ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-д шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давсныг “Reuters” агентлагийн мэдээлэл харуулжээ. Тус улсад халдвараар нас барсан хүний тоо буурч буйтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагааг сэргээж, хоёр сар гаруйн турш хөл хорионд байсан америкчууд гадуур гарах боломжтой болж байгаа юм.
 
 
 
АНУ-д тавдугаар сард өдөрт дунджаар 1400 орчим хүн халдвараар нас барсан бөгөөд дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт оргил үедээ хүрч, 2000-д хүрсэнтэй харьцуулахад буурсан байна. Тус улсад гурван сар орчмын хугацаанд “COVID-19”-өөр нас барсан хүний тоо Солонгосын дайн, Вьетнамын дайн, Ирак дахь мөргөлдөөнд амь үрэгдсэн америк цэргүүдийн тоог давжээ.
 
 
 
Мөн шинэ амьсгалын замын халдварт өвчнөөр 1981-1989 онд ДОХ-ын улмаас нас барсан хүмүүсээс олон хүн нас барж, сүүлийн олон арван жилд улирлын томуугаар нас барсан хүний тоон үзүүлэлтийг давжээ. АНУ-д хамгийн сүүлд 1957-1958 онд томуу өвчний улмаас хамгийн олон буюу 116 мянган хүн нас барсан байна.
“Reuters” агентлагийн мэдээллээр АНУ-д халдвар авсан хүний тоо 1.7 сая давсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт өмнөд нутгийн мужуудад халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгджээ.
Дэлхий даяар өнгөрсөн оны сүүлээс хойш халдварын 5.6 сая тохиолдол бүртгэгдэж, 350 мянга гаруй хүн нас баржээ. Сүүлийн үед Өмнөд Америкт халдвар ихээхэн тархаж, Бразил халдварын тохиолдлын тоогоороо хоёрдугаарт бичигдэж эхэлсэн юм.
Халдварын улмаас нас барсан хүний тоон үзүүлэлтийг хүн амтай харьцуулан жагсаавал, АНУ наймдугаарт эрэмбэлэгдэж байгаа бол Бельги, Испани, Их Британи, Итали жагсаалтын эхэнд бичигдэж байгаа ажээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг