sonin.mn
“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ салбар холбоодоо Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий зэрэг 15 аймагт байгуулаад байсан бол өнгөрсөн сард энэ тоо нэгээр нэмэгдэж, Увс аймагт тус холбооны салбар байгуулагджээ. 
Тодруулбал, 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр салбар холбоо байгуулагдаж, нэгдсэн холбооноос анхдугаар хурлыг зохион байгуулж, удирдах албаны хүмүүсээ сонгожээ. Салбар холбооны даргаар Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, нарийн бичгийн даргаар бэлтгэл хурандаа Я.Чулуунбаатар болон удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож томилсон байна. 
 
 
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад дайчдаар дамжуулан иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, эх орноо хамгаалах, хууль сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагуудын гүйцэтгэдэг хүндтэй бөгөөд хариуцлагатай хөдөлмөрийг нийгэмд таниулан сурталчлах үйлсэд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” чамлахааргүй амжилт гаргаад байна. Увс аймаг дахь салбар холбоо байгуулагдаад удаагүй ч нэгэн бахархалт үйл ажиллагааг санаачлан ажлын гараагаа эхлүүлжээ. Тодруулбал, тэд салбар холбоогоороо дамжуулан Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг угтаж 45 хүний бүрэлдэхүүнтэй тойрон аяллыг Увс-Улаанбаатар-Дорнод чиглэлд зохион байгуулж байна. 
 
Аяллын хүрээнд тэд Монгол цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа, зорилго, зорилттой танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл авчээ. Энэ тухай салбар холбооны гишүүд хэлэхдээ “Бид нэгдсэн холбооныхоо үйл ажиллагаатай танилцаад тэдний хийж байгаа ажлын цар хүрээ, үр нөлөө асар их гэдгийг мэдэрлээ. Мөн цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ч мэдээлэл авлаа. Тухайлбал, "Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ нь салбар холбоодын тэргүүнүүд, нарийн бичгийн дарга нартай арга зүйн сургалтыг зохион байгуулах, төрийн бус байгууллагууд болон мэргэжлийн холбоодтой хамтран сар бүр “Миний мэргэжил-эх орноо хамгаалагч” сэдэвт нийгэм, иргэдэд хандсан сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэх, Монгол Улсын нийт энхийг сахиулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах, төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадууд, алба хаагчдын эрдэм шинжилгээний бүтээл, номын нэгдсэн үзэсгэлэн гаргаж, номын баяр хийх зэрэг олон ажлыг төлөвлөж, эхнээсээ ажил хэрэг болгоод явж байгаа юм байна” гэв. Ингээд Увс аймгийн “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын салбар холбооны зарим гишүүдийн сэтгэгдлээс хүргэе.
 
НУТАГТАА ОЧООД ОЛОН АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
 
"Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын Увс аймаг дахь салбар холбооны нарийн бичгийн дарга, бэлтгэл хурандаа Я.Чулуунбаатар:
 
-Өнгөрсөн сард Увс аймагт “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын салбар байгуулагдаж, миний бие нарийн бичгийн даргаар сонгогдсон. Мөн удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо. Манай аймагт төрийн цэргийн болон хууль сахиулах долоон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрээс тэтгэвэр, чөлөөнд гарсан хүмүүсээс сонгож, 20 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлийг байгуулсан. Манай байгууллага одоогоор хамгийн отгон нь ч гэсэн бидний хувьд ажлын гараагаа тун сайхан аяллаар эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ аялалд удирдах зөвлөлийн арав гаруй хүн, сумдын багийн Засаг дарга нарын төлөөлөл, аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад ажил үйлсээрээ манлайлж байгаа залуус зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүн хамрагдаж байна. Бид Улаанбаатар хотод ирмэгцээ Монгол Улсын Төрийн ордонд орж, Есөн хөлт цагаан тугаасаа адис авсан. Мөн “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-д очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчдийн бэлтгэсэн тоглолтыг үзэж сонирхсоны сацуу Г.К.Жуковын музейн үзмэртэй танилцлаа. Түүнчлэн Бүх цэргийн Их хар сүлдэндээ мөргөж, хийморио сэргээгээд ч амжсан. 
 
