1945.10.20. БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулсан бүх ард түмний санал асуулга. 
Гэрэл зургийг: ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн архивт хадгалагдаж буй баримт.
 
Жил бүрийн аравдугаар сарын- 20  монголчуудын хувьд жирийн биш өдөр.  Дундад иргэн улсын /Хятад/-ын харъяанд байсан БНМАУ “Бүх ард түмний санал асуулга”-аар тусгаар тогтнолоо олж авч, туурга тусгаар Монгол Улс болсон бахархалт өдөр. Гэтэл энэ өдрийг төр, засаг маань “унтаж” өнгөрүүлэв.
Уг нь энэ өдрийг марталгүй  мөнхжүүлэн тэмдэглэж  байх тухай  Ерөнхийлөгчийн зарлиг  2007 онд гарсан байдаг. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр  Монгол Улсын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтын 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд хэлсэн үгэндээ “...Энэ өдрийг цаашид түүхэн энэ явдлыг дурсах, мөнхжүүлэх үүднээс төдийгүй улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа бататгах, эх орон, бүс нутаг, нутаг орон, хот тосгодоо хөгжүүлэх арга замын тухай нээлттэй өргөн хэлэлцүүлэг, бүтээлч хөдөлгөөн өрнүүлдэг, иргэдийн саналыг засаглалын бүх төвшинд сонсох “Нээлттэй хаалганы өдөр болгох” ...” талаар санал дэвшүүлж байв. Улмаар санал, санаачилгыг олон түмний зүгээс дэмжиж байгаа байдал, түүнийг нийт нийгмийн хэмжээнд зорилго, чиглэлтэйгээр тогтмол хэрэгжүүлж байх шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэг  дэх хэсгийн гуравдугаар заалт болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь заалтыг үндэслэн буулгасан зарлигийнхаа нэг дэх хэсэгт: “БНМАУ-ын тусгаар тогтнолын талаархи асуудлын талаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай” БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны түүхэн шийдвэрийн дагуу Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан ард түмний санал асуулгыг явуулсан өдрийг тохиолдуулан Засгийн газар, орон нутгийн удирдлага, тэдгээрийн харъяаны бүх шатны байгууллага, албан тушаалтнууд бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын санал, зөвлөгөөг сонсч тусгах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 20-нд орон даяар “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосугай” гэсэн байдаг.
 
Үүнээс хойш Засгийн газар жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр бүх, яам, агентлагийн хэмжээнд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж хэвшээд байсан юм. Гэтэл  төр, засаг энэ удаа түүхт өдрийг тэмдэглэхгүй байлаа гэхэд  хүндэтгэл үзүүлэх, мэндчилгээ дэвшүүлэх, ард түмэндээ сануулах, уриалах үүргээ  ч биелүүлсэнгүй. Өнөөдөр монголчууд  дайн, тахалд нэрвэгдээгүй. Дэлхий нийтийг хамарсан “Covid-19”-ийн  халдварыг дотооддоо алдаагүй. Улс төрийн  хоёр ч сонгуулийг бужигнаж өнгөрүүлсэн.  Дээр нь  найр наадмыг хавтгайруулан  тэмдэглэсээр  байгаа. Тэгэхээр эрх баригчид энэ өдрийг мартсан уу, эсвэл зориуд мартагнуулав  уу. Хэрэв  санаатай үйлдэл бол ийм эрх баригчидтай байх уу, үгүй юу гэдэг асуудал нь өөрөө  Бүх ард түмний санал асуулга явуулах шаардлагатайг сануулж  байна бус уу.
 
 
 
1945 оны аравдугаар сарын 20-ны өдрийг нэхэн сануулахад,  улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан байдаг. Тухайн үед монголчуудын тал хувь нь бичиг үсэгт  тайлагдсан байсан тул санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан түүхтэй.
 
 
 
 
Санал хураалтын өмнө ухуулга таниулгын хуудсыг Улаанбаатарт хэвлүүлж, орон нутагт тарааснаас гадна улс даяар 13 мянган удаа хурал цуглаан зохион байгуулж малчин, ард, ажилчин, сэхээтнүүдийг оролцуулсан байна.  Бүх нийтийн санал асуулгад 483291  хүн саналаа өгсөн нь сонгуулийн эрхтэй нийт хүмүүсийн 97.8 хувь бөгөөд 100 хувиар Монголын  ард түмэн  улсынхаа тусгаар тогтнолыг баталж саналаа өгсөн бөгөөд татгалзсан нэг ч хүн гараагүй байна.
1945 оны арваннэгдүгээр сарын 10-нд  санал хураалтын дүнг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид  батлан, түүнийг хэвлэлд нийтэлж, ЗХУ болон  Хятадын Засгийн газарт тус тус мэдэгдсэн байдаг.
Түүхт энэ өдөр Монголын ард түмэн төрийнхөө эрхийг барих эрхтэй гэдгээ  давхар баталгаажуулсан юм. Тэгвэл өнөөдөр энэ эрх нь  Монголын ард түмэнд хадгалагдаж үлдсэн үү. Хүссэн үедээ Бүх ард түмний санал асуулга явуулах эрхтэй юу гэдэг асуулт бий. Тодруулбал,  2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд УИХ –ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанаар Н.Батбаяр нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж байв. Харин Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг чамгүй удаан хэлэлцсэн ч С.Баярцогтын  гаргасан горимын саналын дагуу ямар нэг шийдвэрт хүрэлгүй, хэлэлцүүлгийг нээлттэй үлдээж байв.Иймд  хуулийн төсөл өргөн барьсан гишүүн Н.Батбаяр хэлэхдээ  “Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасны дагуу ард түмэнд эрхийг нь эдлүүлье. Санаа зовоосон олон асуудлыг олон түмнээр шийдүүлье гэсэн юм. Ардын нам яагаад ард түмнээсээ асуухаас айгаад байгаа юм бэ. Төр, түмэн олон хоёрын дунд түймэр дэгдэх гээд байна” хэмээн шүүмжлэлтэй хандаж  байв.
2017оны ьавдугаар сарын 31-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулгыг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч хойшлуулах шийдвэрийг  УИХ гаргаж байв. Гэхдээ бүх нийтийн санал асуулга зохион байгуулах асуудал бүрэн хаагдсан гэж ойлгож болохгүй, энэ ажлыг илүү төгөлдөржүүлэхийн тулд ийм алхам хийсэн гэж УИХ-ын дарга мэдэгдэж байлаа.
 
 
 
2019 оны есдүгээр сарын 7-нд МАН-ын бүлгээс  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ард нийтийн санал асуулга явуулахаар болсныг мэдэгдсэн. Гэвч  тэр нь  “Зөвлөлдөх санал асуулга” гэх  нэртэй вакум орчны яриа хэлцэл  болоод  өнгөрсөн.  Үүний дүнд 2019 оны арваннэгдүгээр сард УИХ-д 65 суудал авсан Ардын намын 62 гишүүний өргөн барьсан  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн  төслийг хэлэлцэн баталсан юм. 
 
 
 
Судалгаанаас үзэхэд “Сүүлийн жилүүдэд манайд улс иргэний оролцоотой нийгмийн загварын тухай ихээхэн ярих болсон. Төрийн захиргааны байгууллагууд иргэнд илүү нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулах, аливаа бодлого, шийдвэрийг гаргах, хэрэгжүүлэхдээ иргэний оролцоог хангахыг хичээх болсон. Гэхдээ иргэний оролцоог хангаж байгаа хэлбэр, үйл ажиллагаа нь харилцан адилгүй, чанар, үр дүн нь хүссэн хэмжээнд хүрэхгүй байх нь нийтлэг байна”  гэж  Улс төрийн боловсролын академийн нэр бүхий судлаачид дүгнэсэн байна.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин