РОМ, 2026 оны гуравдугаар сарын 30 /Xinhua/. Италийн хойд нутгийн Парма хотоос холгүй орших урлагийн музейд гарсан хулгайн үеэр Францын алдарт зураач Пьер-Огюст Ренуар, Поль Сезанн, Анри Матисс нарын гурван бүтээл алдагдсан тухай Италийн ANSA агентлаг мэдээлжээ.
Хулгай гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Мамиано ди Траверсетоло дахь Магнани-Рокка сангийн музейд гарсан байна. Тус музей нь Европын нэрт уран бүтээлчдийн бүтээлүүдийн асар их цуглуулгатай ажээ.
ANSA агентлагийн мэдээлснээр, мэргэжлийн хулгайчдын бүлэглэл музейн хаалгыг эвдэн орж, зургуудыг асар хурдан хулгайлан гарсан байна. Хяналтын камерт сэжигтнүүд нүүрээ халхалсан байдалтай бичигджээ. Хулгайд алдагдсан бүтээлүүдийн дунд Ренуарын “Les Poissons” (1917), Сезаннын “Tasse et plat de cerises” (1890), Матиссын “Odalisque sur la terrasse” (1922) зэрэг зургууд байгаа бөгөөд эдгээр нь музейн Францын урлагийн танхимд байнгын үзмэрт тавигдаж байсан, хэдэн сая еврогоор үнэлэгдэх бүтээлүүд аж. Италийн хууль хяналтын байгууллагууд уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд гарсан урлагийн томоохон хулгайн нэгд тооцогдож байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 03 сарын 30,
2026
Сэтгэгдэл0