Бид үхрийн бөөр шиг алаг хэрнээ ихрийн сэтгэлтэй олон ястны өлгий нутаг,  уулс туульсын Ховдын цэнхэр хязгаарт төрж өссөн билээ. Нутгаа гэх итгэл сэтгэлтэй торгууд 23 залуу “Торгон нутаг” клубыг 2005 онд байгуулж, олон ажил хийж байна. “Торгон нутаг” клубын тэргүүн О.Батнасан клубаасаа санаачлан хийсэн ажлын тухай сонирхуулъяа.

 


Омог түүхтэй торгуудууд их эзэн Чингис хааны торгон цэрэг байсан юм. Их хааны отгон хүү Тулуй хааны хатан Сорхогтан хатны нэрэмжит иж бүрэн тохижилттой цэцэрлэгт хүрээлэнг 300 гаруй сая төгрөгөөр төрөлх нутаг Ховд аймгийн Булган сумандаа байгуулан 2011онд Ойрадын Зоригт Увш ханы 7 метр хөшөөг босголоо.

 

Ойрадын дээдэст тооцогдох Сорхогтан хатан монголын болон дэлхийн түүхэнд Их Монгол Улсын IV үеийн хаан Мөнх, их Юань улсыг үүсгэн байгуулсан Хубилай цэцэн хаан, Ил хаант улсыг байгуулсан Хүлэг хаан, Монгол орноо эзлэн суусан Аригбөх гэсэн дөрвөн том хаан төрүүлсэн түүхтэй. Тэрбээр эмэгтэй хүний холч ухаан, зөв хүмүүжил, эрдэм номыг онцгойлон үздэг байсан тухай Персийн түүхч Рашид Ад Дин “Сорхогтан маш ухаалаг дэлхийн бүх эмэгтэйчүүдээс онцгойрон ялгарах хүн” хэмээн үнэлсэн байдаг.

 

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-ын Халимаг Улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд бидний нөхөд багтаж тус улсын нийслэлд Ойрадын Зоригт Увш ханы хоёр дахь хөшөөг босгохоор Элстэй хотын удирдлагатай гэрээ байгуулсны дүнд олон жил эзэн нь байсан Ижил Зайрын алтан тэвшид 2012 оны арваннэгдүгээр сарын 22 нд хөшөөг босгож нээлээ.

 

Хөшөөний нээлтэд Монголоос 12 зочин мөн Халимаг Улсын Байнгын ажиллагаатай Их Хурлын тэргүүн Виталий Дагинов, Халимаг Улсын Соёлын дэд сайд Раиса Дякиева. Элстэй хотын дарга Артур Дорджиев болон хотын депутатууд, ард түмний төлөөлөл оролцлоо.

 

Энэ үеэр ноён Виталий Дагинов хэлэхдээ:
-Халимагууд монголчууд нэг л ард түмэн, энэ зууны туршид газрын холыг үл хамааран өнөөдрийн үйл явдалтай золгож байна. Бидний оюун санаанд энэ үйл явдал үүрд хоногшин үлдэх болно гэв.


 Халимаг Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Иван Басангов:
-Монголын торгуудууд Халимагийн газар нутагтай түүхэн холбоотой билээ. Та бүхний бэлэглэсэн энэ хөшөө нь Монгол Оросын болон Монгол Халимагийн ард түмнийг холбосон түүхэн гүүр байх болно гэж онцлон тэмдэглэлээ.

 

Ховд аймгийн Булган сумын уугуул Е.Амаржаргал, Н.Баатаржав,Д.Жаргалсайхан, Б.Үнэнбат, Т.Алтангэрэл, Х.Бат-Эрдэнэ, Т.Тунбиш, Д.Амарсайхан, О.Батнасан нар уг хөшөөг ивээн тэтгэж өглөг буянаа хайрласны дүнд ийнхүү сүндэрлэн боссон юм. Уг ажилд тусалсан Монгол Улсаас ОХУ-ын Халимаг Улсын Элстэй хотод суугаа консул Ө.Гончигжав, Халимаг Улс дахь Монголын Соёлын төвийн тэргүүн Очиров Баатр Владимирович нартаа баярлалаа.

