sonin.mn
Миний аавыг Бургалтайн |Сэлэнгийн Баруунбүрэн| шатан хөлт Найдансүрэн гэж нутгийнхан маань нэрлэдэг юм. Муу муухайгаар нь дуудаж байгаа юм биш л дээ. Ижил нэртэй олон Найдансүрэнг хооронд нь ялгахын тулд л ингэж байгаа юм. Би аавыгаа ажаа, ээжийгээ ижий гэж авгайлдаг. Тэд нар маань Бургалтайн жирийн малчин хүмүүс тул би чинь бүр хар багаасаа л морины нуруун дээр өссөн дөө. Яагаад гэвэл ажаа маань адуунд дуртай, гайгүй сайн уяач хүн байсан юм. Тавхан настай сумынхаа наадамд анх удаа цавьдар халзан хязаалангаа |азарган| унаж түрүүлсэн юмдаг. Ижий бол тэр үед намайг наадамд морь унахад дурамжхан л байсан. Би өөрөө морь унана гээд зүтгэчихдэг бас ажаагаа надад эмээл хийж өг гээд байнга шалдаг байсан тул ажаа маань том эмээлийн мод хасч байгаад хөөрхөн эрвээхэй эмээл хийж өгсөн юмдаг. Тэгэхээр эмээл нь байсаар атал би яаж наадамд морь унахгүй байх вэ дээ. Унаж л таараа. Тэр цавьдар үрээг ажаа манай сайн танил нутгийн малчин Ишдорж гуайнхаас азарга тавихаар 1948 онд авч байлаа. Энэ энэ оныг би өдгөө мэдэхгүй ч гэсэн өөрийнхөө насаар хөөж байгаад олчихсон юм. Дамдинжавын Ишдорж түүний гэргий Цэвээний Цэвэлмаа гуай нар бол Бургалтайгаас төрсөн БНМАУ-ын анхны Улсын сайн малчин айл байлаа. Муу азарганы төл уяа даадаггүй гэдэг болохоор, сайн азраганы төл цавьдар маань уяа сайн даадаг хүлэг болж, би ч гэсэн өөрөө хашир унаач болсон бид хоёр сумынхаа наадамд олонч удаа торгон жолоогоо өргүүлж байлаа. Түүний төл цавьдар халзан үрээг би ажаагаасаа хойш арван хоёр настай хоцорсон тул наадамд уяж чадаагүй Улаанбаатар хотод дунд сургууль төгсөөд дараа нь гадаадад суралцахаар явах болж миний хойд эцэг Гэлэнхүү агсаны ах Даазай хэмээх Доржийн Данзан нагацад маань бүдүүн сайхан морь нутагтаа үлдсэн юмдаг. Эдгээрийн тухай мэдэх хүн бол одоо энэ нутгийн буурлууд Халуун Тамлай хэмээх Доржоохүүгийн Лхамсүрэн, Бүүдээ хэмээх Дагвын Бадарч нар байна даа. Тэр үед зургаан настай хүүхэд хурдан морь унах бол ердийн үзэгдэл, харин таван настай бол арай өөр, гэхдээ л нэг их сүртэй зүйл биш байжээ.
 
 
 
Хөдөө нутгийн наадам одоогийнхоос өөр, сийрэг уралдах морь нь цөөн наадам нь уралдаан өрсөлдөөн гэхээсээ илүү өв уламжлал тал нь давамгайлж байсан цаг. Иймээс балчир хүүхэд хурдан морио наадамд унаж ийм маягаар хар багаасаа малчин ахуйд цаашдаа суралцдаг байлаа.
 
 
 
Эцэг эхчүүд үр хүүхдээ  бага наснаас нь адуу малтай ойртуулан дасгаж малчин  амьдралд бэлддэг байжээ. Мэдээж орчин цагийн наадам бол өөрчлөгдсөн өв уламжлал гэхээс илүү өрсөлдөөн уралдаан спортлог тал нь давамгайлж морьдын тоо эрс нэмэгдсэн. Ийм нөхцөлд 6 настай хүүхэд байтугай хэн ч унасан хэцүү шүү дээ.
Манай нутгийн|Сэлэнгэ Баруунбүрэн| наадмын морьд Нарангийн хөндийгөөр өгсөн, Гэзэгийн шилээр давж, Гурван толгойн ард барьдаг байлаа. Их нас бол бүр Намгийн тархинаас за нэг 27,28 км байх эргэдэг. Азарга, соёолон Хөшөөний хотгор хүрээд 24-26, хязаалан 22—24 Нарангийн эхээс, шүдлэн 20-15, Нарангийн сайраас, даага бол Дааган толгой гэх жижиг толгойн ар, өврөөс 10-11 км-т л эргэдэг байлаа. Мэдээж энэ зайг үе удам дамжсан малчин хүн он жилийн амьдрал дундаа л  тогтоочихно шүү дээ. Нас гүйцсэн бүдүүн морь идэш нь л таарсан бол 30-аад км-т цуцалтгүй хурдалж чаддаг гэдгийг ч бас хэзээнээс бүр Хувилай хааны үеэс мэднэ. Хоёр өртөөний хоорондох зайг |25-30 км| ингэж л тогтоосон байх. Уяач хүн нас насны энэ зайд л хурдан мориныхоо хүч чадлыг бүрэн дүүрэн ашиглахын тулд тохируулах бол маш чухал бөгөөд гол ажил. Үүнийг уяачид үнэн сэтгэлээсээ дуртайяа хийж түүнээсээ таашаал авдаг. Ор нэр болгодоггүй. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй болохоор морь болгон өөр өөрийн онцлогтой байдаг. Тэр онцлогт нь л уяа сойлгыг нь тааруулана гэдэг бол уяачдын маань эрдэм юм шүү дээ. Тэр үед чинь өнөөгийнх шиг төрөл бүрийн шимт тэжээл, уураг, витамин адуу малд байтугай хүнд ч байгаагүй юм чинь. Ажаа маань уях морьдоо намар оторт явуулахгүй гаднаа авч үлдэн намартаа бага сага унаж, өвөлдөө хөх өвс, бүр сайндаа л овъёос, хивэг өгч нар дагуулан уядаг байлаа. Андашгүй дээ хөл дээрээ тэгш зогсоод, үс нь сор даагаад л өнгө ороод эхэлдэг. Тэр үеийн сумдын наадамд их нас гэхэд л тавиад морь уралдана. Бусад нас нь үүнээс арай цөөн. Харин бусад сумдын наадам цуварч болдог тул Сэлэнгэбүрэн, Хангал, Чингэл, Цонхлон |Бугат| .. гээд баярлаж цэнгэж л явна шүү дээ. Нөгөөд бол талаар нэг тарж байнга нүүж, суудаг малчин бидний хувьд бол жилдээ нэг цуглаж уулзах, зэргэлдээх нутаг орныхонтой танилцах маш том далим болдог байжээ. Хөдөөгийн нүүдэлчин малчдын хувьд жил тойрон хоног тоолон хүлээдэг баяр бол наадам юм. Миний хувьд  хамгийн гоё нь Баруунбүрэн сумын маань наадам..
 
За одоо би буцаад ББ сумынхаа наадмын яриандаа оръе. Ажаа маань намайг миний анхны тэр наадамд гаргаж хязаалан эргэх газар хүргэх замдаа, буцаад яаж явахыг надад хэлж, нас бүрийн эргэх газарт нь тэмдэг болгон хатгасан хус мод бүр ногооноороо байгааг зааж, дараа нь түр зогсон үрээгээ шээлгэн,  олом чангалж өгөөд, яг гарахын өмнө миний хоёр гуяыг ганзгаар минь даруулж
 
-За миний хүү нөгөө ногоон модоо дагаад саяын ирсэн замаараа.. гэтэл морь гаргагч За.. гээд дараагийн үгээ хэлж амжаагүй байхад л морьд ч хүний хэл мэддэг юм шиг пар хийн эргэлээ. Би ч цуг л эргэсэн. Би тэр чигээрээ ажаагийнхаа зааж өгсөн ногоон модоо баримжаалж давхисаар Гэзэгийн шил дээр гартал тэнд Дашцэрэн ах маань намайг хүлээж байв. Цааш давхисаар нэг л мэдэхэд түрүүлчихсэн байсан. "Өө хөө... ижий  айгаад л байсан чинь хурдан морь унаад наадамд түрүүлэнэ гэдэг чинь ийм амархан байсан юм уу" гэх санаатай ч ганзгын суранд холгогдож шалбарсан гуятай миний бие ижийдээ тэврүүлээд мориноосоо бууж байлаа. Хүмүүс ч намайг өхөөрдөөд л, сумын наадам түрүүлсэн Тогоо заан ирээд “Бид хоёр өнөөдөр одтой байна” гээд надад бөхийн байнаасаа алга дүүрэн чихэр боов өгч байлаа. Ижий маань намайг тэр өдөр дахиж морь унуулсангүй гэртээ харихдаа ч мөнөө л ижийнхээ өвөр дээр нь явсаар ирсэн юмдаг.
 
Өмнө нь манай Борын шаргыг унаж сумынхаа наадамд түрүүлж байсан Хөхийн Нанзадын Шарав ах том болж хотод сургуульд явах болсон юмдаг. Шарга морь маань ч настай болж ажаа маань түүнээс хойш өвчний улмаас насан өөд болжээ. Ижий бид хоёр Улаанбаатарт ирснээс хойш би дахиж наадамд морь унаагүй нэг л удаа манай нутгийн моринд дуртай хэмээх Бадарчийн Дамбадаржаа гуайн хүрэн морийг Цагаантолгойн |Сэлэнгэ Сант сум| наадмаар унасан юмдаг. Гадаад оронд явснаар монгол наадам үзээгүй олон жилийн дараа нутагтаа ирээд улсын наадмийн хурдан морины уралдааныг бол байнга ТВ-гээр үзэж тэнд манай нутгаас морьд ирсэн буй эсэхийг дотроо битүүхэндээ харуулддаг л байлаа. Бөхчүүдээс бол Наранцэцэгийн Бүрэнбаатар, Жадамбын Сумъяа, Нарангэрэлийн Саранцогт нарыгаа бас Сэлэнгэ аймгийн бөхчүүдийг ч мөн харна даа.
 
 
 
Тэртээ 1990 он АХ-ын 69 жилийн ой болж байлаа. Би мөнөө л ТВ-ийнхээ ард морь гарахыг л харж суулаа. Энэ наадмын их насны морьдын уралдаанд газар газрын 470 хурдан хүлэг гарч байлаа. Ийм олон их нас наадамд гарч байхыг би л лав мэдэхгүй юм байна. Гараа руу  явж байгаа нь бүр Яармагийн дэнж дүүрэн байсан. Тэр үед чинь гарааны төхөөрөмж энээ тэр гэж байгаагүй, энэ олон морь гараанаас гарч байгаа үе бол маш хэцүү, ер нь л гараа болгон нь л будлиантай, зарим нь бүр эргэж буцдаг, нас болгонд хүүхэдгүй морь ирж буй нь харагдаж  байлаа. Ийм олон морь нэгэн зэрэг гарна гэдэг бол үнэхээр хэцүү харагдсан.
 
 
 
 
Тэр наадмаар Зүүнхараагийн САА-н уяач Нядсүрэнгийн буурал морь, Төв аймгийн нэг том шар хээр морьтой хамт урд хойноо оролцон үргэлж манлайлж явсаар Төв аймгийн Баян-Өнжүүлийн Сэрээтэрийн шар хээр түрүүлж, Зүүнхараагийн САА-н Нядсүрэнгийн буурал морь аман хүзүүнд ирлээ хэмээн ТВ-гээр зарлаж байлаа. Тэр хоёр бараг зэрэг шахуу орж ирсэн. Арын морьд нь Төв аймгийнхных байсан шиг санагдаж байна. Би бол тэр үед Нядсүрэнг танихгүй ямартай ч манай Сэлэнгийн морь байна гэж л олзуурхаж байлаа. Эдгээр морьдыг цоллуулж байхыг нь харахад их ясархуу, хүчирхэг цээж, бүтэн бие, хийцээрээ мөн ч сайхан амьтад байсан даа. Ийнхүү Нядсүрэнгийн алдарт хурдан буурал морь уясан эзнээ баярлуулж улсын алдарт хүргэсэн түүхтэй юм.
 
Сэрээтэрийн Гийнаа гэж Баянбараатын мундаг уяач хүн тэр наадамд түрүүлсэн тэр гайхамшигт хурдан буян шар хээр морио өндөр настай болсон өөрийнхөө аав Сэрээтэрээр нэрлэсэн юм билээ. Сүүлд Нядсүрэн Баруунбүрэн суманд шилжин ирснээр бид сайхан танилцсан боловч энэ алдарт буурал морины тухай түүнээс асууж амжилгүй явсаар өдий хүрчээ. Хүрэлийн Нядсүрэнгийн алдарт хурдан буурал морь, хээр азарга, улс болон төвийн бүсийн наадмыг айраг түрүүг нэг бус удаа авч байв.Тэртээ 2001 оны АХ-ын түүхт ойн тэр жил мөн л зурагтаар хурдан даага ирж буйг харж суутал нэг өндөр том хилэн хар даага түрүүлж ирснийг морь тайлбарлагч ТВ-ийн сурвалжлагч Цагаандалай: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Доржийн Отгонбаатарын хар даага АХ-ын их баяр наадамд торгон жолоогоо өргүүлж, түмэн эхийн манлай түрүү хурдан хүлэг гэдгээ харуулж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин, олноо баярлуулж байна гээд л зарлаж байлаа шүү дээ. Энэ чинь юу вэ?...Би ч ёстой л омогшино, онгирно гэдэг нь болсон байх, тэр дороо л сэтгэл сэргээд явчихлаа. Хэнд ч юм хэлмээр, дуулгамаар байсан ч хэн ч дэргэд минь байсангүй бүгд наадамд явчихаж, гэсэн ч би өөрөө өөртөйгөө ярьж маш их баярлан жинхэнэ наадам үзсэн шиг болсон юмдаг. Энэ Отгонбаатар чинь манай нутгийн уугуул, миний аавын танил манай сумын эмнэлгийн анхны санитар атгаал Дорж гуайн хүү байна ш дээ гээд л. Тэр орой ч ёстой л балчир бага насандаа сумынхаа наадамд Дааган толгойн дэргэдээс Далайн хээр гэдэг Бургалтайн хурдан хүлэг анх даага байхад нь унаж түрүүлж байсан минь санагдаж наадмын дааганы уралдааныг зурагтаар давтан үзүүлэх бүрд нь тэр олон хурдын дундаас салхич шувуун мэт давхилттай тосон хар даага онцгой түрүүлэн ирж буйг хараад л самсаа шархирч байлаа. Тэр болгонд ганцаар мөртлөө Отгонбаатар хүүд баярлалаа гэж өөртөө хэлж байсан минь санаанд үлджээ. Хар даага мөн Төв аймгийн наадам очиж түррүлсэн юм билээ. Мөн атгаал Доржийн Нямдаваагийн буурал морь 1991 оны улсын наадамд үзүүрлэж, Отгонбаатарын хар даага Ардын хувьсгалын 80 жилийн ой, 2001 онд улсын наадамд түрүүлснээс хойш очсон наадам бүхэндээ алтан жолоогоо өргүүлж орон нутгийн чанартай олон наадамд түрүүлж айрагдан “Улс хар” нэртэй болсон энэ хурдан хүлэг Бургалтай нутгийнхаа нэрийг улс даяар гаргаж өдгөө аймгийн алдарт уяач Доржийн Отгонбаатарын хурдан морьдоор ямагт дүүрэн байдаг уяаных нь чимэг болж байна. Үүнээс хойш арван гурван жилийн дараа 2013 онд Данзандоржийн Одхүүгийн хээр үрээ улсын наадам түрүүлж торгон жолоогоо өргүүлжээ. Отгонбаатарын хар даага Ардын хувьсгалын 80 жилийн ой, 2001 онд улсын наадамд түрүүлснээс хойш очсон наадам бүхэндээ алтан жолоогоо өргүүлж орон нутгийн чанартай олон наадамд түрүүлж айрагдан “Улс хар” нэртэй болсон энэ хурдан хүлэг Бургалтай нутгийнхаа нэрийг улс даяар гаргаж өдгөө аймгийн алдарт уяач Доржийн Отгонбаатарын хурдан морьдоор ямагт дүүрэн байдаг уяаных нь чимэг болж байна. Отгонбаатарын "Улс хар" өдгөө 15 настай ч сайхан хэвээр байгааг уншигч Та 2016 оны зун хуучин төвийн хажууд Бургалтайн голын хөвөөнөө зусч буй Доржийн Отгонбаатарын уяан дээр авсан энэ зургаас харж буй.|Зураг гарсангүй| Үүнээс хойш арван гурван жилийн дараа 2013 онд Бургалтайн Данзандоржийн Одхүүгийн хээр шүдлэн үрээ улсын наадамд түрүүлэн торгон жолоогоо өргүүлж, Төв аймагт болсон Төвийн бүсийн наадамд мөн түрүүлж Данзандоржийн Одхүү аймгийн алдарт уяач болжээ. Зурагтаар харжээ байхад Одхүү, хээр үрээ хоёр ёстой л нэг хаврын ногоо шиг суга өсч яваа сайхан залуус юмдаа. Очоод л хүү шигээ тэвэрмээр... Бургалтайн залуу уяач Одхүү  хээр үрээгэээрээ азарга тавьж гарсан төл нь орон нутгийн наадмуудад торгон жолоогоо өргүүлж байна. Түүний өвөө Дагвадоржийн Жамъяндоржийн хурдан хүлгүүд орон нутагтаа сайхан л уралдаж байсан. Баруунбүрэн сумын маань залуусын уясан хурдан хүлгүүд нутгийнхаа нэрийг дурсгаж намайг үргэлж баярлуулж сэтгэл догдлуулж байдаг юм даа. Түрүүлж айрагдаад ирэх бол үнэхээр бахархууштэй, Наадамд морь уяна гэдэг бол эр хүний хиймор юм даа, түрүүлж айрагдахгүй ч гэсэн зүгээр л сайхан уралдуулаад эсэн мэнд  ирэхийг нь харна гэдэг чинь хоолой зангирмаар монгол хүний сэтгэлийн баясгалан юм шүү дээ.
 
 
Найдансүрэнгийн Бадарч