sonin.mn

-Би гэж ам хуурай байхгүй шүүмжлэх дон ямагт хөдлөөстэй!

 

Санзайд Цэргийн амралт хүрдэг зам гэж ёстой там, машинаа эвдэх энүүхэнд, зундаа нартай өдөр хавийг бүрхэх тоос шороо. Үглэсэн дуулсан жолооч иргэд тоогүй олон. Би тэссэнгүй МҮОНТВ-ийн ММ агентлагийн захирал дүү бүсгүйдээ утас цохиж хов хүргэн сурвалжлах баг илгээлгэн газар дээр нь сурвалжлага хийлгүүлээд нийтийн тээврийг зогсоолгож орхисон. Тээврийг саатуулах, иргэдийг 3 км алхуулах нь миний зорилго байгаагүй. Цэргийн амралт ба БХЯ цочрог гэж, хэдэн жилийн өмнө засмал зам тавьсан тэр компани ба эздийг нь олж шийтгээд даруй алдааг нь засуулаасай гэсэндээ би тэгж “хов хутгасан” юмсан. Автобусны жолооч нар надад баярласан гэж жигтэйхэн. Эвдрэл гэмтлээс сэргийлж өглөө, тамын замаар туучуулсангүй гээд. Ямартай ч тэр олон (хэдэн зуун) нүхээ хусч, хайрга асгаад, индүүдэж тэгшлээд өвөлтэй золгуулчихлаа. Цас орж, хайлж мөстөөд дахин цас хучаад зам гэж толь. Нийтийн тээврийн газраас автобусыг нь явуулж эхэлжээ. Харин зусангаа явган алхсандаа гомдсон иргэд нөгөө автобусанд нь сууж өгдөггүй ээ. Нэг жолооч тэгж ярьж байдаг шүү.Энэчлэн Санзайн их хогтой би зусангаа фээсээр тэмцлээ. Одоо ч тэмцэж байна. Би бүр томруулаад улс төржүүлээд бичмээр санагдаад явчихлаа.


Хог чихсэн бутка буюу манааны шовгорын зураг. Сайн хараад тогтоогоод ав. Монголчууд ба Монгол орны байж байгаа царай гэлтэй биш, ямар нэр өгье дээ?

 

Сэлбийн эхэнд зовж байж, асар их мөнгө хүч зарж байж байгуулсан хиймэл нуураа “Хөх нуур” гээд нэрлэчихлээ. Уг нь хотоо тойруулаад ийм нуур олныг байгуулчихвал, ядаж Үндэсний цэцэрлэг хүрээлэнд ч ийм нуур байгуулчихвал яадаг бол?


Иргэд их хотдоо түүртээд стрессээ тайлах арга чаргаа хайгаад Сэлбийн эх ундарга дээр байгуулсан тэр нуур руу цуваад салдаггүй ээ. Байгальтайгаа хамт байх гэсэн чин сэтгэлийг нь хүндэтгэж байгаа ч нуурын хөвөөний манааны ганц шовгорыг ийм болгочихсныг үнэхээр уучилшгүй. Цонхыг нь хага цохиж байгаад хогоо чихжээ. Хэн бэ? МОНГОЛ ХҮН ТА шүү дээ. Өөр ингэж тэнэгтэх гадны хорлогчин байхгүй, МОНГОЛ ХҮН ТА! Улс төржүүлнэ гэснээрээ би зүтгэе. Эх орон маань хурдтай, тулхтай, даацтай, тэгшсэн хөгжиж чадахгүй, ард түмнийх нь тодорхой хувь (арай дийлэнхи нь биш байх!) ядуу, дорой, ажилгүй, унхиагүй байгаагийн үндсэн шалтгааныг хулгайч улс төрчид гэхгүйгээр Та нарт өөрсдөд чинь их дутагдал байна гэдгээ энэ хог чихсэн манай шовгорын зургаар илэрхийлэх гэж би бичээд байна. Санзайн нуурын наад хаалганд байрлуулсан хов хоосон хогийн бункерыг харчих. Хов хоосон.


“Хог хаях” гэдгээ би гарчигтаа ёс суртахуун, хүмүүжил, бас мөнгөтэй холбоод биччихсэн байгаа. Нэгэнт л манааны шовгор шиг болгочихсон бол тийшээ хог чихэж буй хүн би хэн бэ гэдэгтээ ноцтой дүгнэлт хийхгүй бол насан туршдаа өөрийгөө хуурч амьдарсан хөгийн бэртэгчин болох нь тэр.

 

Хот хөдөөгүй шүү. Ямар ч суманд очоод үз. Хогоо яах вэ? Аймгийн төвд. Мөн л энэ их хогоо яах вэ? Нийслэлийн бүх хороолол, бүр тансаг хорооллуудаар яваад үз. ХОГОО ЯАХ ВЭ?

 

“Хогны менежмент”–тусгай мэргэжлээр олон мянган залуусыг сургаж бэлтгэхгүй бол оройтлоо. Эх орон чинь хогондоо ялагдахад тун ойрхон байна.

 

Хог шатааж цахилгаан эрчим хүч гаргадаг жижиг оврын үйлдвэрүүд гэр хорооллоор дүүрэн байгуулбал яадаг бол? Хотын төвийн хорооллуудад ч бас тэгмээр санж. Аймгийн төв, сумдад хамгийн түрүүн хог шатааж эрчим хүч гаргаж авах үйлдвэр байгуулъя.

 

“Хог бол нуль алт!”–арай хэтийдсэн гэх үү? Үгүй, хэрэв ялгаж салгаж ангилдаг бол бүгд бүтээгдэхүүн болж дахин ашиглагдана. Хязгааргүй их мөнгө хогон дотор чинь бий. Тэр их мөнгийг ялгаж салгаж авах ухаан, мэдлэг, технологи хэрэгтэй. Хэрэв ангилдаг хүн, техник, сэтгэл байхгүй бол хог шатааж эрчим хүч гаргаж авах. Өөр хувилбарыг би олж харахгүй байна. Хөгжье гэвэл “хогны боловсрол”-оо хөгжүүл. Ясли, цэцэрлэгээс нь үрсдээ зааж сургая, дунд сургуулийн бүх ангид “Хог хаяж болохгүй” гэсэн хичээл 9 дүгээр сарын 1-нд зааж хэвшүүлье. Цаашаа мөн ч олон юм бичихээр байна даа. Ганц л хатуу дүгнэлт.


Эх орон чинь хог чихсэн манааны шовгор шиг болчихвол ЧАМД, ТАНД, ТА НАР-т сайхан уу?


Д.Баярхүү