ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров арваннэгдүгээр сарын 10-нд Москва хотноо мэдэгдэл хийхдээ, Орос, Украины мөргөлдөөнийг зохицуулах нөхцөл тодорхой болоогүй цагт гал зогсоох шинэ тохиролцоонд хүрэхгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр Европын орнуудыг гал зогсоох хэлэлцээрээр цаг хожиж, Украины цэргийн хүчин чадлыг сэргээх боломж бүрдүүлэхийг зорьж байна хэмээн буруутгасан байна.
RT (Russia Today) агентлагийн мэдээлснээр, Сергей Лавров хэвлэлийн бага хурлын үеэр мөргөлдөөнийг урт хугацаанд шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад түр эвлэрэх, гал зогсоох зэрэг аливаа хэлбэрийн тохиролцоог Оросын тал хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Тэрбээр “Европын талын байр суурь өөрчлөгдөөгүй. Тэд гал зогсоох нэрийн дор цаг хожиж, Украины армид учирсан хохирлыг нөхөн сэргээх боломж олгохыг зорьж байна. Бид үүнийг зөвшөөрөхгүй” хэмээн онцолсон байна.
Мөн өдөр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко Барууны орнуудыг мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхийн оронд дайныг сунжруулах бодлого баримталж байна хэмээн шүүмжилжээ.
Г.Бямба
Пүрэв - 11 сарын 12,
2026
Сэтгэгдэл0