sonin.mn

УИХ-ын гишүүн, "Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариулав.


Тэрээр: "Ямар үндэслэлээр, ямар чиг үүрэгтэй ажил санал болгож байгаа вэ? Хэрэв хамтран ажиллана гэвэл яг ямар үр дүнд хүрэхийн төлөө хамтрах гэж байгаа юм бэ гэдэг нь тодорхой байх ёстой. Энэ нь албан тушаалын төлөөх асуудал биш гэдгийг онцлон хэлье.


Би Г.Занданшатар даргын урилгыг хүлээн авч, асуудалд ажил хэрэгч байр сууринаас хандсан. Д.Амарбаясгалан бид нар юу ярьж байгаа нь бусдад ямар хамаатай вэ? Бид байнга уулзаж, байнга ярилцдаг. Улс төрд хамтрах үедээ хамтарч, санал зөрөх үедээ өрсөлдөж ирсэн нь ч нууц биш.


Засгийн газрын бүтцийг цомхотгох шаардлагатай гэж үзэж байна. Гэвч Засгийн газрын бүтцийн тухай хууль нь улсын төсөвтэй нягт уялдаатай байдаг. Тиймээс энэ асуудлыг хамтад нь авч үзэх үү, эсвэл 2027 оны төсвийг хэлэлцэх үед давхар хөндөх үү гэдэг нь холбогдох удирдлагын шийдэх асуудал юм. Миний өмнө нь дурдсан найман үндэслэлийн нэг нь ч энэ асуудал юм. Албан бичиг ирэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөн намын удирдлагын түвшинд ямар байр суурь илэрхийлж байгааг би шууд хэлэх боломжгүй ч удирдах зөвлөлийн хүрээнд хэлэлцэгдэх байх.


Хэрэв хамтын ажиллагаа эхэлбэл, гүйцэтгэх ажил, чиг үүрэг нь юу байх, баг хэрхэн бүрдэх, улс төрийн шийдвэр гаргах эрх чөлөө ямар түвшинд байх зэрэг нь тодорхой байх шаардлагатай.


Өчигдөр Г.Занданшатар дарга бага хурлын үеэр “надад Засгийн газрын багаа бүрдүүлэх бодит боломж байгаагүй” гэж үнэнээ хэлсэн байна лээ. Энэ нь өнөөдрийн үүсээд буй хүндрэл, доголдлын нэг шалтгаан мөн гэж үзэж байна. Үүнийг би өмнө нь ч хэлж байсан. Би одоо ямар нэгэн зөвлөгөө өгөхөөс зайлсхийж байна. Учир нь өмнө нь Н.Учрал даргыг эрх мэдэл, бие даасан байдлаа бүрэн хэрэгжүүлэх ёстой гэсэн зарчмын байр суурийг илэрхийлсэн. Ийм нөхцөлд өөрөө зааварчилгаа өгч, үг дайж явах нь зохисгүй гэж үзэж байна. Энэ бол тухайн хүний бүрэн эрхийн асуудал тул хүндэтгэлтэй хандах нь зүйтэй. Монгол Улс нь хаант засаглалгүй, улс төрийн намуудаар дамжуулан төрөө бүрдүүлдэг тогтолцоотой.


Төрийн удирдлага, зохион байгуулалтыг намууд сонгуулийн үр дүнд үндэслэн бүрдүүлдэг нь олон улсын нийтлэг жишиг юм. Харин хаант засаглалтай улс оронд энэ нь огт өөр зарчмаар явагддаг. Хуулийн төслийн тухайд, би Н.Учрал даргатай санал солилцож, үзэл баримтлалын үндсэн агуулгыг товч танилцуулсан.


Дараа нь төслийг Тамгын газарт хүргүүлж, мэргэжлийн хуульчдын дүгнэлтэд тулгуурлан ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Одоогоор тэдгээр хуульчидтай хамтран ажиллаж байгаа бөгөөд албан ёсны хариу хараахан ирээгүй байна. Амарбаясгалан даргатай уулзах үеэр ч мөн энэ асуудлыг хөндөн ярилцсан. Учир нь нам доторх зөрчил, хагарал нь улс орны хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд тал талын удирдлагуудаа дэмжиж, ялангуяа Н.Учрал даргын ажлыг дэмжин, тогтвортой ажиллах нь чухал гэж үзэж байна." гэлээ.


Б.Төгсбаясгалан