sonin.mn

ПАРИС, 2026 оны гуравдугаар сарын 30 /Kazinform/. “Frozen” хүүхэлдэйн кинонд зориулсан “Disney” компанийн сэдэвчилсэн бүс болох “World of Frozen” Парисын “Disneyland” паркт ням гарагт нээгджээ. Шинэ бүс нь паркийн шинэчлэлийн гол хэсэг бөгөөд үүний хүрээнд "Walt Disney Studios Park"-ыг "Disney Adventure World” хэмээн шинээр нэрлэжээ.


Хоёр тэрбум еврогийн өртөгтэй өргөтгөн шинэчлэх томоохон төслийн хүрээнд байгуулсан тус бүсийн гол элемент нь Эльзагийн мөсөн ордон, мөн Скандинавын хэв маягаар дахин бүтээсэн тосгон бүхий Аренделийн хаант улс юм. 


Энэхүү өргөтгөл нь Парисын “Disneyland” -ын 34 жилийн түүхэн дэх хамгийн том өргөтгөл болсон бөгөөд "Disney” компанийн 60 орчим тэрбум ам.долларын өртөг бүхий дэлхий хэмжээний хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан байна. Мөн гуравдугаар сарын 18-нд албан тушаалдаа томилогдсон тус компанийн шинэ тэргүүн Жош Д’Амарогийн оролцож буй анхны томоохон үйл явдал болжээ. 


“Disney”-н мэдээлснээр, амралт зугаа цэнгэлийн паркийнх нь уг салбар нь өнөөдрийн байдлаар үйл ажиллагааны ашгийн талаас илүү хувийг бүрдүүлдэг орлогын гол эх үүсвэр хэвээр байна. 


Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон "Disneyland"-ыг Европын аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлоод, шинэ өргөтгөл нь 1000 орчим ажлын байр бий болгоно гэдгийг дурдаж, төслийн ач холбогдлыг онцолжээ. 1992 онд нээгдсэнээс нь хойш тус паркаар 445 сая гаруй хүн зочилсон бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 13 тэрбум еврогоос давжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг