Уг нь орчин цагийн хэлээр зүгээр л Өвөрхангайд! Худлаа чамирхаж л байхгүй юу даа, “хангай” гэдэг сайхан үгээ ч сайхан тайлбарлачихаж чадаагүй байж...
Жилдээ нэг аймаг үзье гэж боддог болсон. Энэ жил Б.Бундхорол дүү урьсан тул Өвөрхангайг үзье гэж шийдэв. “Аймаг үзнэ” гэдэг миний хувьд тэр аймгийн “Хуучин хөшөө дурсгал, хот балгадын тууриуд”-ыг хэсэх юм. Гэхдээ би хиргисүүр, булш сонирхдоггүй. Ер нь жуулчид юу таарснаа үзээд, хаа хамаагүй явдаггүй, өөрийн сонирхсон юмыг л эрж хайж доншуулчилж явдгийг өөрөөрөө жишээлж ойлгож байгаа хүн.
Улаанбаатараас оройхон гараад замдаа хурд хэтрүүлсэн тул замдаа нэг торгуулаад харанхуй болохоос өмнө Хархоринд хүрэв. Манай машины хурдын заалт “маил” буюу манайд нутагшсанаар “мил”-ээр тул 80-тай явж байна гэж хартал 100 гарчихаж. Бидний л аюулгүй байдлын төлөө тул торгуулиа төлөв, төлөхгүй гээд ч яах юм, “баярлалаа” гэх гэтэл мөнгөндөө харамсаад ам нээгдсэнгүй. Уг нь энэ “мийл” гэгчтэй Монголчууд эрт танилцсан л даа. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд АНУ-аас ЗХУ-д ленд-лизээр төрөл бүрийн автомашин нийлүүлж байсан ба тэр машинууд хожим Монголд орж ирж, тэгээд хурдыг Монголчууд “мийлээр хэмждэг” болсон юм. Төдөн мийлтэй давхиж байна гэдэг нь төдөн км.ц хурдтай давхиж байгааг хэлж байна гэж ойлгодог. “Өндөр ээж” зохиолд “сажлаа” Сандаг гэдэг жолооч нэг их давхиснаа “хурдны зүү дөч хүрээд л савлаж байсан” гэж ярьдгийг би лавтай 60 км.ц хурдтай явж байж гэж ойлгосон. Юун сажлах, овоо давхидаг эр байж...
Хархорины наахна овоо дориун хаалга барьчихаж. Хоёр талдаа тариан түрүү бүхий... Хархорины САА-н дурсгал! Би талх тарианд дуртай л даа, гэхдээ энд атар эзэмшихэд түүх соёлын асар олон дурсгалыг самарсан. Цагийн эрх ээ гэж... Тэр үед Хархорин гэхээр гурил будаа санагдаж байсан, харин өнөөдөр эзэнт гүрний нийслэлийн туурь...
 
Уг нь энд тэнд аймаг, сум, бараг багийн төвд босгосон утга учиргүй хаалгануудаас гагцхүү энд л хаалга байвал зохих газар мөнөөсөө мөн билээ. Миний төсөөлөх нь энд “ЭЗЭНТ ГҮРНИЙ НИЙСЛЭЛ” гэсэн бичигтэй тэр нь уйгуржин, руни, латин, арабаар ч байж болох нүсэр том хаалга барьчихмаар. Дөрвөн баганатай тэр дөрвөн багана нь дотроо үйлчилгээтэй. Хүннү, Түрэг, Уйгур, Монголын эзэнт гүрний газрын зурагтай... Бүгд л энэ орчим байсан! Бүр улсын төсвөөр шүү дээ! Чадвал Парижийн “Триумфальная арка” шиг, ядвал Пеньяны “Ялалтын хаалга” шигийг. Пеньяны хаалга 14 мянган тонн боржингоос бүтсэн юм!
 
Бундаа маань Эрдэнэзуугийн өмнө тосов. Яагаав, Бундхорол, лам байсан... Найзууд нь номдоо сайн, сан, ерөөл тэргүүтэн бүх номыг мэддэг гэж магтана, мань эр тийм сүрхий хэр нь огт уншдаггүй хүн байгаа юм. Ламаа больчихсон, Хархорин музейн захирал байгаад хот орж, их сургууль төгсөөд урт дурын ажил хийж явдаг хүн. Би лав түүн шигийг мэддэг бол яаж дүвчигнэж байх бол... Сонгуулийн үеэр Чингэлтэй хайрханд очихоор нь “Дөрвөн уулын сан, хийморийн сан” уншчихаарай гэсэнд өнөөдүүлийг нь “Ууланд очсон хүн байна даа...” гэж байгаад монголоор постолчихдог, тийм эсэргүү нөхөр л дөө... Эсэргүүний үед бол гарцаагүй эсэргүү байх этгээд!
Эрдэнэзуугийн өмнөх талбайн үйлчилгээ рүү алхахыг завдсан биднийг Бундаа “Дараа болъё” гээд дагуулан явлаа. Тэндээс Орхоны голын хөвөөнд “Ривер лонж” амралтын газар хүрч тухлав. Гэрт тухлаж, чанасан мах огтлоод, сүүтэй цай оочиж, үүдийг нь дэлгээд одот тэнгэрийг харж, сангаа шившиж суух шиг жаргал хаа байх вэ? Долоон сарын арвад шахаж очсон ч Хархорин гандуу байв. Гэвч бид бороо дагуулж очив. “Хувьтай хүн хуртай” гэж манай угтагсад манийг хөөргөхөд бас “Чоно борооноор ч гэдэг...” гэлцэн инээлдэж суув аа...
Бид Өтүгэний өврийн эртний дурсгалыг үзье гэж ярьж тохирсон тул манай Бундхорол маань шахуу төлөвлөгөө гаргажээ. Энэ төлөвлөгөөг цаашид жуулчны компанийн аяллын маршрут болгосон ч болохоор эд.
Гэснээс Түвдүүд айхтар, Түвд гэж Хятадын ЗГ-ын бодлого л доо! Түвд бол мэдээж шашны, соёлын аялал жуулчлалын бүс. Гэхдээ онцгой бүс тул хэн ч дураар явах боломжгүй. Үүнийг ашиглан Хятадын ЗГ Лхасын аяллыг нарийн төлөвлөж баталсан байдгийг жуулчны компаниуд нь дагаж мөрддөг бололтой юм. Жишээ нь нэг удаа явахад “Потала-Сэра-Алтан зуу буюу Жокан-Ерпагийн самадийн хийд”-ийг үзүүлнэ. Дараа ирвэл “Потала-Бэрээвэн-Гандан-Жокан”-ыг, эсвэл “Лхасын Потала-Шигаце дахь Дашлхүмбэ-Кайлас” гэсэн маршрут бий. Лав шарын дөрвөн хийдийг бүрэн үзье гэвэл дөрөв очно. Харын ба улааны, жонан хийдийг хамруулсан маршрут ч бий. Ингэж ашиг олдог юм шиг билээ л...
Төлөвлөгөө ёсоор маргааш эртний Уйгурын нийслэл “Орду балгас”-ын туурь Хар балгасыг үзнэ. Хархориноос 50 орчим километр зайтай ажээ... Жишээ нь Хүннүгийн “Луут хотын туурь-Уйгурын Хар балгас-Түрэгийн тахилын сүм-Хархорин” гэсэн эртний нийслэлийн маршрут зохиож болно. Гайхалтай бус уу?
Аа тийм, Өтүгэн бол ганц уул бус Хангайн нуруу юм. Энэ тухай Түрэгийн Билгэ хааны хөшөөнд бичсэн буй... Эртний хятад сударт “Дү жин шаний өврөөс ертөнцийг тольдон захирмуй” гэсэн нь энэ газрыг заасан хэрэг. Чухам ийм учраар эзэнт гүрнүүд энд төвлөж, ману өвөг дээдэс ертөнцийг тольдон захирсаар ирсэн билээ...
Хангай гэдэг ч их сайхан нэр. Энэ нэрээр уул ус тэгширсэн нутгийг бид ерөнхийлөн нэрлэж байна. Архангай, Өвөрхангай бол Өтүгэний ар, өвөр хоёр л доо!
 
Эртний эхэн цагт Орду балыкт...
 
Оросууд “Урилгагүй зочин татараас дор” гэлцдэг гэдэг. Түүн лугаа адил “Зорилгогүй жуулчин дээрэмчнээс дор...” юм. Зүгээр л амрах гэж явна гэдгийг би огт ойлгодоггүй хүн. Гол нь сэтгэлээ баясгах биз дээ? Хархориноос тааваараа гараад Хар балгасыг зорив. Өнөөгийн засаг захиргааны хуваариар Архангай аймгийн Хотонт сумын нутагт буй. Орхон голыг хөвөөлөн явсаар хүрэв.
Харууцтай талын дундах их хотын туурь. Нөгөө Япон жуулчныг авчирвал бас уйлах байх даа, юм мэддэггүй хүн тэгдэг л юм. Тэгвэл энд ямар аугаа түүх нуугдаж байна гээч...
Японы анхны хүчирхэгжилт Нарагийн эрин эхлээгүй байхад энэ хотод ийм юм болж байв даа.
645 онд Солонгосын Когурео, Пэкжэ улсын элч нар "Бурханы сурвалжит Наран үндэст улсын эзэн хааны бичиг” авч ирж, эх газар Нихонтой танилцаж байхад Уйгурууд Түрэгүүдтэй үхэн тэмцэлдэж байв. Уйгурууд Түрэгийн адил түрүү, хожуу хаант улсыг байгуулсан юм. Түрүү хаант улсыг түүхэнд дурдах төдий... Тал нутгийн эзэнт гүрнүүдийн соёлын өв, хэлхээ холбооны нэг тод жишээ бол өдгөө бидний Монгол бичиг. Энэ Монгол бичгийг бид уйгуруудаар уламжлуулан авсан билээ. Одоо л бид уйгуруудыг индо-европ төрхтэй, ислам шажин гүтдэг, дорнод Түрэгстаны чантуу нар гэж боддог. Гэвч уйгуруудын уг шаг нүүдэлчид агаад эндээс нүүснээс хойш мөн л мянган дамжин оршин тогтносоор байгаа эртний сурвалжит нүүдэл язгуурын улс билээ.
Түрэгийн түрүү, хожуу хаант улсын дунд Уйгурын түрүү хаант улс шаантагладаг. Уйгурууд түмэн өрхтэй, Туул орчмоор нутагладаг байв. Түрэгийн эсрэг Тэлэ аймгуудын холбоонд нэгдэж, 630 онд Түрэгийн түрүү хаант улсыг унагалцжээ. Эртний динлиний хойчис бөгөөд Жужаны үед өндөр тэрэгтний нэг гэгдэж байсан юм. 646 онд холбоогоо тэргүүлж Уйгурын элтебир Түмт хаан суугаад Тан улстай эвдрэлцэж дайтсаар суларч, 689 онд түүний угсаа Хожуу Түрэгт ялагдаад, дорно зүг Сэлэнгэ рүү шахагджээ.
Гэвч 745 оны үес Уйгурын есөн аймаг нэгдэж бослого гаргаад, гялалзсан амжилт олж Хожуу Түрэгийг бутцохиод Уйгурын хаант улсыг байгуулсан нь нэгэн зууны турш Төв Азид ноёрхсон билээ.
Баруун Түрэгийг бүр Тэнгэр уулын ар Таласын хөндийд хүрч бутцохисноор Алтайгаас Хянган, Соёноос өмнөд говийг хүртэл өрсөлдөгчгүй ноёрхох болж, хүчирхэгжлийн туйлд хүргэсэн Уйгурын Пэйлогийн хүү "Тэнгэрээс заяат, төр захирагч, сэцэн хаан" Моюнчур 751 оны үед эцгийн үндэслэсэн Орхоны хөндийд Балиглиг хотыг нийслэлээ болгожээ. Энд ойрхон Түрэгийн аугаа Билгэ хааны тахилын ордон байв. Түрэгүүд хот балгад, нийслэл байгуулахыг шохоорхоогүй, нүүдлийн ордонтой явсаар мөхсөн байна. Гэхдээ тахилын сүм, төвлөн цуглах газар нь Орхоны хөндий байжээ. Түүнийг Уйгурууд сүйтгэсэн ба өсөрхсөн тэд Түрэгийн үеийн бүх хүн чулууд, хөшөөдийн толгойг хуга цохисон байх. Билгэ хааны тахилын сүмийн хонины толгойг хүртэл үлдээгээгүй байдаг. Тэр бүхний бодатүзүүлэн энэ Орхоны хөндийд л буй.
Тэгээд Алтайгаас цаашхи нутгийг холбоотон харлигуудад найр тавьж, Түрэгээс халхлах жийрэг болгосон ажээ. Тэр зүгт түрэмгийлэх амбиц байгаагүй бололтой, гэвч Алтайн зүүн сугаар Енисейн эхнээс өнгөлзөгч Хиргисүүдтэй үй зайгүй дайтаж байв. Моюнчур хаан энэ хотдоо найран дээр архи хэтрүүлж ууснаас 759 онд тэнгэр болжээ. Хожим холгүйхэн Хархорумд Их Монгол гүрний хоёр дахь эзэн Өгэдэй бас ингэж нөгчих болно. Ер нь энэ хавьд архи “сэржимдэх” хэрэггүй л болов уу! Моюнчурын хөвгүүн Тэнгэр бэхи “Хүчүлүг дархан Сэнгүм Хаан” суув. Тэнгэр бэхи 762 онд Тангийн хааны гуйлтаар дөрвөн мянган цэрэг илгээж, Түвдийг хавсран байлдаж, Тангийн баруун нийслэл Чан-Анийг буцаан авч өгчээ. Энэ үед тэр Ираны манихейн ламтай уулзаад уг шашинд орж, Уйгурын төрийн шашин болгожээ. Ингээд соёл худалдааны талаар баруун этгээдтэй, Согд, Ирантай нягт холбогдов. Бичиг үсэг ч тэндээс авав.
 
“Цогт чандманий эрэлд” номд дурдагддаг галын шашны тэнгэр бурхад, ёс заншил, тахил тайлга энэ үед тал нутагт нэвшин орж ирсэн бололтой. Орду баликт нөлөөтэй болсон шуналтай Согдууд хаанд, сул дорой болсон “Хятадыг эзлэ” хэмээн ятгаж, 779 онд дайны төлөвлөгөө батлагджээ. Гэвч түүний авга ах хятадад уусах аюултай хэмээн эсэргүүцэж, ордны эргэлт хийв. Сэцэн сайд Өмнөд Хүн, Тавгач, Сяньбийн түүхийг мэдэж л байсан хэрэг. Хаан болон түүний ойрын 2000 язгууртныг цаазлажээ. Уйгурт дотоод хямрал эхэлж бууран доройтож эхэлсэн ч 821 оны Хиргис, Түвдийн довтолгоог няцаахтайгаа байв.
 
Энэ жил Орду балыкт ирсэн Арабын түүхч Тамим ибн Бахр ал-Муттави “хаадын хот” хэмээн нэрлэж, баян тансаг, үзэсгэлэнт сайхан хот гэж тодорхойлсон байдаг.
839 онд их ган гачиг болж, ШатоТүргийн оролцоотой эргэлт гарсанд 840 онд Уйгурын 9 аймгийн нэгний (Эдиз) толгойлогч Хүлүг Мохэ гэгч харъяат Енисейн Хиргист зугтан очив. Тэндээс өөрийн 2 түм, Хиргисийн 8 түм, нийт буман морьт цэргээр довтлон голомтоо самарч, “Орд балгас” болон бусад хотуудыг тонон дээрэмдэж галдан шатааж газарт тэгшилжээ. Ийнхүү Уйгурын хаант улс мөхөж, Хиргисүүд орыг нь эзлэв. Ийм түүхийг энэ талын дундах хотын туурь өгүүлнэм...
Уйгурын сайд Үгэ 13 овгийн буман уйгурыг дагуулан Ордос руу зугтаж, яг Хүн нарын ирсэн замаар. 841 онд Хятадын Шаньси мужийг эзлээд зургаан жилийн турш Хиргисүүд болон Тангийн хилийн цэрэг, бас өөрийнхөнтэйгээ тэмцсээр 847 онд алагджээ. Уйгурууд таран бутарч өмнө зүг рүү тэмүүлэв. Гэвч тэднийг Тан улс цэрэглэн устгасанд үлдэгсэд нь Ланьжоу хотын баруугаар нүүдэллэж болжээ. Тэдний угсаа шинэ улс байгуулсан нь 1036 онд Тангудад эзлэгдэх хүртлээ оршин тогтножээ. Пан тегиний дагуулсан 15 овог бас л буман хүн баруун зүг Турфаны хөндий руу зугтаж Бэшбалыкт төвлөсөн багавтар ханлиг болон идикут угсааг үндэслэв. Бэшбалык өнөөгийн Монгол улсын Ярантын боомтоом баруун урагш 100 гаруй километрт бий. Гэвч тогуз-огуз түргийн дайралтанд өртөж түрэгжжээ.
Ингээд л дуусаа юу? Хот нь тэгширч, үндэстэн нь чилмийгүй болов уу? Үгүй л дээ...
Уйгурын идүүд (идикут) угсааныхан наран ургах зүгээс гэрэлтсэн Их Чингис хааныг баруун зүгт аян дайн хийхэд баясан угтсаны тул ураг барилдаж, охин Алалтун бэхийг буулгав. Уйгурын нутаг Их хааны баруун зүгт хийх аян дайны түшиц болжээ. Согдын орыг эзэлсэн Хорезмыг, бас Тангудыг дарахад үнэнч зутгэв. Олон Уйгур сайд Монголын төрд зүтгэв. Энэ ч хангайгаас холдчихлоо л доо, гэвч буцаагаад холбоход XIII зуунд Хархорумд байсан хөшөөнд бичигдсэн домогт “... Гурван өдөр тэнгэрээс "хөж хөж" гэсэн их чимээ тасралтгүй гарсан тул Уйгурын сайдууд хэлэлцээд урагш нүүхээр шийдсэн” гэсэн байж.
Монголчууд хонь, үхэр, тэмээгээ “хөж, хөж” гэдэг нь ийм үг санж. Орхон, Хараа, Туул зэрэг арваад голын нэрийн тайлалыг түрэг, түнгүсээс биш Уйгураас хайх ёстой болох нь. Түрэгийн “Билгэ” хааны нэр Уйгурын хаадын цол болжээ. Хүчүлэг (Кутлуг), Сэнгүм, Орду, Балык, Хасар гэх мэт үл ойлгогдом эртний Монгол нэрсийн гарвал бас Уйгурт буй. Уйгурын соёлын нөлөө их байснаас Найман, Хэрэйдүүд голдуу эдгээр үгсийг хэрэглэж байж... Уйгур бичгийг Алтайн өврийн Найманчууд хэрэглэж байсныг Монголчууд олзлогдсон түшмэл Тататунгагаас булааж авсан тамгыг үзээд өөрийн болгосон гэж нууц товчоонд бичсэн. Тэр цагаас Монголчууд Уйгуруудыг их л өөд нь татаж, ордны зэрэгт хүргэсэн билээ.
 
Орду балык Хар хот болоод...
 
Анзаараад байх нь мөхмөл хотыг Монголчууд “хар балгас” л гэж нэрлээд байх шиг. Ийм нэр Монголчуудын эзэмшил нутагт олон бий.
“Орду балык” буюу Балыклик хот Хархорумаас ч том, 32 км² талбайтай тухайн цагтаа төв Азийн хамгийн том хот байжээ. Хотын урд хаалганы орчим өндөр харууцтай овоо байна. Багцаагаар 15 орчим метр өндөр тэр овоон дээрээс хотын байдал ил харагдана. Дээр нь шургааг зоож, Монголчууд л болсон хойно хадаг самбай ороож “чимжээ”. Хүндэтгэж байгаа нь энэ байх даа!
Манай Бундхорол үүнийг суварга гэж тайлбарлаад, энэ орчмоос буддын шашны эд өлөг их олддог. Бурхны шашинтай байсны улс мөр гэж тайлбарлав. Гэвч... Аливаа газар очоод, хараад бүхнийг мэдэх биш, буцаж ирээд үзсэн харсан, ой тойнд үлдсэн, авсан зураг сэлтээ үзэж, эх сурвалж ухаж, харьцуулж, тодруулж сэтгэлийн цэнгэл эдлэх нь бас л сайхан шүү!
 
