолд бидний хүссэн мэдээллийг ирүүлдэг бол заримдаа ямар ч мэдээлэл олдсонгүй гэх ч үе бий. Мөн хойч үе нь тэр хүмүүсээ мартсан, эсвэл сайн мэдэхгүй байх тохиолдол гардаг. Иймээс бид хүүхэд, залуусыг өвөг дээдэс, төрөл төрөгсдийнхөө баатарлаг үйлсийг битгий мартаасай, үр хойчдоо ярьж өгөөсэй гэсэн үүднээс энэхүү номынхоо ажлыг хийж байна. Хэрвээ бид л хийхгүй бол ялалтын 100 жилийн ойгоор магадгүй хэн ч дурсахгүй байх, санахгүй, хийхгүй болж магадгүй.
 
Монголд байнгын оршин суудаг хэчнээн Орос иргэн байдаг вэ? Тэдний өмнө тулгардаг нийтлэг асуудлуудын талаар ...
 
-ЗХУ задрах үед 110 мянган хүн байсан. Харин одоо 1500 гаруй орос иргэн Монгол Улсад байнга оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа.  
 
Тулгамдаж байгаа асуудлууд бол зөндөө бий. Хамгийн энгийн нь гэхэд биднийг аливаа үзвэр, үйлчилгээний газраар үйлчлүүлэх үед гадаадын иргэн гэсэн үүднээс илүү төлбөр, мөнгө нэхэмжилдэг. Бидний өвөө, эмээ, аав, ээж монголд төрж өссөн, бид ч энд л төрж өссөн, өнөөг хүртэл амьдарч байна. Гэтэл биднийг гадаад хүн гэж үзэх нь учир дутагдалтай юм. Мөн дэлхийн аль ч газарт гадаадын иргэн гэсэн үндэслэлээр илүү төлбөр, мөнгө нэхэмжлэх нь үндэс угсаа, гарал үүслээр нь гадуурхсан хэрэг болно.
 
Ярилцсанд баярлалаа.
 
Ахмад Э.ОЧХҮҮ
Эх сурвалж: "Соёмбо" сонин