Гренландын талаарх байр сууриас нь шалтгаалан Европын найман улсын бараанд 10 хувийн татвар тогтоох шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэрэгжүүлж эхэлсэн тохиолдолд Америкийн бараанд хариу татвар ногдуулж, тус улсын компаниудын Европ дахь үйл ажиллагааг хязгаарлах тухай асуудлыг Европын Холбоо /ЕХ/ хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ тухай нэрээ нууцалсан нэгэн дипломатчийн ярьснаас эш татан Ройтерс агентлаг мэдээллээ.
Европын зөвлөлийн дарга Антониу Коштагийн мэдэгдсэнээр, ойрын өдрүүдэд Брюссель хотноо ЕХ-ны гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын ээлжит бус уулзалт болж, АНУ-ын сүрдүүлэгт хамтран хариу өгөх асуудлыг хэлэлцэх ажээ. Уг уулзалт 22-ны өдөр болно гэж Ройтерс мэдээллээ.
Ням гаргийн орой ЕХ-нд суугаа гишүүн орнуудын элчин сайд нар шуурхай зөвлөгөөн хийж, АНУ-ын талаар авах хариу арга хэмжээг хэлэлцсэн боловч тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрч чадаагүй байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, виски, нисэх онгоцны сэлбэг, шар буурцаг, шувууны мах зэрэг Америкаас нийлүүлдэг 93 тэрбум долларын бараанд хариу татвар ногдуулах бололтой.
Үүний сацуу, Гренландын талаарх АНУ-ын бодлогыг буруушааж буй Их Британи, Герман, Дани, Нидерланд, Норвег, Финланд, Франц, Швед гэсэн найман улсад 10 хувийн татвар ногдуулна гэж Д.Трамп сүрдүүлсний дараа ЕХ ба АНУ-ын хооронд байгуулсан Атлантын далай дамнасан худалдааны гэрээг Европын парламентын гишүүд соёрхон батлахгүй гэдэг нь тодорхой болжээ.
Уг гэрээнд, ЕХ-ноос АНУ-д нийлүүлж буй бараанд 15 хувийн татвар ногдуулах ба үүний хариуд европчууд Америкийн экспортод татвар ногдуулахгүй гэж заасан байна. Татварын талаар 15-ны өдөр Д.Трамп мэдэгдэл хийсний дараа дээрх 8 улс цэргийн албан хаагчдаа Гренланд руу илгээжээ. Эдгээр цэргүүд тагнуулын үүрэг гүйцэтгэж, энэ оны эцсээр тус бүс нутагт томоохон хээрийн сургуулилалт хийхээр бэлтгэхэд нь Данийн армид туслах юм.
Б.Адъяахүү
Даваа - 01 сарын 19,
2026

Сэтгэгдэл2
МАН -ын дарга нар олон арван жилийн турш оросын сөрөг хүчний мафийнхантай хуйвалдан Эрдэнэтийн зэс молибденээс хулгайлж идэцгээж байгаа. Оросын мафийнхны хулгайлсан мөнгө Америк руу гардаг харин монголын дарга нарынх гадаад офшор руу ордог.Путин энэ талаар арга хэмжээ авч энэ хулгайг таслан зогсоож энэ мөнгийг авах ёстой.
Сү Батболд гэдэг хулгайчийн хэрэг Европод үүсгэгдээд шалгагдаж байхад нь Хүүүрсэг гэдэг хулгайч Европ руу бичиг явуулж хэргийг хаалгаж байсан.