 
Нэмж хэлэхэд, Зэвсэгт хүчнээрээ омогшин бахархаж, ажил үйлсээр нь үлгэр дуурайлал авсан маш сайхан аялал болж байна. Эндээсээ бид Дорнод аймгийг зорьж, шинэ Халх гол сумын үйл ажиллагаатай танилцаж, байгалийн цогцолборт газруудыг үзэж сонирхоно. Цаашдаа нутаг орондоо очоод Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан олон ажлыг хэрэгжүүлнэ.  
 
 
Тухайлбал, холбооны үндсэн үүрэг болох хүүхэд, залуусыг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэх, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг төлөвлөн явуулах болно. 
 
 
УВСААС БУЙР НУУР, БУЛАН ДЭРС, ХАЛХ ГОЛ ...
 
Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Эрдэнэ-Очир:
 
-Би энэ албыг 15 дахь жилдээ хашиж байна. Шинээр батлагдсан “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль”-д аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол эрс нэмэгдсэн. Тиймээс аймаг, орон нутагтаа Батлан хамгаалах үйл ажиллагааг явуулах гол бүрэлдэхүүн хэсэг нь бид юм. 
Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хэд хэдэн ажлыг төлөвлөөд байна. Үүн дээр нэмж өнгөрсөн сард манай аймагт “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын салбар холбоо байгуулагдсан нь бидний ажилд ихээхэн тус нэмэр болох сайхан боломж бүрдлээ гэж харж байна. Энэ ажлын хүрээнд Чөлөөлөх дайны ялалтын ойд зориулан түүх, дурсгалт газруудаар хийх аяллыг Увсаас Буйр нуур, Булан дэрс, Халх гол зэрэг эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө халуун амь бүлээн цусаа урсгасан дайчдын нутгаар өнгөрүүлэх гэж байгаадаа баяртай байна. Эргэж нутагтаа очоод Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, хүүхэд, залуустаа цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг олгох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх болно.
Манайх Хилийн цэргийн ангитай бөгөөд тэнд гавьяаныхаа амралтад гарсан олон офицер, ахлагч бий. Тэдэнтэйгээ бид хамтран ажиллана.
 
БҮГД ЦЭРГИЙН АЛБА ХААСАН
 
Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн  Засаг дарга Х.Эрдэнэбат:
 
-Тус аялалд хамрагдсандаа туйлын баяртай байна. Бид Увс аймгаас 1300 гаруй километр замыг туулж нийслэл хотод ирлээ. Одоо эндээсээ мөн 1000 гаруй км явж, Дорнод аймгийн Халх гол суманд очно. Би сумаа төлөөлж яваа хүн. 2012 оноос тус суманд Багийн Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа үргэлж төрийн цэргийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг дэмжсээр ирсэн. 
Эргэж очоод сумынхаа иргэддээ холбооны үйл ажиллагааг сурталчилна. Өмнө нь би тус холбоог төрийн байгууллага гэж андуурч байсан. Судлаад үйл ажиллагаатай нь танилцаад нарийн мэдээлэл авч, ташаа ойлголттой байснаа мэдсэн. Манай багийн гэлтгүй ер нь сум, аймгийн хэмжээнд жил бүр цэрэгт алба хаах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байгааг энд хэлэх нь зүйтэй болов уу. Түүнээс өмнө нь залуус цэргийн албыг төдийлөн ойшоож, сонирхдоггүй байсан. Гэтэл одоо цаг үе өөр болж, залуус ирээдүйтэй алба гэдгийг нь ухамсарлах болжээ. Тэгээд ч төрийн албанд ажилд орох үүднээс цэргийн албаа биеэр хаах хүсэлтэй болсон. Манай багаас гэхэд жилд 10 гаруй залуус цэрэгт мордож байна. Энэ тоо цаашид ч улам нэмэгдэнэ . 
Миний хувьд 1985-1988 онд Улаанбаатар хотод Ардын Армийн 019 дүгээр ангид цэргийн алба хааж байлаа. Сүүлийн гурван жилийн цэрэг явлаа. Манайх эцэг, эхээсээ арвуулаа бөгөөд долоон хүү нь бүгд цэргийн алба хаасан юм. Тиймээс цэргийн амьдрал, албаны онцлог, сайхан талуудыг нь өөрийнхөө хэмжээнд сайн мэддэг учир орон нутгийнхаа хүмүүсийг байнга уриалдаг. Харин өдгөө төрийн бус байгууллагын салбар нь манай аймагт байгуулагдаж, бүтээлч үйл ажиллагаагаа явуулах болсон учир цэрэгт алба хаах залуусын тоо эрс нэмэгдэнэ гэдэгт илтгэлтэй байна.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин