sonin.mn
Америкийн цэргийг Германаас гаргах үйл явц хэдэн жилийн турш үргэлжилж, үүнд олон тэрбум долларын зардал чирэгдэл гарах нь. Харин А.Меркелийг шийтгэхийн тулд ийм зардал гаргахаас буцахгүй гэдгээ Вашингтоны засаг захиргаа ил шулуухан хэлж байна. 
Ойрын үед Германаас Америкийн 12 мянга орчим цэргийг гаргах гэж байгаа тухайгаа Пентагоны тэргүүн Марк Эспер өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн билээ.  
Одоогоор Германд Америкийн 36 мянга орчим цэрэг байрлаж байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайдын хэлснээр, 6400 цэрэг эх орондоо буцаж, 5600 цэргийг Бельги болон Итали дахь Америкийн цэргийн баазуудад шилжүүлэн байрлуулах ажээ.  Ингэснээр Америкийн нийт цэргийн 1/3 нь Германыг орхин гарч байна. 
 
 
М.Эсперийн хэлснээр, цэрэг гаргахад хэдэн тэрбум доллар шаардлагатай бөгөөд уг шийдвэрийг хэрэгжүүлснээр Оросыг тогтоон барих хүч нэмэгдэн, НАТО-гийн эвсэл бэхжиж, Европ дахь Америкийн холбоотнуудад аюулгүй байдлын нэмэлт баталгаа бий болж, тухайн бүс нутагт зэвсэгт хүчний маневрлах чадвар сайжрах ажээ.
Харин Штабын дарга нарын Нэгдсэн хорооны орлогч дарга, генерал Жон Хайтен хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “цэргийг шилжүүлэн байрлуулахад хэчнээн хэмжээний зардал гарахыг хэн ч хэлж мэдэхгүй” хэмээн нэлээд сандран мэдэгдлээ. “Сайд хэдэн тэрбум долларын тухай ярилаа, энэ бол тун бүдүүн багцаа тоо. Одоохондоо энэ бол ерөнхий концепцийн түвшинд яригдаж байгаа асуудал, яваандаа бид тодорхой төлөвлөгөө боловсруулах бөгөөд үүний дараа л зардлын талаар ярих боломжтой” гэж генерал тайлбарлав.
Харин Д.Трамп “сайд, генерал хоёрын ярьсныг залруулах хэрэгтэй” гээд цэрэг гаргахаар төлөвлөж байгаа нь стратегийн асуудалтай ямар ч холбоогүй гэдгийг дурдлаа.
Дараахан нь тэрбээр твиттер хуудсандаа “цэргээ гаргах шийдвэр нь Герман улс “Умардын урсгал-2” хийн хоолойг барихыг дэмжсэнтэй холбоотой” гэж тайлбарлажээ.
 
 
“Герман улс эрчим хүчний эх үүсвэр худалдан авахын тулд олон тэрбум долларыг Орост төлж байна, гэтэл бид Германыг Оросоос хамгаалах ёстой болж байдаг. Энэ чинь ер нь юу болоод байна аа? Түүнээс гадна, төлөх ёстой 2 хувиа НАТО-д төлөхгүй байгаа Германаас бид цэргээ татаж байгаа юм” гэж Трамп жиргэсэн байна.    
 
НАТО-д төлөх татварыг Вашингтонд юу гэж үздэг вэ?
 
Бүр 2016 онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп НАТО-гийн гишүүн улсуудад хандан, батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэхийг шаардаж, эвслийн зардлын ихэнхийг АНУ үүрч байна гэж мэдэгдсээр байлаа.
 
 
2014 онд байгуулсан гэрээ ёсоор, НАТО-гийн орнууд 2024 он гэхэд ДНБ-нийхээ 2-оос доошгүй хувийг батлан хамгаалахын салбартаа зарцуулах ёстой. Гэхдээ энэ тохиролцоог биелүүлээгүйн төлөө ямар нэгэн шийтгэл торгууль ногдуулахгүй бөгөөд өөрөөр хэлбэл, уг гэрээнд эвслийн гишүүн улсуудын урт хугацааны зорилтыг тусгажээ. 
 
 
 
Харин Трампын хувьд энэ бол заавал биелүүлэх ёстой гэрээ, гэтэл Америкийн холбоотнууд түүнийг биелүүлэхгүй байна. Үүний улмаас цэргийн салбарт төдийгүй хоёр талын худалдаанаас ч америкчууд  хохирол амсаж байгаа аж. 2018 онд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр ДНБ-нийхээ 4-өөс доошгүй хувийг батлан хамгаалахын салбартаа зарцуулахыг Трамп уриалж байсан юм. Тухайлбал, Герман улс гэхэд батлан хамгаалахын салбарт хөрөнгө зарцуулахын оронд мөнгөөрөө Оросоос нефть, хий худалдан авч байгааг Америкийн Ерөнхийлөгч нэг бус удаа зэмлэн буруутгаж байсан билээ.
 
 
Германы Рамштейн дахь АНУ-ын агаарын цэргийн бааз 
 
2019 оны дүн мэдээгээр, Герман улс ДНБ-нийхээ 1,36 хувийг цэргийн салбарт зарцуулж байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ хэмжээг 2 хувьд хүргэнэ гэж А.Меркель мэдэгдсэн аж. Чухамдаа энэ мэдэгдэл нь Трампыг тун бухимдуулсан байна. 
 
 
 
Өнөөдрийн байдлаар Умард Атлантын эвслийн гишүүн 30 улсаас ердөө 9 нь ДНБ-нийхээ 2 ба түүнээс хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулж байгаа юм. Эдгээр улс бол АНУ, Их Британи хоёроос гадна Грек, Эстони, Румын, Польш, Латви, Литва, Болгар юм. Харин Германаас гарч буй Америкийн цэргийг байрлуулах гэж буй Бельги, Итали хоёрын хувьд дээрх тоо 0,93 хувь, 1,22 хувь байна.
 
 
Трамп яагаад Меркельд гомдсон бэ?
 
Сүүлийн жилүүдэд Герман улс Трампын шүүмжлэлийн бай болоод байгаа юм. Гол учир нь, Цагаан ордны тэргүүн ба А.Меркель хоёрын хувийн харилцаа таагүй байгаад оршино. Герман дахь цэргийн оролцоогоо багасгахаар АНУ-ын Ерөнхийлөгч төлөвлөж байгаа тухай мэдээлэл бүр 2018 оны зун Америкийн хэвлэлүүдэд гарч байсан юм.
 
 
 
Америкийн цэргийн багахан хэсгийг гаргасан ч гэсэн энэ нь Германд хэдэн тэрбумын алдагдал учруулж, олон мянган ажлын байрыг үгүй болгоно, цэрэг гаргах асуудлыг хэлэлцэж байгаа нь Берлинд шахалт үзүүлэх гэсэн оролдлого мөн гэж тухайн үед ажиглагчид дүгнэж байжээ. Ийм маягаар Америкийн засаг захиргааны зүгээс цэргийн зардлаа нэмэгдүүлж, Оросын хийнээс татгалзан, Америкийн занарын хийг худалдан ав гэсэн тулгалтыг хийхээр оролджээ.
 
 
 
Харин Берлин эл сүрдүүлгийг төдийлөн хайхраагүй бөгөөд Трамп-Меркелийн зөрчил улам хурцадсаар байлаа. Энэ оны 5 дугаар сард хоёр орны удирдагчид утсаар ярих үеэрээ ширүүн маргалдсан нь үүний нэг илрэл юм.
Вашингтонд хэвлэгдэн гардаг Politico сэтгүүлд бичсэнээр, Трамп, Меркель хоёр “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойн асуудлаар санал зөрөлдсөн төдийгүй НАТО ба Хятадын талаар баримталж буй бие биенийхээ байр суурийг шүүмжилжээ.
Өмнө нь Германы засгийн газар болон Канцлер А.Меркель өөрөө хийн хоолойн барилгын ажилд хориг тавих гэсэн Америкийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа олон нийтийн өмнө мэдэгдэж, энэ бол Герман улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй явдал гэж буруушааж байв.   
Түүнээс гадна, Трампыг бухимдуулах болсон өөр нэгэн шалтгаан нь цар тахлынулмаас Вашингтонд болох байсан “Их7”-гийн уулзалтанд Меркель оролцохоос татгалзаж, үүнийгээ цар тахлын улмаас гэж тайлбарласан явдал юм.  
Энэ явдлын дараахан Герман дахь цэргээ гаргана гэсэн мэдэгдлийг Вашингтон хийсэн билээ. Гэхдээ энэ шийдвэрээ Берлин, НАТО-гийн холбоотнууд ба АНУ-ын Конгрессийн гишүүдийн хэнд нь дуулгаагүй гэдэг нь хожим илэрхий болжээ.
 
