Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр 23:00 цагийн үед коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлыг танилцуулахаар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр: "Дархан хотын хэмжээнд хийсэн 10 мянга гаруй түргэвчилсэн оношилгооны үр дүнд коронавирустэй нь тодорхойлогдсон 4 иргэн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа билээ. Тэгвэл Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хийсэн PCR шинжилгээний үр дүнд мөн дахин 4 хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдлоо.
 
Мөн Дархан-Уул аймагт дахь төмөр замын 1088 ажилтныг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. 21:30 цагийн байдлаар 878 хүнийг шинжилгээнд хамруулснаас 4 хүн сэжигтэй тохиолдол гэж гарсныг тусгаарлалтад аваад байна.
Дархан хотод хийсэн 10 мянга гаруй шинжилгээний үр дүнд коронавирусийн халдвар нь төмөр зам дагаж зөөвөрлөгдөн орж ирсэн нь тодорхой болсон" хэмээсэн юм.