sonin.mn
Энэ удаа Хэнтий аймгийн уран хатгамалч, аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны тасгийн эрхлэгч, Эрүүл мэн­дийн тэргүүний ажилтан Ж.Эрдэнэсувдтай учиг шаглах уран хатгамлынх нь талаар ярилцлаа. Тэрбээр биет бус өвийг залуучууддаа зааж сургахаар өөрийнхөө урланг нээжээ. Энэ урланг нээхэд хамгийн их дэмжсэн нь түүний гэр бүл, ах дүү нар юм. Биет бус өв болох зүү ороох гэхэд нэг даалин оёж дуусгахад 5-6 сар шаарддаг.
 
Зүү ороох оёдлоор хөөрөгний  даалин, хавтага, малгайн залаа, оймсны хараа, дээлний гоёл чимэглэл, аяга, даллаганы уутыг урлаж шаглахыг тодорхой хэмжээний төлбөртэй зааж сургаж байна. Тэрээр 50 гаруй шавьтай гэж байсан. Энэ оёдол нь давхар үйлдэл бүхий гар ажиллагаатай тул дэлхий нийтээр текник технологи хөгжсөн хэдий ч үүнийг дууриалган оёж болохгүй гэдгээрээ онцлогтой ажээ.
 
Ж.Эрдэнэсувд найм, есөн настайдаа эмээгээрээ заалган оёж сурсан гэж байв.
 
Түүний эмээ нутаг усандаа уран гартай гэж нэрлэгдсэн хүн байсан бөгөөд “Эмэгтэй хүн оёдол үйлтэй ойрхон байх ёстой” гэж байнга захьдаг байж. Тиймээс эмээдээ тусалж дээлийн товч, шилбэ хадахаас гадна хавж сурчээ. Энэ оёдлыг сурсан хүн дуртай зүйлээ шамдан суралдцдаг шүү дээ. Оюутан байхдаа ч хоёр хүүхдээ тээж байхдаа оёдог байсан гэв. Эмээгээсээ хойш Монголын уран хатгамалчдаас нэмж суралцсан байна. Оёдол нь дотроо загасан нуруу, задгай хатгамал, зоосон ширээний сүлжмэл гэж байдаг гэсэн.
 
Даалин хүний нэг үеийг элээнэ ч гэдэг. Учир нь учиг хатгах болгондоо ухаанаа шингээж хатгадаг болохоор торго нь сэмрэхээс оёдол нь сэмэрдэггүй байна. Зүү ороох оёдлын талаар хуучны нэг яриаг сонирхуулахад урьд цагт бэрээ богтолж аваачдаг байснаас тухайн бэрийг тэр нутагт идээшин дастал нь энэ оёдлыг зааж өгдөг байсан гэдэг. Энэ нь нэг талаараа бясалгал хийж тайтгарлыг авч байгаа гэсэн үг юм.
 
Зүү ороох оёдол нь эмэгтэй хүнээс их мэдрэмж шаарддаг. Мөн удаан хугацаагаар сууж оёдог учир тухайн хүнийг төлөвшүүлнэ. Аливаа дүрсээ сэтгэж оёно. Түүний хувьд бар, морь оёх дуртай гэсэн. Бар хүчирхэг амьтан түүнээс гадна ханийн минь төрсөн жил. Харин морины тухайд багадаа хурдан морь унаж өссөн учир моринд их хайртай гэж байлаа. Уран хатгамалч маань эмч мэргэжилтэй, бусдын эрүүл энхийн манаанд зогсдог. Аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн эмчээр ажиллахдаа өвчтөнүүдийнхээ бие, сэтгэлийг эмчилж хэрээсэн хатгамал зааж өгч оёулдаг байжээ. Өвчтөнүүд нь эр эм гэхгүй бүгд сайн оёдог байсан хэмээн дурсан ярьж байсан юм.
 
 
А.Доржханд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин