Оюуны өмч, хиймэл оюун ухааны асуудлаарх дэлхийн анхдугаар форум арваннэгдүгээр сарын 9-10-нд Швейцарын Женев хот дахь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын төв байранд боллоо. Форумд оролцогчид хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотой оюуны өмчийн эрх зүйн зохицуулалт, бодлогын шинэ сорилтууд болон технологийн дэвшил нь бүтээлч үйлдвэрлэл, инновацын салбарт үзүүлж буй нөлөөллийн талаар хэлэлцжээ.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал Дарен Танг форумыг нээж хэлсэн үгэндээ хиймэл оюун ухаан нь хүний сэтгэн бодох, шинэ санаа бүтээх, өөрийгөө илэрхийлэх арга хэлбэрийг үндсээр нь өөрчилж байгааг онцолсон байна.
Тэрбээр хиймэл оюун ухааны эрин үед оюуны өмчийн тогтолцоонд гурван үндсэн сорилт тулгарч байгааг дурджээ. Тухайлбал, оюуны өмчийн эрх зүйн тогтолцоо юуг хамгаалж, ямар төрлийн бүтээлч үйл ажиллагааг дэмжих, технологийн хурдацтай өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, мөн уран бүтээлчид, хиймэл оюун ухаан хөгжүүлэгчид болон олон нийтийн эрх ашгийг тэнцвэржүүлсэн лиценз, урамшууллын үр дүнтэй механизмыг хэрхэн бүрдүүлэх асуудал чухал болж байгааг тэмдэглэсэн байна.
Дарен Танг цааш нь хиймэл оюун ухааны хөгжлийг зохицуулахдаа хүн төвтэй зарчмыг баримталж, хүний бүтээлч сэтгэлгээ, оюуны хөдөлмөрийн үнэ цэнийг хамгаалах шаардлагатайг онцолжээ. Үүний зэрэгцээ бүтээлийн гарал үүсэл, эзэмшигчийг тодорхойлох мета өгөгдөл, дижитал усан тэмдэглэгээ болон лицензийн шинэ загвар зэрэг технологи, эрх зүйн бодит шийдлүүдийг хөгжүүлэх нь чухал гэдгийг дурдсан байна.
Г.Бямба
Пүрэв - 11 сарын 12,
2026
Сэтгэгдэл0