 
 
Уйгурын хаант улсын үе бол Төв, дорнод Азийн улсууд баруун этгээдээс бурхны шашин авч байсан үе л дээ. Тан, Түвд, бас нүүдэлчин овог аймгууд... Уйгурууд тэр үед хүчирхэгжлийн оргил үедээ байсан Түвдтэй өрсөлдөж байж. Гэхдээ тэд буддизмыг биш маанийн шашин буюу манихейзмыг авсан байна. Энэ манихейзм бол их бүдүүн тоймолбол хуучин Персийн зороастерийн шашин ба Энэтхэгийн брахманизмын (бярманы шашин) хольцолдоон юм.
 
 
 
Өрнө дорногүй маш хол, хүчтэй дэлгэрсэн шашин л даа. Энэ шашны ул мөрийг дэлхийн аль ч томоохон шашнаас олж болно. Бүр загалмайтны хуучин урсгал, исламын шашин, Түвдийн хар малгайтны урсгал-бон, хятадын дао, манай бөө мөргөлөөс ч олддог. Үүн дээр Кушанидын буддизм хольцолдоод маш эрээн мяраан шашин төв азид тархсан юм. Тиймээс эндээс бурхны шашны “гэмээр” эд өлөг олдох нь аргагүй...
Харин энэ өндөрлөг харуулын цамхаг уу? суварга уу? маничуудын шохоорхдог овоо юу? гэдгийг судлаачид л тогтоох байх. Ийм л нууцыг энэ хиймэл цонж хадгалж байна даа... Хэрэв “Аан, буддизмын суварга байж...” гээд орхивол юу нь сонин гэж? Харин Уйгурууд манихейн шашинтай байсан шүү дээ гэж бодвол огт өөрөөр харагдана... Үүнийг жуулчдад хэлж өгвөл сонирхоно. Тэгэхгүй бол жуулчид буддист улсын, буддист соёлын өвөөр л яваад байна гэж бодоод нэг их сонирхохгүй л дээ... Тэгээд нэг тэнэг асуулт асууна, Чингис хаан буддист биш байсан байх аа?
Тийм л дээ, гэхдээ л Чингис хаанаас өмнө Монгол нутагт буддизм дэлгэрч байсан юм гээд буддизмын түүх яриад, бүхнийг бурхны шашинтай холбоод тайлбарлаад эхэлбэл “монгол нь” утаа мэт замхарчихаж байгаа юм. Үүнийг соёлын хараат байдал гэдэг юм. Үүнээс зугтаж байвал бид эрт эдүгээн дэлхийтэй холбогдоно. Нэгэнт газар дээрээс манихейзмын үлдэц “Би байна...” гээд гараад ирэхгүйгээс хойш Бундаатай ном хаялцсангүй. Бундаагийн буддизмын талаарх мэдлэг минийх болвол хэт гүн, миний манихзйемын тухай мэдлэг хэт гүехэн тулд мад сууж магадгүй.
Гэхдээ Түвдийн нөлөө Согд хүрсэн л дээ. Дорнод Ираныг Түвдүүд “Тагсиг” буюу “Ирвэсийн орон” гэж нэрлэж, өнөөгийн Тажигстан өөрсдийгөө Түвдээр нэрлэснээ зөвшөөрөх дургүй, яагаад гэвэл исламжсан учраас... Урт настай Ираны соёлын нөлөөний Согдын орыг Хорезм эзлээд тэр цагаас исламжчихсан. Эртний аричуудын зүүн этгээдээс “сак” зэрэг нүүдэлчид умардын их тал руу бууж буцаж наран шингэх зүгт нүүсэн, зарим тэндэхийн овгуудтай үлдэж хольцолдоод шинэ үндэстэнүүд бий болсон. Жишээ нь хасгийн найман аймгийн нэг нь “сак” угсаатай гэсгээд буулт хийгээд зогсоно...
 
 
 
Хот өндөр хэрэмтэй, дотроо хааны ордон тусдаа хэрэмтэй, хэрэмний гадуур Орхон голоос татсан хамгаалалтын усан сувагтай, сувгийн гадна харуулын цамхагуудтай маш зөв төлөвлөсөн хот байжээ. Шар шавраар тоосго цохиж хэрэм, цамхаг, суваргыг өрсөн ба цуулсан модоор яс мод зангидаж байсны ул мөр өдгөө хөндий харагдах хагас тойрог хэлбэрт нүхнүүд аж. Бөх батыг бодож бүдүүн бургасаар л яс мод зангидаж байсан болов уу гэж таамаглав. Нүхний хэлбэр хэмжээг харвал шулуун хар мод их л ховор ашигласан бололтой байна. Гэхдээ том нүхнүүд байна. Бүдүүн модыг голоор нь цуулаад өргөн талыг нь доош харуулан яс мод зангидаж.
 
 
 
Хот худалдаа, гар үйлдвэрийн хэсэг, хааны ордон, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэж байжээ. Хааны орд нь урдаа, тусгайлж барьсан давхар хэрмэн дотор байжээ. Хот хойно, урдаа хоёр том хаалгатай байж. Гол хэрэм цайзны ханыг тойруулан олон харуулын цамхаг барьсан байжээ.
Хэрмийн үлдэгдэл одоо л гэхэд арваад метр өндөр, цонж цамхагийн ором байна, 14 байдаг гэнэ. Орхон голоос татсан сувгаар хотын гурван талыг усан шуудуугаар хүрээлэн хамгаалсан байжээ. Түүний гадна харуулын цамхагуудын үлдэгдэл харагдана. Ил харагдах зүйлс ховор, эдгэжээ. Харин малтлага хийсэн ором хаа сайгүй аж. Судлах л хэрэгтэй...
Төмөрлөгөөр юм дархалж байсан баримт болох лав, хавтгай хүрэл, хүрэл хайлж байсны үлдэц олдсон байна. Түрэгүүд Нируны төмөрчин-төмөр нийлүүлэгч аймаг байгаад Алтайгаас дорно зүгт тэлсэн. Тэдний цэрэг, технологийн давуу тал нь төмөр байсан юм. Төмөр хүрлээс хөнгөн тул сум хол тусна, хатуу тул илд удаан мохно. Төмөр эзэмшсэн ард түмэн хүрэл зэвсэгтнийг ааглана. Харин энэ үед төмрийн үйлдвэрлэл буурчээ?
Хэнтий, Алтайд хүчирхэгжихэд төмрийн үйлдвэрлэл нөлөөлж байв уу? Ноён уулын арын бууцнаас төмөр боловсруулж байсны ул мөр бууцыг алтны төлөө сүйтгээд хаяихсан. Төмөртэйн ордыг зөөж л байна. Алтайн бууцууд судлагдаагүй. Харин Хангай орчим төмрийн том орд нэг л санаанд буухгүй байна. Магадгүй энэ нь технологийг хойш нь чангааж байсан уу?
 
 
 
Хотын байшин барилга, хятадын соёлын нөлөөтэй, мэдээж нүүдэлчид хот байгуулалтыг тэндээс л ажиглаж мэдсэн хэрэг. 840 онд холбогдох хятад зоос олджээ. Харин эндээс олддог Уйгурын ваар сав нь Дундад Азийн нутгаас олддог сав суулгын хээтэй ижил байдгийг Уйгурын соёлд Согдын нөлөө оролцоо их байснаар тайлбарлаж болох юм. Бас нөгөө манихейзмаа мартав! Тэгэхэд Уйгур ислам шашинтай байгаагүй.
 
 
 
Хиргисүүд нар Уйгурын улсыг мөхөөн дараад Хар балгасыг ихэд эвдэн сүйтгэсэн гэдэг. Энэ их эвдрэлийн ор мөрийг одоо ч Хар балгасны байдлаас харж болно. Дотор нь олон бичигт хөшөөд байжээ. Согд, орхон-енисейн болон хятад бичигтэй. Хиргисүүдийг бас соёлын хувьд дорой гэж хэлж болохооргүй байгаа биз? Гэвч Уйгурыг үнэхээр даваагүй юм, тэднээс хиргисүүрүүд л үлдсэн. Тэгээд чимээгүй буцаад нүүчихсэн. Уйгурыг мөхөхөд говийн урд байсан шато-түрэгүүд онгуд аймаг болж, Тангийн тулгуур болж, мөхтөл нь их нөлөөтэй байгаад Киданы үеийг давтал удаан тэссэн, тэгээд Монголд ууссан. Харин Хиргисүүд Енисейн сав руу нүүгээд хожим Зүүнгарын үед Ойрадуудад шахагдан Тэнгэр уулын дунд очжээ. Мянган шахам жилийн дараа шүү!
Киданчууд Монголын тал нутгийг эрхшээх гэж Хиргисүүдтэй сүрхий дайтаагүй, тэд өөрсдөө буцсан. Тэгэхээр Уйгурууд өөрсдөө л Хиргисүүдийг харъяат болгох гэж зүтгээд гай дуудсан байх нь... Хожим, саяхныг болтол ойрадууд хэлдэг л юм, “Бурдууд дайнд хэцүү...” гэж.
“Хар балгасны зөвхөн хэрэмт хэсэг нь л бүтэн үлдэж, бусад хэсгүүд нь ихэд эвдрэн сүйдсэн ба ялангуяа баруун болон өмнөд хэсгийн хорооллууд Хар хорины тариан талбайд орж хагалагдан хотын соёлт давхрага ихээр эвдэрч сүйдсэн. Хотыг дахин барьсан буюу хожим эзлэн суурьшсан талаархи археологийн судалгааны нотлох баримт хомс. Гэвч Киданчууд дахин ашиглаж байсан шинж тэмдэг бий. Өгэдэй хааны үед монголчууд дахин ашиглаж байсныг нотлох түүхийн эх сурвалжууд нь эргэлзээтэй бөгөөд олон утгатай юм” гэж википедиад бичжээ.
 
Хэл, хил, мал гурваасаа салаад...
 
Уйгурууд нүүдэлчдийн алдааг давтаагүй гэж гурван сонин түүх үлдээж. Төвдөөс бус Иранаас шашин авч. Хятадад уусна гэж Хятадыг эзлэхээс татгалзаж. Бас баруун хойд зүгт бус урагшаа нүүж. Магадгүй Хиргисүүд баруун хойноос довтолсон тул зам хаалттай байсан биз? Гэвч тус болж явсан Тангийнхан тэднийг хядаж, бурхны шашинд орж, цөлийн баян бүрдүүдээр таслагджээ. Мал ахуйгаас холдож. Цөлийн баянбүрдэд мал адуулах тохиромжгүй л дээ. Тэгээд Шинжааны уугуул иргэдтэй холилдож кавказ төрхтэй болжээ. Хэл, хил, мал гурваасаа салсан Уйгуруудын хүчин чадал доройтов.
Түвд рүү түрэмгийлэх чадал боломж үлдсэнгүй, Хималай, Тэнгэр уул, Памираар хашигдсан уутанд орчихсон юм. Ийнхүү Уйгурууд Шинжааны элсэн цөл, Таримын сав, Хотан, Яркендын баянбүрдүүдээр таран суужээ. Тэднийг хуурай цөл, өндөр уул нурууд зааглаж, бас хамгаалж байв. Нэгдэх боломж байсангүй, үе үе том гүрнүүдийн, Түрэг нүүдэлчин овгуудын дайралтанд өртөж Чингис хааныг очиход хэдийнээ өнгөт нүдтэн болчихсон байжээ. Гэхдээ л Их хаан,түүний угсаа тэдэнд итгэж байв.
 
 
 
Уйгурын хэл-соёлын нөлөө хөрш Найман, Хэрэйдүүдэд их тусчээ. Алтайн чанад Долоон ус, Балхаш хавьд Хар кидан, түүний өмнүүр найман, түүнээс өмнүүр Уйгурууд нутаглаж байв. Нууц товчоонд “Ванхан... түүний хойно найманаас айн дутааж, Сартаул газрын Чуй мөрнөө хар Хятадын Гүр ханд очив. Тэнд нэг жил болоод бас зайлж, Уйгур нутгаар тэнэж, Тангуд газраар зайлж, таван ямаа шөрөглөн сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой, Тэмүжинд ядаж ирвэл, Тэмүжин хөвүүн, гувчуур татаж түүнийг тэжээв” гэсэн байдаг. Тэгэхээр Уйгурууд Хэрэйдтэй хөрш байж...
 
 
 
Монголчууд хэрэйдтэй, наймантай орчуулагчаар дамжиж харьцаж байсангүй. Хүчүлүг Хар Киданы эзэн суухдаа өөр хэлээр ярьж байсангүй. Уйгурууд? Уйгур хэлний нөлөө Найман, Хэрэйдэд байсан байх. Найманы Хүчүлүгийн нэр бол Эртний Уйгурын Кутлуг цол. Ванханы хүү Сэнгүмийн нэр мөн л Уйгурын хааны цолонд байдаг. Найманчууд Кидан цол хэрэглэсэнгүй. Монгол “Хан” цолтой байв. Одоо ч түүхийн маргаан явдаг. Найман, Хэрэйд түрэг аймаг уу, монгол аймаг уу? Түүхийг үзэхдээ түрэг-монголын зөрчил дээр л хараад сурчихсан бидэнд өөр аймгуудын оролцоог харах шаардлага бий. Гэтэл Түрэгүүд аль эрт хоёр тийш салсан. Уйгуруур Баруун Түргийг бүр Тэнгэр уулын чанад руу, зүүн Түрэгийг говийн цаад руу шахсаныг өмнө дурдсан. Хар Киданы нутаг харлигуудынх болсон байв.
Мэдээж Алтайн чанадаар түрэг,түрэгжсэн овог аймгууд нааш цааш нүүдэллэсээр байв.
Тохар, согдууд тэнгэр уул, Памираас уруудаж байв. Хиргисүүд Енисэйн эх рүү ухарч одсон. Дараа нь Киданчууд дорнод этгээдээс түрсэн. Баруун этгээдэд Уйгурууд байсаар байв. Гэхдээ тэд ахиж хүчирхэгжиж Алтайгаас дорно зүг нэвтэрч чадаагүй, нүүдэлчин аймгууд ба Хятадын гүрнүүдийн дарамтан дор эзнээ сольсоор байв. Гэхдээ Уйгурууд энэ үед жинхэнэ буддист болоод элсэн далайн дунд энэрэнгүй бурхныг хамгаалж байв. Хятадууд Ланжоугийн бэхлэлтээ хадгалж, Хөх нуурыг алдахгүй зуурсаар л байсан. Угаасаа энэ нутаг ийм л хувь заяатай, бүр Хүн, Цин, Түвдийн дарамтанд байсан Гүшийн хаант улсын үеэс... Хэрэв хойшоо долоон ус, Балхашийн хөндий рүү гарч чадвал уудам орон зайд чөлөөтэй сэлгүүцэх болно.
Ийнхүү удсаар Уйгурууд нүүдэлчдийн эгнээнд буцаж ирэв.
1267 онд Юань улсын нийслэлийг “Ханбалык” буюу Хааны хот хэмээн уйгураар нэрлэж байв. Тэртээ Согдууд Уйгуруудыг ятгаж Хятадыг эзэмших хүсэл энэ удаад биелсэн мэт байлаа. Уйгур түшмэлүүд улсын татвар, сан хөмрөгийн албанд дэвшин зүтгэсээр байлаа. Тэдний нэр их гүрний сүрийг даган түгээмэл түүхэнд олноор үлджээ.
Юань гүрэн унсны дараа ч феодалын бутралын төгсгөл үеийг хүртэл Монголын хааны ордонд орж гарч, ислам шашинтай ч худ ураг болж, нөлөөтэй байв.
1412 онд Буняшир хааныг Бэшбалык руу явах замд Ойрдын Батула чинсан хөнөөж, Юан улсын хааны тамгыг булаан авч Хархорум хотыг эрхэндээ авч байсан домогтой. Уйгуруудын нөлөө Мандуул хааны их хатан Уйгудын Бэгэрсэн тайшийн охин их хамарт Юнгэний үед сүрхий өсөж, Уйгурын Исмэл тайш баруун түмний жонон Баянмөнхийг довтлон хөнөөж, Шихэр тайхуг өөртөө авснаас хойш гэнэт замхарчээ. Даян хаан тэднийг Монголын асуудлаас эгнэгт холтгожээ. Гэхдээ Даян хаан ч, Мандухай хатан ч Уйгуруудыг аймаглан хядсан гэх баримт үгүй. Харин Монголын олон овог дунд олон өнгө уйгур овгууд тархмал бий. Монголын угсаатны зүй номыг шүүрдэж үзвэл тархац тодорно. Нүүдэлчин уйгур овгууд Монголд уусчээ.
 
 
 
Монголд буддын шашин нэвтрэхэд ислам шашинд орчихсон Уйгурууд дахин бүрмөсөн тасарчээ. Монголчууд уйгур хүнийг тариачин гэж хажиглах болов. Торгон замыг хянахын тулд XV зууныг хүртэл Уйгурын нутаг Бэшбалыкийн төлөө Зүүн, баруун монгол өрсөлдөж байв.
 
 
 
Монголын хаан ширээний төлөөх цуст тэмцэлд туйлдаж Алтайн чанад руу шахагдсан Ойрадууд тусгаарлахыг эрмэлзэж баруун эдгээддээ анхаарах болов. Цагадайн угсаанаас салсан уйгур албаттай Могулистаны хаад Ойрдуудтай эелдэж, умард зүгт Долоон усанд очиж нутаглажээ. XV зууны эхээр Ойрадуудад ялагдсан Узбекийн Абулхайраас ханаас салсан Цагаан ордын (аргын) Урус, Керей овгийн Жанибек султаны кайсакууд баруун этгээдээс нүүдэллэн ирж Могулистаныг дайлж, албат иргэд, нутгийг нь эзэмшиж Хасгийн их орд (жүз), шинэ хасаг үндэстэнг үүсгэсэн юм. Хасгийн их зохиолч И.Есөнбэрлин зохиолоо “Нүүдэлчид” гэж нэрлэсэн нь энэ “кайсак” буюу ислам нүүдэлчин гэсэн үгийг сануулсан мэт санагддаг. Тэр хүн өөрөө “аргын” овгийн хүн юм билээ.
Хасгууд Зүүнгарын мөхлийн дараа урагш түрэн нүүдэллэж, улмаар Хуучин Ховдын хязгаараас салгасан Алтайн хязгаарт нутаглаж, хожим Монголын баруун хязгаарт ирж нутагласан нь манай хасгуудын өвөг дээдэс билээ. Гэхдээ эхний бүлэг иргэд Завханы хойгуур байгаад хожим Баян-Өлгийд нутагладаг болсон билээ.
Миний харах нь манай хасгууд бол эртний уйгурын хаант улс, Могулистан, Алтан ордын хэрэйдүүд аймаг, аргын овгийн дундаас үүссэн хойчис бөлгөө! Монголын хасгууд БНХасагУлсын хасгуудаас илүү индо-европ (кавказ, түрэг) төрхтэй нь үүнтэй холбоотой байх...
Анзаарвал бид нээрээ Архангайд яваад байна аа даа, гэхдээ Өвөрхангай руу буцна, жаахан цаашлаад халуун рашаан ороод л буцна!
 
 
А.Баатархуяг