Цэрэг гарснаар Германд учрах хохирол
 
Америкийн 12 мянган цэрэг гарч явснаар Герман дахь хэд хэдэн цэргийн бааз хаагдана. Үүнийг дагаад цэргийнхний гэр бүлийн гишүүд, баазад ажилладаг энгийн иргэд бүгд нүүнэ. Ийм учраас АНУ болон Европт цэргийн албан хаагчдад зориулсан орон сууц, сургууль, штаб, оператив удирдлагын төвүүдийг барих шаардлага үүсч, энэ нь Пентагоны хувьд жинхэнэ толгойны өвчин болох шинжтэй.
 
 
Төлөвлөгөө ёсоо АНУ-ын зэвсэгт хүчний Европын командлал ба Европ дахь Тусгай ажиллагааны газрыг Бельгийн Монс хот руу шилжүүлнэ.  Түүнчлэн АНУ-ын зэвсэгт хүчний Африкийн командлалын бүрэлдэхүүн Штутгартын районоос нүүж, өөр газар байрлах болно. Хэдхэн жилийн өмнө эдгээр командлалын штабуудад ажилладаг албан хаагчдын хүүхдүүдэд зориулан 100 сая доллароор дунд сургуулийн цогцолбор барьжээ. Мөн Америкийн цэргүүд Баварийн Графенвер, Ансбах, Вилсек хотууд дахь баазуудаа орхин гарах юм.  
 
“Энэ бол бидний хувьд маш их хохиролтой, Пентагон ийм шийдвэр гаргасанд би гайхсан” хэмээн Вилсек хотын дарга Ханс-Мартин Шертл ярьж байна. Бавари дахь Америкийн цэргийн баазуудад олон зуун герман мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд эдгээр баазаас орон нутгийн төсөвт жил бүр 1 тэрбум орчим доллар ордог ажээ.
ВВС агентлагийн тавьсан асуултанд Пентагоны төлөөлөгч хариулахдаа, цэргийг шилжүүлэн байрлуулах төлөвлөгөөг дөнгөж боловсруулж эхэлж байгаа гэдгийг дурдлаа.  
 
Гэсэн хэдий ч Америкийн цэргийн 52 дугаар инженерийн батальон, түүний араас Ф-16 сөнөөгч онгоцны эскадриль, 52 дугаар нисэх хүчний хорооны хангамжийн ангиудыг Итали руу шилжүүлэн байрлуулахаар шийдвэрлэснийг АНУ-ын зэвсэгт хүчний Европын командлал мэдэгджээ. Мөн Италийн Винценца хот руу 173-р шүхэрт десантын бригадын хоёр батальоныг нүүлгэх бол командлалын штаб, Агаарын довтолгооноос хамгаалах, инженерийн, хээрийн их бууны, цэргийн цагдаагийн анги нэгтгэлүүдийг Бельги рүү шилжүүлэх гэж байгаа нь тодорхой боллоо.
Германаас цэргээ гаргах тухай Трампын шийдвэрийг Ардчилсан нам ба Бүгд Найрамдах намын аль алиных нь гишүүд шүүмжилж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсан Митт Ромни хэлэхдээ, Америкийн цэргийг Европын өмнөд ба баруун хэсэг рүү шилжүүлж байгаа нь “Орост өгч буй бэлэг”, “холбоотнуудаа алгадсан үйлдэл” гэжээ.  Мөн Ардчилсан намаас сонгогдсон Конгрессийн гишүүд “Москвагийн ашиг сонирхлыг дэмжиж буй” Трампыг буруушаалаа.
Үүний сацуу цэрэг гаргах төлөвлөгөө хэрэгжихгүй байж магадгүй, удахгүй болох сонгуульд Трамп ялагдсан тохиолдолд Америкийн цэргүүд Германд үлдэнэ гэдгийг Вашингтонд үгүйсгэхгүй байна. Тухайлбал, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн их магадлалтай байгаа Жо Байден цэрэг гаргахын эсрэг байр сууриа илэрхийлсний сацуу сонгуульд ялсныхаа дараа Трампын шийдвэрийг цуцална гэдгээ мэдэгджээ.
 
 
Б.Адъяахүү 
Эх сурвалж: ВВС