“Хэрвээ хэн нэгэн би үхлээс айхгүй гэж хэлж байгаа бол тэр хүн худлаа ярьж байна гэсэн үг. Эсвэл тэр хүн Гүрха цэрэг л байж таараа” (Энэтхэг улсын ЗХЖШ-ын дарга асан Маршал Сэм Манекшав)
Анх 1814-1816 оны хооронд болсон Англи, Балбын дайны үеэр Английн арми Гүрха цэргийн дайчин чанар, эр зориг, тэсвэр хатуужлыг гайхан биширсэн гэдэг. Зэвсэглэл, ар талын хангалт маш муу, ихэнх дайчид нь уламжлалт Кукри махир хутга, сэлэм, жадаар зэвсэглэсэн Гүрха цэрэг Английн хааны мэргэжлийн армид ихээхэн хохирол учруулжээ. Дайн дууссаны дараа Английн арми Гүрха дайчдыг өөрийн армид элсүүлж Гүрха цэргийн анхны хороог байгуулсан байна. Гималайн уулсын хатуу ширүүн байгаль, цаг уур, хүнд хэцүү амьдрал дунд өссөн амьдралын өвөрмөц хэв маягтай, тэсвэр хатуужил, дайчин чанартай Гүрха цэрэг бусад орны дайчдаас ялгардаг онцлогтой аж. Нөгөө талаас ахмад хүнээ хүндэтгэх дээдлэх ёс уламжлал, хүмүүжил нь тэднийг эелдэг зөөлөн харьцаатай, нөхөрсөг гэсэн тодотголтой болгожээ.
 
 
 
Одоо Английн армид Гүрхагийн хоёр хороо байдаг бөгөөд эрэмгий дайчин байдал, үнэнч шударга зан, тэсвэр хатуужлаараа дэлхийн улс орнуудын хамгийн шилдэг мэргэжлийн цэргийн тоонд зүй ёсоор багтдаг. Английн арми нь жил бүр Гүрха бригадад алба хаах 220-300 хүртэлх орон тоонд сонгон шалгаруулалт явуулдаг бөгөөд дунджаар 28.000 хүн өрсөлддөгөөс харахад жинхэнэ шилдэг нь шигшигдэж үлддэг аж.
 
 
 
Балба залуусын хувьд Английн армийн Гүрха бригадад алба хаах нь өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг үргэлжлүүлэх нэр хүндтэй, эрхэм үүрэг төдийгүй нөгөө талаас дээрх бригадад алба хааснаараа амьдралын баталгаатай болдог байна.
Гүрха цэргийг мэдлэг, боловсрол, бие бялдар, эрүүл мэндийн байдал гэсэн үндсэн 3 шалгуураар сонгодог. Шалгалтыг Английн армийн офицерууд авах бөгөөд Гүрха бригадын офицер, ахлагч нар туслах үүрэг гүйцэтгэдэг. Сонгон шалгаруулалт нь ил тод, шударга, ямар нэгэн танил тал, ар өврийн хаалга, заль мэх, хээл хахуульгүй явагддаг. Дээрх үйлдлийг гаргахыг оролдсон тохиолдолд оролцогчийг шалгаруулалтад дахин орох эрхгүйгээр шууд хасдаг. Учир нь эрэлхэг, дайчин өвөг дээдсийнхээ амь нас, цус, хөлс, зүтгэл дээр бий болсон 200 гаруй жилийн түүхтэй нэр алдрыг хадгалж, хамгаалж чадах жинхэнэ Гүрха цэрэг хийгээд Английн армийн нэр хүндийн баталгаа болсон жинхэнэ цэрэг эрийг сонгон шалгаруулахад чиглэдэгт оршдог ажээ.
Сонгон шалгаруулалтад оролцогчдод Балба улсын иргэн байх, бүрэн бус дундаас дээш боловсролтой, 162 сантиметрээс дээш өндөртэй, 50 килограммаас дээш жинтэй, 17-21 хүртэлх насны эрэгтэй, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил сайтай байх шалгуур тавьдаг. Сонгон шалгаруулалтад 17-21 нас хүртэлх буюу нэг хүн наснаасаа шалтгаалан нийт 4 удаа оролцох боломжтой бөгөөд Балба залуучууд сонгон шалгаруулалтад тэнцэхийн тулд жилийн өмнөөс эхлэн бэлддэг байна.
Сонгон шалгаруулалтыг орон нутгийн болон төвийн гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд шалгаруулалт тус бүр хасагдах журмаар явагддаг. Мэдлэг, боловсролын түвшинг тогтоохдоо холбогдох баримт бичгийг үндэслэн англи хэлний болон "IQ"-ийн шалгалт, математикийн шалгалт, ярилцлага зэргээр авдаг. Ярилцлагын үед мэргэжлийн сэтгэл зүйч асуултад хэр үнэн бас ухаалаг хариулж байгааг харгалзан дүгнэдэг байна.
 
 
Эрүүл мэндийн үзлэгээр нэлээд хувь нь хасагддаг бөгөөд энэ нь Балба улсын нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарын хөгжилтэй шууд холбоотой гэж үздэг. Учир нь ихэнх оролцогчид шүд, элэгний вирус, хеликобактери, сүрьеэ, ходоодны үйл ажиллагаа муу гэсэн оноштойгоор хасагддаг байна.
Биеийн тамирын шалгалтыг 2 километр зайг 8 минут 15 секундэд, 800 метр зайг 2 минут 40 секундэд гүйх, дүүжинд суниах, 2 минутад доод тал нь 70 удаа гэдэсний таталт хийх, хурд, тэсвэр хосолсон цогцолбор дасгалууд, 35 килограммыг нэг удаагийн оролтоор огцом дээш өргөх болон 20 литрийн хоёр савыг 120 метр зайд газар тавихгүйгээр хамгийн бага хугацаанд хүргэх дасгалууд багтдаг.
Хамгийн хүнд дасгал буюу Доко гүйлт нь 15 килограмм ачаатайгаар 6 километр зайг 50 хүртэлх градусын налуу уул өөд өгсөж, 50 минутын дотор туулдаг онцлогтой. Доко нь Балбын сүлжмэл сагс бөгөөд энэхүү сагсанд чулуу хийж үүрдэг байна. Эгц өндөр уул өөд өгсөж гүйдэг учраас сагсыг үүрэхдээ давхар духныхаа урдуур уяагаар тойруулж бэхлэх ба урагш бөхийснөөр нуруунд ирэх ачааллыг бууруулдаг аж. Доко гүйлтийн холын зай, ачааны хэмжээ нь хэд хэдэн удаа өөрчлөгджээ. Жишээлбэл, өмнө нь 5 километр замыг 25 килограмм ачаатайгаар 46 минут, дөрвөн километр замыг 35 килограмм ачаатайгаар 35 минутад туулдаг байжээ. Биеийн тамирын шалгалтад секунд, доль бүр нь үнэ цэнтэй бөгөөд хамгийн бага хугацаанд туулснаар нь байр эзлүүлнэ.
Сонгон шалгаруулалтын төгсгөлд нийт оролцогчдын 4 хүрэхгүй хувьд нь л Гүрха цэрэг болох аз завшаан тохионо. Гүрха бригадын шинэ цэргийн анхан шатны болон ерөнхий бэлтгэл Англи улсын армийн шинэ цэргийн сургалт бэлтгэлтэй харьцуулахад харьцангуй удаан буюу 9 сар хүртэлх хугацаагаар үргэлжилж, төгсгөлд нь Английн хатан хаанд тангараг өргөнө.
 
 
 
Гүрха цэрэг доод тал нь 15 жилийн хугацаагаар алба хаана. Алба хаах хугацаандаа Английн армийн цэргийн алба хаагчтай адил бүх цалин хангамжийг авч, Балба улсын үндэсний болон шашны баяруудаар амарна. Шинээр хүүхэдтэй болоход 11 хоногийн цалинтай чөлөө, 3 жил алба хаасны дараа 5 сарын цалинтай амралт эдлэх бөгөөд ирэх, буцах онгоцны зардлыг Английн арми хариуцдаг байна.
 
 
 
Английн армид алба хаасны дараа Гүрха цэрэг нь Балба улс руу заавал буцах ёстой. Эх орондоо очоод тэтгэвэрт гарахад тэтгэврийг нь тус улсын төрийн албан хаагчийн албан тушаалын дундаас дээш зэрэглэлтэй дүйцүүлэн тогтоохоос гадна санхүүгийн эх үүсвэрийг бий болгосон механизм Англи, Балба хоёр улсын дунд бий болоод олон арван жил болж байна.
Дэлхийн I дайнд Их Британийн арми Гүрха цэргийн 33 хороо, II дайнд 43 хороотой байснаас нийт 220.000 Гүрха цэрэг дайнд оролцож 40.000 нь амь насаа алджээ. Гүрха бригад нь Афганистан, Ирак, Бруней, Хойд Македонийн Бүгд Найрамдах улс, Бангладеш, Филиппин, Косово, Сьерра Леон, Кипр, Зүүн Тимор, Малайз, Босни, Энэтхэгт үүрэг гүйцэтгэсэн. Гүрха цэргийн эрэлхэг, дайчин байдалтай холбоотой домог, түүх мэт олон зуун үйл явдал амнаас ам дамжин яригддаг. Тухайлбал, 1982 онд Фалклэндын арлуудад болсон Англи, Аргентиний зэвсэгт мөргөлдөөний үед ширүүн эсэргүүцэл үзүүлж байсан Аргентины Зэвсэгт хүчин Гүрха бригад ирж яваа мэдээ авмагц үг дуугүй бууж өгсөн гэдэг. Дээрх үйл явдлыг цэрэг-улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй шийдвэр байсан гэж ойлгох боловч нөгөө талаас Гүрха бригадын сүр хүч, алдар суу зохих нөлөө үзүүлснийг үгүйсгэх аргагүй гэлтэй.
Хамгийн сүүлд буюу 2008 онд Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байсан Гүрха цэрэг ганцаараа Талибуудтай тулалдан 30 гаруйг нь устгаж, нэмэлт хүч иртэл харуулын цэгээ хамгаалж, эрэлхэг гавьяа байгуулсан учир Английн хатан хааны "Загалмай одон"-гоор шагнуулжээ.
Өнөөдөр Сингапур улсын цагдаагийн тусгай анги, Малайз улсын хамгаалалтын албанд Балба улсаас шилж авсан Гүрха цэргүүд үүрэг гүйцэтгэж байна. Сингапурын цагдаагийн тусгай ангид 1800 Гүрха цэрэг алба хаадаг бөгөөд тэднийг ихэвчлэн "вип" хамгаалалт болон олон улсын чанартай онцгой үйл явдлуудад мөн дотоодын үймээн, цуглааныг дарахад ашиглах зорилготой байдаг. Тэд уламжлалт кукри махир хутгыг байнга зүүх бөгөөд Гүрха дайчдын уламжлалаар кукри хутгыг хуйнаас нь сугалсан л бол цусанд дүрэх ёстой гэдэг яриа байдаг аж.
Хамгийн сүүлд буюу 2018 оны 6 дугаар сард болсон АНУ-ын Ерөнхийлөгч Донольд Трамп болон БНАСУ-ын удирдагч Ким Жон Ун нарын Сингапурт хийсэн уулзалтын ерөнхий хамгаалалтыг Сингапурын цагдаагийн тусгай ангийн Гүрха тасаг хариуцан ажиллажээ.
Нэгдсэн үндэстний байгууллагад ч гэсэн Балба цэргийн нэр хүнд өндөр бөгөөд өнөөдрийн байдлаар НҮБ-ын энхийг сахиулах 43 ажиллагаанд нийт 130882 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсний дийлэнх хувийг түргэн байрлах хүчин, явган цэргийн бүрэлдэхүүн эзэлж байна. 1958 оноос хойших НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нийт 68 Балба цэрэг амь насаа алдаж, 66 цэрэг хөгжлийн бэрхшээлтэй болжээ.
Гүрха цэрэг болон Балба улсын Зэвсэгт хүчний алба хаагч нь цэргийн мэргэжлийн бэлтгэл, сэтгэл зүйн хувьд харилцан адилгүй, хоёр тусдаа ойлголт боловч Балба үндэстний дайчин чанар, үнэнч шударга байдал, тэсвэр хатуужил тэдний цусанд нэвт шингэсэн нь маргаангүй үнэн билээ.
Аймхай, хулчгар байснаас үхсэн нь дээр гэсэн уриатай Гүрха цэргийн тухай товч өгүүлэхэд ийм байна.
 
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Батлан хамгаалахын атташе хурандаа М.БАТЧУЛУУН