 


Ертөнц дахинаа дуулиан тэмцлийг тарьж эзэгнэж байсан эзэн Чингисийн удам, үр садан Ойрадын Зоригт Увш ханы хөшөөн суварга ийнхүү Ази, Европ тивд хосоор сүндэрлэлээ. Нялхсын минь дуун хадаасан, өвгөдийн минь ханаа шийрлэсэн ариун газар шороо минь дагшин байг. Сонирхуулахад Улаанбаатар хотоос Элстэй хотод уг хөшөөг аваачсан тэр шөнө бараг бороо ордоггүй хот тасралтгүй бороошин, Ханы хөшөөний сэнтийд ногоон өнгийн хорхой гурван өдөр гурван шөнө суун сахиж халимагчуудын үүх түүхээ дээдэлсэн сүүн сэтгэлд өргөл барилаа.

 

Осолдон омтгойтсоны төлөө хамтдаа гэмшин, онож хожсоны төлөө омогшин баярлаж, үлдэгсдийн өмнөөс үрэгдэгсдийн дурсгалд зориулан уг буяныг хийж, Хант улс байснаа бид бахархалтайгаар тамгаллаа. Энэ хөшөө нь халимаг монгол элэг нэгтнүүдийн уламжлалт орох гарах цагаан хаалга, Орос Монгол хоёр орны ахан дүүсийн найрамдалт харилцааны бэлгэдэл байх болно гэдэгт итгэлтэй байна.

 

Торгууд халимаг ахан дүүс тохом нэгт элгэн түмэнтэйгээ нулимстай нүдээрээ уулзан халуун дотно үгээрээ ярилцаж явахад үнэхээр л ирэхийн сэтгэл байхад Ижил мөрний усан балчааг мэт санагдан үеийн үед үсэрсэн цус үрийн үрд тасарсан яс махны барилдлагаатай ахан дүүсийнхээ үүх түүхээс дурдалтай мэт ээ.  Өнөөдөр ОХУ-ын Халимаг Улс 300-гаад мянган хүнтэй, 160000 орчим ойрадууд( торгууд, дөрвөд, хошууд, цахар) амьдарч байна.

 


Ази тивд нэвтрэх цагаан хаалга Элстэй хотод Дэлхийн Шатарын хотхон байрладаг бөгөөд дэлхийд гайхагдсан Европт хамгийн томд ордог Бурхан багшийн Алтан сүм бий. Ижил Зайрын алтан тэвшид аагтай цайгаа аягалан угтдаг улаан залаатай Ойрад ахан дүүсийн харь нутагт суурьших эхлэл 1607 оноос эхлэлтэй. Их эзэн Чингис хаанаас хойш Монголчуудын болон Ойрадуудын хоорондын зөрчил тэмцэл, Манжийн түрэмгий ноёрхолд дургүйцсэн торгуудын Хо Өрлөг ноён ус өвс нь тэгширсэн үржил шимт Ижил мөрний хөвөөнд ард олноо дагуулан 1630-аад онд нүүн очиж 140-өөд жил Торгуудын хант Улсыг байгуулан суурьшсан түүхтэй.

 

Удам дамжсан үе үеийн хаад хөрш Орос оронтой найрсаг харилцаатай олон зуун жил нөхөрлөн суурьшсан агаад Хант улсаа 47 жил амгалан тайван удирдсан Аюух ханд 1722 онд Оросын Петр I хаан бараалхан Персээр аялах тухайгаа уламжлан Кавказын улс орнуудаас өөрийнхөө аюулгүй байдлаа хангуулахаар 10 000 цэрэг гуйхад 3000 цэргээ дайчлан хамгаалуулж аян замдаа ямар ч зөрчилгүй аялсан ба Аюух хан “Орос орны төлөө сэлэмний ир, жадны үзүүр мэт зүтгэх болно” гэж хэлсэн байдаг.

 

Өнөөдөр буриад, халимаг, тува гэх монгол үндэстнүүд Орос оронд амьдарч байна. 1769 онд Орос улсын төлөө Зоригт Увш хан Торгуудын морьт отрядыг удирдан Страповоль хотын ойролцоох Калаус голын орчимд крымчүүд болон уулын 6000 орчим дайчдыг устгасан том тулаан хийж, 16 хүнийхээ амийг гарздан баатарлаг гавьяа байгуулсан байдаг.

 

Улмаар Орос орны дарамт шахалт, татвар хураамж, Торгуудын Хант улсын язгууртнуудын эрэгтэй хүүхэд бүр хатан хаан Екатеринагийн дэргэд байж христийн армид хугацаагүй алба хаах, шашинд суралцах насанд хүрсэн эр хүн бүр Орос орныг хамгаалан бусад улс орнуудтай байлдаж асар их хохирол амсах гэх мэт түмэн зовлон нөмрөх болсон тул Увш хан 1771 онд 33 000 өрхийн 170 000 орчим торгууд ойрад түмнээ дагуулан зам зуурын Орос, Киргиз, Казах зэрэг холбоотнуудын тулгаралт, өвчин зовлон, өлсөх цангахын эрхээр ихэнх хүнээ алдан эх нутаг Зүүнгартаа эргэн ирсэн түүхтэй.

 

“Алагдаж болно, ялагдаж эс болох" гэж Зоригт Увш ханы хэлж андгайлан нүүсэн энэ их нүүдэл алдаа онооны асар их дэнсийг үүтгэсэн билээ. Тааваараа амьдрах хувь дутсан ч унасан шороо минь алтан байг, уусан ус минь рашаан байг хэмээн ерөөн нүүгээд явсан ихэс дээдсийн газраар аялж явахад тогоотой цай нь аагтай ойрад ахан дүүс минь байнаа л гэдэг сайхан юм даа гэж сэтгэл өмөрч явснаа нуух юун.

 


Уг нүүдэл нь тэнгэр газрыг савсуулам, дэлхий дахиныг донсолгосон үйл явдал болсон бөгөөд Оросын нэрт түүхч Владимир Владимирцов “дэлхийн хамгийн том нүүдэл” хэмээн дуу алдан, үнэлсэн байдаг. Түүх иймийн учир бид цаг үеийнхээ төлөөлөл, цадиг түүхийнхээ эзэн нь байх ёстой. Бид зоригт хантай холбоотой түүхэн дурсгалт олон газраар аяж Лагань хэмээх 14000 орчим хүнтэй Ойрадууд амьдардаг сууринд очиж Увш ханы эцэг Дондогдаш ханы бунханд хүндэтгэл үзүүлж , Каспийн тэнгисийн хөвөөнд Бадамлянхуа цэцэг усан дээр ургадаг уг газарт босгох Бурхан багшийн 51 метр өндөр суварганд өргөл өргөх болсондоо ихээхэн бэлэгшээлээ.

 

Дондогдаш хан Торгуудын Хант Улсыг 20 жил удирдсан аж. Тэр сууринд зуд болох, өвчин зовлон ихээр гарах мэт шалтгаан болбол Их ханы бунхныг тахин, хавь ойрын хөрс шороог дээжлэн шүтэж зовлонг үтэр хурдан илааршуулдгийг нутгийнхан дурсаж билээ. Халимагчууд Дэлхийн II дайнд ихээхэн гавьяа байгуулсан боловч 1943-1957 он хүртэл Сибирт цөлөгдсөн гунигтай бөгөөд гашуун түүх ч бас бий.

 

Мэндэт гэж тохой түшин золгох ахан дүүс, буян тань дэлгэрэг гэж монгол хэлээрээ ерөөх өхөөрдөм халимаг охид хөвгүүдийг хараад газрын хол амьдардаг ч хэт дотно, ойрхон сэтгэл, ёс жаяг нь бидэнтэй ижилхэн байдагт сэтгэл баясч, бодол ханаж байлаа. Салаатай модон байдаг шиг садан төрөл Монгол ахан дүүс минь мөнх оршиг. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


Эх сурвалж: "Ховдын мэдээ"