Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Тэмүүжингийн хул даага түрүү магнайд торгон жолоо өргүүллээ. 
 
Аман хүзүүнд нь, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага, айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын харьяат Монгол Улсын манлай уяач Т.Батцоожийн хээр даага хурдлав. Харин айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзориг хулд даага, айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Онолбатын хонгор халзан даага тус тус хурдаллаа.
 
Уралдаанд 242 даага бүртгүүлснээс 40 гаруй нь гарааны зурхайгаас эргэсэн юм. Дааганы үүлдэрлэг байдалд хяналт тавихад нэлээд нь хасагдсан аж.
Ноднин буюу Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, уяач Г.Чинзоригийн халтар даага тод магнай, торгон жолоо өргүүлсэн. Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын уугуул, уяач Р.Дуламсүрэнгийн халиун хурдалжээ.
 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг