Hap магнай дээр тусах өглөөний сэрүүнд өндөр байшингийн өргөн чөлөөнд хүн тэрэг, унадаг дугуйтай хятадууд хаашаа ч юм яаран зөрөлдөнө. Энэ их тасралтгүй цувааны цаад талаар дэлхийн брэнд болсон машинууд /бүх Хятадад үйлдвэрлэгдсэн/ түгжрэлээс гарах гэж аажим аажмаар холхино. Зөвхөн өглөө, оройдоо тасралтгүй үргэлжилдэг энэ дүр зураг Хятадын аль ч хотод үзэгдэнэ.

 

Сүүлийн үед БНХАУ-ын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эдийн засгийн өсөлт дэлхийн улсуудын анхаарлыг ихээхэн татаж байгаа аж. Тэр тусмаа тус улсын газар тариалан, аж үйлдвэрлэлийн хөгжил дээд цэгтээ хүрч, үүнээс үүдсэн сэргээгдэх эрчим хүчийг нөхөх, ашиглах шинэ арга технологи нэвтэрч эхлээд байгаа гэнэ.

 

Харин хурдацтай урагшилж буй Хятадын эдийн засгийн өсөлтийг түргэтгэгч нэгжийн эхний аравт Өвөрмонголын өөртөө засах орны аж үйлдвэрлэл ихээхэн түлхэц болсон нь Хөх хот, Бугат, Ордос зэрэг хотуудын томоохон үйлдвэрлэлийн үйл явцаас харагдана. 2000-2011 онуудад орон нутгийн санхүүгийн ердийн төсвийн орлого 9.5 тэрбум юань байснаас 135.7 тэрбум юань болтлоо өсч, энэ үзүүлэлтээрээ Өвөрмонгол бүх Хятадын хэмжээнд эдийн засгийн өсөлтөөрөө 15 дугаарт бичигдэх болжээ.

 

Хил залгаа оршдог Өвөрмонголын өөртөө засах орны аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн Хөх хот, Бугат, Ордос, Баяннуур аймгийн зарим хошуу, хотын аж үйлдвэрлэл, соёл уламжлалтай танилцаж, сурвалжлах зорилго бүхий аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Хүрэлчулуун, Монгол-Хятадын нийгэмлэгийн тэргүүн С.Баатар тэргүүтэй сэтгүүлчдийн төлөөлөл өмнөд хөршийг зорьсон юм.

 

Айлчлал хийгээд аяллыг хослуулж, тус оронтой цаашид хамтран ажиллах харьцаагаа бататгаж, явсан хэргээ бүтээгээд ирэв. Аялагч жуулчдын хөл тасрахаа байсан Хөх хотын ард талаар сунаж тогтсон үхрийн сархинаг шиг олон салбар өндөр уулсыг Монийн нуруу гэж нэрийднэ. Газар нутгийн онцлогийн хувьд говь, тал хээр хосолсон. Монголын хилийг нэвтрэв үү үгүй юу Монийн нурууны ар өврөөр үзэгдэх урт хөндийг тэр чигээр нь хавтгайлан засч, тариалан эрхэлжээ.

 

Өвлийн жавар тачигнасан ид хүйтнээр Өвөрмонголын Цагаан суварга онгоцны буудалд буухад дөнгөж -7С градустай байлаа. Ялангуяа энэ жил Өвөрмонголын хэмжээнд агаарын температур -15-17С -ийн хооронд хэлбэлзэж байна. Тэр тусмаа Хятадад сүүлийн 50 жилд болоогүйгээр хүйтэрч байна гэсэн. Бид зузаан дулаан хувцаснаас салж, шууд аяллын маршрутдаа оров.

 

Биднийг Өвөрмонголын Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас төлөөлөгчид угтан авч, Хөх хотын монгол уламжлалт цэцэрлэгээр орж сонирхуулав. Ихэнх нь цэвэр монгол хүүхдүүд биш ч “монгол уламжлалт” хэмээн тодотгох болсон нь монгол тоглоом наадгай, түүнд зориулсан орчин нөхцлийг бүрэлдүүлж, боловсрол олгохыг чухалчилсан хэрэг.

 

Тус цэцэрлэгт бараг л амьдрах ухааны сургалтын орчинг тэр чигээр нь бүрдүүлжээ. Хананд тогтоосон сэтгэхүйн тоглоомоос эхлээд урт коридорт эгнүүлэн зассан янз бүрийн орчныг хүүхдүүдээр өөрсдөөр хийлгэдэг юм байна. Бүр цэцэрлэг дотроо төрөл бүрийн тариа, ногоог тариулж, хураалгадаг гэнэ. Цэцэрлэгийн аль ч хэсэгт монгол тоглоом наадгайнууд түүнд зориулагдсан эсгий гэр хүртэл барьсан байна лээ.



Монгол ёсоор хүлээн авав

Өвөрмонголд 24 орчим сая хүн байгаагийн дөнгөж 4.0 орчим сая нь Өвөрмонголчууд байна. Том гүрний нөлөөнд өдгөөг хүртэл монгол уламжлал, өв соёлыг хадгалж авч үлдсэн цөөхөн үндэстний гол аж ахуй нь газар тариалан, мал аж ахуй. Аяллын хоёр дахь өдөр өглөө эртлэн Баяннуур аймгийг зорилоо. Хөх хотоос 500 орчим км-ийн зайд оршдог уг аймгийн Урдын хойд хошуутай манай аймгийн Ихтамир сум хамтын ажиллагаатай юм байна.

 

Урдын хойд хошуутай аймгийн зүгээс хамтран ажиллах 5 зүйл бүхий санамж бичгийг Хошууны захирагчид гардууллаа. Шуурхай уулзалтын дараа биднийг ганц нэг газруудаар оруулав. Урдын хойд хошуу нь Баяннуур аймгийн зүүн хойд бүсэд байршилтай. Нийтдээ 3 хот, 3 сум, 50 багийг багтаасан тус хошууны чанх ард талд байрлах хадтай уулыг даваад явмагц Өмнөговь аймгийн Гашуун сухайттай залгаад орчих юм.

 

Оргил нь үл мэдэгдэх жигд тархсан хадтай уул газрын ховор элемент буюу төрөл бүрийн ашигт малтмалаар баялаг гэнэ. Тиймээс ч ашигт малтмалыг олборлох, баяжуулах, төмөрлөг боловсруулах, химийн үйлдвэрийг бий болгож, нар салхины эрчим хүчийг хөгжүүлж эхлээд байгаа аж. Энэ хотыг Мони уулын хойд энгэрээс одоогийн байрлаж буй Баянбулаг руу найман жилийн өмнөөс нүүлгэн шилжүүлсэн бөгөөд одоо тус хотод бүтээн байгуулалтууд үргэлжилж харагдана.

 

Үүний нэг нь саяхан баригдсан соёлын ордон. Одоогоор соёлын ордны ховор бүтээл С.Цэцэнбилэгийн 9 жилийн туршид алтан цаасан дээр хулсан бийрээр бичсэн хагас км-ийн урттай, 1,5 метрийн өргөнтэй Монголын нууц товчоог дэлгэсэн байна. Энэ бүтээлийг Геннисийн номонд оруулахаар зэхсэн байгаа ажээ.
Жимс, хүнсний ногооны тариалалт давамгай тус хошууны хэтийн зорилтод эрчим хүчийг хэмнэж, бохирдлыг бууруулахад чиглэнэ гэж байна.

 

Эрт үеэс гар урчууд элбэгтэй байсан учир Урдын хойд хошуу гэх нэр буй болсон гэнэ. Өөрсдийгөө хавт Хасарын үр удам гэж тодотгох хошууны ард түмний бэр буулгах ёс, хадаг өргөх, шүүс тавих, сархад хүртэх гээд монгол ёс уламжлалтай ойр хүндэтгэлийн хэлбэрүүд хүлээн авалтын зоог дээр харагдсан. Хятад хийгээд Өвөрмонголчуудын хувьд зоог болгон дээр өнөөх буудайн архиа даруулж уух нь нэг ёсны хэвшил болсон гэхэд болно.

 

Үдийн хоол идчихээд бид эндхийн хамгийн нэр хүндтэйд тооцогдох Бор тохойн архины үйлдвэртай танилцав. Архи нэрж гаргах арга нь ерөнхийдөө монгол архийг нэрж гаргах арга технологитой адил боловч хамгийн гол нь хадгалалт хамгаалалтын горим нь чанартай архи болгоход ихээхэн нөлөөтэй аж. Том агуулахад зургаан эгнээ болгож ухсан нүхэнд улаан буудай, эрдэнэ шишийг 3-10 хоногийн хугацаатай дарж исгэнэ.

 

Дараа нь исгэсэн буудайндаа буурцаг нэмж хийгээд 80 орчим градустай архи гаргаж авна. Ингээд уураар нэрж гаргасан өндөр градустай буудайн архийг төмөр саванд хийж удаан хугацаагаар хадгалж, исгэнэ. Амт чанарын хувьд вааранд хадгалсан архи нь арай илүү гэнэ. Иймэрхүү маягаар өдөртөө 2000 тн архийг зах зээлд нийлүүлдэг аж. Зөвхөн энэ архины үйлдвэрт л гэхэд 8000 орчим хүн ажилладаг гэх боловч өдрийн цагт эзгүй гудамжууд, нам гүмхэн орчин үргэлжлэнэ.

 

Тэгж байснаа орой сэрүү орохын цагт гэнэт юмнаас үргэсэн шиг бөөн бөөнөөрөө гарч ирээд хүнтэй машинтайгаа түгжрээд зогсчихно. Замын наад талаар ардаа хүүхдээ суулгасан мопед, унадаг дугуйтай хятадууд ухаан жолоогүй давхина. Энэ үеэр такси ч олдохоо байж, нэг мэдэхэд дахиад л эзгүй болчихно. Заримдаа зөвхөн үүнийг харах гэж энд тэндээс жуулчид их ирдэг гэж манай хөтөч хэлж байна билээ.

 

Бор тохойн архины үйлдвэрээс холгүй Хэн Фэ гурилын үйлдвэр оршдог. Хамгийн их цавуулагтай сунадаг гурилыг үйлдвэрлэдэг. Энэ гурилаараа Ли Эн Хай гэдэг нөхөр 1 кг гурилыг хэрчсэн байдлаар нь хамгийн урт буюу 5200км сунгаж чадсанаараас геннисийн номонд ч хүртэл орсон гэнэ. Энэ гурилаас Өмнөговийн Таван толгой, Оюу толгой компаниуд худалдан авч, ажилчдынхаа хүнсний хэрэгцээг хангадаг гэж Хэн Фэ үйлдвэрийн менежер ярилаа.



“Чингисийн ” тодотголтой хот

Бүтэн долоо хоногийн турш шахуу хөтөлбөртэй байсан учраас зарим газраар шүргээд л өнгөрөв. Аяллын гурав дахь өдөр Ордос хотыг зорилоо. Энэ хотод бид зөвхөн Чингис хааны аялал жуулчлалын цогцолбортой танилцах ганцхан маршруттай. Монголоос илүүтэй уул уурхайн салбарыг хөгжүүлж байгаа нь энд тэндгүй сэндийчсэн гүнзгий эвдэгдсэн газруудаас харж болно.

 

Кан баши буюу шинэ Ордос хотын сууринг хуучин хотын наах нь босгожээ. Хятадын ихэнх нутагт байгалиа сүйрлээс авч үлдэх нэг аргыг хэрэглэх болсон нь хотыг нүүлгэн шилжүүлэх явдал байдаг байна. Голдуу шаварлаг хөрстэй, элсэрхэг говь энэ газарт мод тарьж суулгах, ургуулах нь бараг урлаг болтлоо хөгжжээ. Хотын доторх цэцэрлэгт хүрээлэн, саднуудын ургамал, бут, мод ч тэр, эзгүй зэлүүд зам дагуух газарт ч мод суулган тарьсан харагдана.

 

Үүнийг хоёр янзаар зохицуулсан байна аа. Нэг нь тухайн газар нутагт нь амьдарч байгаа иргэд, албан байгууллагад нь ойр орчмынх нь газрыг хариуцуулж, төрөөс урамшуулал олгодог. Ухаандаа айл өрх бүр хариуцсан газартаа ногоон орчинг бүрдүүлэх ёстой. Харин нөгөө нэг нь зам дэд бүтцийг хийж байгаа компани нь замаа ч тавина, модоо ч тарина гэсэн үг.

 


Газар тариалангийн ургалтанд ус хамгаас хэрэгтэй. Тиймээс хаана ч явсан ойр хавьд урссан гол горхийг түшиглэж эрэг дагуух талбайд ч битүү тариалалт хийсэн дүр зураг зөндөө. Чингис хааны онгон гэж гэр хэлбэртэй гурван ордон байна. Дотор нь Чингис хааны эдэлж хэрэглэж байсан зарим эд зүйлсээс гадна Лигдэн хааны алтан эмээл гэх мэт зүйлүүдийг тусгайлан нэг, нэг өргөөнд байршуулж, үүдийг нь сөхсөн харагдана.

 

Гурван ордны голынход нь Чингис хааны өргөөг  барьж, хоёр талд нь хатдынх өргөө байх аж. Төв асарын таазыг алтаар бүрж, монгол хээгээр чимжээ. Эсгий гэрийн урд байрлах ширээ сандлыг сум модоор хийж, монгол хээ угалзаар сийлжээ. Нэг ийм ширээ ойролцоогоор 2 тэрбум юанийн үнэтэй гэнэ лээ. Чингис хааны хар сүлд, Гандирын овоо гэх мэт тоотой хэдэн дурсгал, цогцолборыг харах гэж дэлхийн олон орноос жилдээ 600 орчим мянган жуулчид ирдэг гэж Ордос хотын намын хорооны дарга Н.Алтан-Уул гуай ярив.

 

Чухам яагаад энд ийнхүү цогцолбор босгох болсон тухай тэрээр Чингис хаан аян дайнаар явж байгаад ташуураа энэ газар алдаж унагажээ. Тэгээд намайг энд онголоорой гэж захисан гэнэ лээ гэж тайлбар хийв. Чингис хаан ташуураа хаясан хаяагүй энэ бол жуулчдыг татах тактик гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хэрвээ манайд гадны жуулчид ирээд Чингис хааныг чинь үзье гэвэл Цонжин болдог гээд л гацчих байх шүү.

 

Уг нь Чингис хааны түүх дурсгалтай холбоотой ёс заншил хөшөө дурсгалыг түшиглээд байгуулчих боломжууд бий. Юугаараа дутах юм бэ, Чухам соёлын өвийг дэлхийд сурталчлах, үүний тулд юу хийх ёстой вэ гэдэгт самбаа л хэрэгтэй. Ганц нэг зураг авах гэсэн боловч хориотой гээд даруулсангүй. Патент алдагдагдана гэхээс үхтлээ айдаг улс юм.

 


Сүүлийн үед уул уурхай, байгалийн хий, химийн аж үйлдвэрээс асар их ашиг олсон Ордос хотод эндхийн баячууд амьдардаг гэсэн явган яриа байдаг юм билээ. Харин Алтан-Уул гуай үүнийг залруулж, монгол уламжлал, өв соёлоо хадгалж үлдсэн хот хэмээн тодотголоо. Ордос хотын төв талбайн урд хэсэгт налуулж тавьсан номны хэлбэртэй гурван байшин харагдана.

 

Лавлаваас Алтан товч, Эрдэнийн товч, Монголын нууц товчоог билэгдэж хийсэн гэнэ. Талбайн хажууд эрэгтэй болон эмэгтэй хүний тоорцгон малгайны хэлбэртэй барилга баригдсан нь хотын театрын барилга. 14000 хүний суудалтай олон улсын хуралдаан уулзалтын үеэр мэргэжлийн орчуулга хийдэг бөгөөд театрынхаа гэрэлтүүлэг тайзыг хүртэл морин туурайны хэлбэртэйгээр хийжээ.

 


Ер нь энэ хотын гудамж талбай, байшин барилга, хөшөө дурсгал бүрийг Чингис хаантай холбож, билэгдэн бүтээсэн байна. Хэтдээ төв азийн хамгийн том банк санхүүгийн хот болох зорилготой Ордос хотын яг дундуур нь урсах Улаан мөрний эрэг дээр Америкийн хоёр өндөр гэдэг шиг таван өндөр байшинг барьж эхэлжээ. Таван өндрийг эндхийн баячууд ийн бариулж байгаа гэж аяллын хөтөч тайлбарлав.

 

Ер нь л эндхийн хот төлөвлөлтөөс авах ёстой олон санаанууд байсан шүү. Бараг л байгууллага болгон байшин барилгынхаа макетыг хийж, үүдэндээ дэлгэсэн байна билээ. Хот тохижилтынх нь газрын үүдэнд гэхэд жижигрүүлсэн Ордос хотын ерөнхий байдлыг өдөр, шөнөөр нь харуулсан макетыг дэлгэн харуулсан байсан. Ялангуяа хотын төв гудамж талбайн тохижилт, ногоон байгууламж, барилгын дотор, гадна заслыг нарийн тооцоолон бүтээсэн нь илт. Үгүй ядаж гэрэлтүүлгийн хэлбэр загвар, цахилгааны хангамжийг хэрхэн шийдсэн гээд л аймагтаа авч хэрэгжүүлэхээр боломжийн санаа байна билээ.



Уул уурхайн магнатуудын түншлэгч хот

Бидний дараагийн хот Бугат. Монголын уул уурхайн магнатуудын техник тоног төхөөрөмжөө авдаг ганц түншлэгч. Энэ ч утгаараа томооохон хот, улс хоорондыг холбосон 2-р зэрэглэлийн хурдны замыг барьж байгуулсан байна. Хотоос хот руу нэвтрэхийн тулд 100 орчим км яваад л замын постод 20 юань төлөх хэрэгтэй болно доо. Бугатын төмөрлөг, хүнд машин механизмын угсралт, бүтээцийн үйлдвэр дэлхийд 3-р бичигддэг гэнэ.

 

Анх Засгийн газрын 200 сая юанийн хөрөнгө оруулалтаар 1988 онд байгуулагдсан TEREX NHL гэх компани нь цэргийн галт зэвсэг, хүнд машин механизм, машин, төмөр боловсруулах гэх мэт 9 салбар компанитай аж. Харин бид 236 тоннын даацтай, хүдрийн олборлолтонд ашигладаг хүнд даацын машины угсралтын үйлдвэрийг сонирхлоо.

 

Эндээс манай “Дорнодын алт", “Айвенхоу майнз”, “Эрдэнэс таван толгой”, “Баянтээх", “Багануур”, Шивээ овоогийн нүүрсний уурхайнууд техникийн нийлүүлэлтээ хийдэг гэнэ. Нэг ийм төрлийг жилдээ 700-аадыг угсардаг. Машины хөдөлгүүр, шаардагдах сэлбэгийг гаднаас импортлодог гэж үйлдвэрийн менежер нь ярив. Үргэлжлүүлээд дээрх TEREX-ийн бас нэг салбар тэнхлэг үйлдвэрлэлийн салбар компанийн үйлдвэрлэлийн явцтай танилцав.

 

Ихэвчлэн галттэрэг, машин, төхөөрөмжийн тэнхлэг үйлдвэрлэдэг тус үйлдвэр жилдээ 80 мянга орчим тэнхлэгийг хийх хүчин чадалтай гэнэ лээ. Энэ мэтчилэн эндхийн үйлдвэрүүдийг үзээд байвал барагдахгүй юм билээ. Аяллын хөтөлбөрийн дагуу бид Бугатаас Хөх хотод ирж, Или сүүний үйлдвэрийг үзэж сонирхов. Хэдэн жилийн өмнөөс Монголд зарагдаж эхлэх болсон тус сүүний үйлдвэр 1000 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлдэг.

 

Зөвхөн савлах цехед нэг секундын дотор 8 ширхгийг савлах хүчин чадалтай. Ер нь аль ч хотын үйлдвэрүүдэд тодорхой хэсгүүдийг үзүүлэх аялагчдад зориулсан үзүүлэнгийн хэсгийг байгуулсан байх юм. Бараг хот болгонд Чингис хааны хөшөө, талбай гэж байх агаад түүхт хүнийг алдаршуулан мөнхөлсөн олон дурсгал байх аж. Бүтэн долоо хоногийн турш шахуу хөтөлбөрөөр бөмбөгдүүлсэн бидний хувьд хэдхэн цаг Хөх хотын дэлгүүр хоршоогоор явж, юм сонирхох боломж олдов.

 

Нүд гялбам гэрэл цацруулсан том том дэлгүүрүүдэд Америк, Италийн брэндүүдийн танилцуулгыг хаджээ. Манайхан шиг тухтай дэлгүүр хэсдэг хүмүүст дор хаяж гурван өдөр хэрэгтэй бололтой. Эцэст нь бид Өвөрмонголын Одон телевиз, Солонго мэдээллийн төв үйл ажиллагаатай танилцсанаар аялал өндөрлөсөн юм. Үндсэндээ төрөөс санхүүждэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд байр орон сууцаар хангах асуудлыг цаанаас нь шийдэж өгч байгаа юм байна.

 

Засгийн газрын бодлого шийдвэрийг иргэдэд сурталчлан таниулах тогтолцоот мэдээллийн нийгэмд хэвлэлийн эрх чөлөөний тухай яриад ч хэрэггүй биз. Хэдийгээр Өвөрмонголчуудын ёс заншил, баяр наадгай, мал аж ахуй эрхлэлт манайхтай төстэй боловч голдуу эрчимжүүлсэн мал аж ахуй зонхилно. Ихэвчлэн бордоо, тэжээлээр тэжээсзн малаас авсан түүхий эд, бүтээгдэхүүний чанарын хувьд эрс ялгаатай. 2012 онд Монголын Сэтгүүлчдийн 6 дахь удаагийн аялал Хөх хот чиглэснийг манай аймгийнхан отголсон нь энэ ээ. Бид өвлийн ид хүйтнээр Өвөрмонголын нутаг дэвсгэрийн бараг тэн хагасыг туулаад иржээ.


/ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Линьхэ хот, Урадын хойд хошуу,
Ордос, Бугат, Хөх хот/ Г.Жавзандулам

Эх сурвалж: "Архангайн амьдрал"